А.ДОРЖХАНД
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан жил бүр хүчит бөхийн барилдаан болдог уламжилалтай. Харин энэ жил цар тахлын улмаас хөл хориотой учир хориглосон билээ. Тиймээс та бүхэндээ нэгэн бөхийн тухай дурсамжийг хуваалцаж байна.
Мөнх цаст хайрханаа мөрлөн оршдог Завхан нутаг эртнээс эр бяр нь жигдэрсэн хүчит бөхчүүдийн өлгий нутаг. Тэр дундаа Ургамал сум хүн ам цөөнтэй, говийн сум хэдий ч аймагтаа төрж гарсан бөхөөрөө эхний тавд ордог байна. Аймгийн наадмын таван түрүү, таван үзүүрийг энэ сум авчээ.
Энэ сумаас гурван сайхан аймгийн арслан төрсний нэг нь Д.Доржсүрэн арслан юм. Түүний тухай нутгийнхан нь өнөөг хүртэл дурсан ярьдаг. Тэрээр аймгийн арслан П.Өсөхбаатарын нагац ах юм. Түүний тухай П.Өсөхбаатар арслангийн аав сумын заан Н.Пүрвээ гуай олон сайхан дурсамжийг хүүрнэж байлаа.
Тэрээр “Арслан бусад бөх шиг бэлтгэл сургуулилт хийж байгаагүй ч улсын цолонд ойрхон бөх гэж ярьдаг байлаа. 1977, 1981 онд үзүүрлэж 1984 онд аймагтаа түрүүлсэн. Бие хаа их сайхан том, өндөр цэвэрхэн цагаан царайтай аргагүй л бөхийн шинж бүрдсэн хүн байлаа. Улсад ирж цөөхөн барилдаж нэг удаа гурав, нэг удаа дөрөв давсан гэдэг. Түүнийг би хувьдаа тун сайн бөх байсан гэж боддог. Барилдааны арга заль ихтэй.
Ойрын аймгуудын наадамд бол олон түрүүлсэн дээ. Миний санаанд тодхон үлдсэн нэг дурсамж бий.
Би наймдугаар ангид байхдаа Д.Доржсүрэн арслантай хамт Увс аймгийн Завхан сумын наадамд очиж барилдан хүүхдийн барилдаанд болон насанд хүрэгчдийн барилдаанд нь түрүүлж байв. Арслангийн барилдааны арга мэхээс дурсамж хүүрнэхэд манай сум 1970-1980-аад оны хооронд нэг жил хоёр наадам хийдэг байв. Нэг нь сумын наадам нөгөө нь намар “Ургацын баяр” болдог байв. 1979 оны энэ наадамд О.Балжиням аварга ирж барилдлаа. Тухайн үед тун сайн гэгдэж улсын шигшээ тамирчин байсан аварга дөнгөж 19 настай байжээ. Тэр үед Д.Доржсүрэн ах аймгийн заан цолтой байж. Харин энэ барилдаанд О.Балжинням аварга Д.Доржсүрэн ахыг амласан байна. Харин тэр хоёр барилдах гээд өртөл хашир заан залуу бөхийг барьцгүй ганц хавираад өвдөглүүлчихэж билээ. Энэ бол залуу бөхөд их сургамж үлдээж байгаа юм. Бөх хүнд хий нь арилна ч гэж хэлдэг. Нэг үгээр хэлбэл унах ёсгүй хүнд унасан, санамсаргүй алдаа гаргасан гэсэн үг юм. Арслангийн барилдаанаас залуучууд суралцсан даа гэж боддог” гэж байв.
Өв соёлын минь нэгээхэн хэсгийг тээж ийм нэгэн эрмэг хүчтэн цаст хайрханы өвөрт мэндэлж өөрийн түүхээ үлдээсэн байх юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.11.24 МЯГМАР № 225 (6450)