Б.ДОЛЖИНЖАВ
Гуравхан хоногийн өмнө Монголын урлагийн салбарт нэгэн томоохон шуугиант үйл явдал болсон нь “The Voice Of Mongolia” шоуны шилдэг оролцогчид нэгдэн шинэ хамтлаг байгуулснаа зарласан явдал байв. Ийн энэ удаагийн “Өөр зочин” буландаа “The Raisins&Nuts” буюу “The R&N” хамтлагийн ахлагч Б.Өсөхбаярыг урьж ярилцлаа.
-Сүүлийн үед манай улсын урлагийн салбар чимээ шуугиан багатай байлаа. Яг ийм үед шинэ эрэгтэй хамтлаг байгуулагдсан нь олны анхаарлыг их татаж байна. Тиймээс хамтлагийн онцлогийн талаар ярилцлагаа эхэлье?
-Уран бүтээлээ тасралтгүйгээр гаргаж байгаа эрэгтэй хамтлаг ойрын хугацаанд шинээр гараагүй. Яг ийм үед “The Voice Of Mongolia” шоуны шилдэг таван оролцогч нэгдэж хамтлаг байгуулсан нь цаг үеээ олсон гэж бодож, ихэд билэгшээж байна. Учир нь дэлхийн хэмжээний шоуны шилдэг оролцогчид болохоор ур чадвар өндөр байгаа. Хамтлаг маань И.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаяр, Э.Ганбилэг, Б.Өсөхбаяр гэсэн бүрэлдэхүүнтэй.
Э.Ганбилэгийн хувьд олон хүнд байдаггүй харизмтай, тайзан дээр биеэ авч явж байгаа нь бусдаас өөр, чадварлаг дуучин. Мөн буцалсан эрч хүчтэй хүн. Энэ зан чанарт нь тохируулж Chilli гэсэн тайзны нэр өгсөн. Харин Markyz буюу Г.Мөнх-Эрдэнийн хувьд хамтлагийнхаа хамгийн сайн дуулдаг нь. Cbass буюу И.Мөнх-Эрдэнэ маань хүн болгоны гаргаад байж чадахгүй маш гоё, суурь өнгийг гаргадаг дуучин. Түүний тайзны нэр энэ онцлогтой нь холбоотой. B2 буюу Б.Батбаяр бол тунгалаг эсвэл хагас хоолойгоор содон тембр гаргаж чаддаг дуучин. Миний хувьд тёнор хоолойтой. Тиймээс хамтлагийнхаа хамгийн нарийхан хоолойг гаргадаг. Тайзны нэр маань Daniel. Учир нь би Daniel Fox гэдэг хүнээс үлгэр дуурайлал авдаг. Мөн Daniel гэдэг нь итгэлийн эзэн гэсэн утгыг илэрхийлдэг. Гэхдээ энэ нь шашинтай холбоогүй. Хүний итгэлийг даадаг гэсэн утгатай. Мэргэжлийн тухайд Markyz /Г.Мөнх-Эрдэнэ/ тогоочоор сурч байсан, жүжигчин мэргэжилтэй. Нөгөө нь гурав маань СУИС-ийг төгссөн дуучин. Харин би урлагаас хол маркетингийн менежер мэргэжилтэй хүн. Ийм таван хүнээс бүрдсэн “The R&N” гэсэн нэгэн сонирхолтой хамтлаг Монголын урлагт шинээр орж ирлээ.
-Хоёр жилийн өмнөөс хамтлаг байгуулах талаар бодож эхэлсэн ч энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хамтлагаа байгууллаа. Ямар учраа бүрдсэн байв?
-Хамтлаг байгуулах тухай хоёр жилийн турш бодсон. Энэ хугацаанд тус тусдаа уран бүтээлээ хийхээр зүтгэж байлаа. Гэвч ганцаараа уран бүтээл хийж явна гэдэг манай Монголын урлагийн зах зээлд хэцүү зүйл гэдгийг мэдэрцгээж, хамтлаг байгуулахаар шийдсэн юм. Хоёр жилийн хугацаанд бид чөлөөт цагаараа уулзаж, тоглолтууд дээр тааралдаж байнгын холбоотой байсан. Харин дөрөвдүгээр сарын 2-нд “The City” нэртэйгээр хамтлагаараа “Mongol HD” телевизийн тоглолтод оролцохоор болж, хамт бэлтгэл хийсэн. Үүнийхээ дараа бүгдийн санаа бодол яг цав нийлж, дөрөвдүгээр сарын 4-нд “The City” нэртэй хамтлаг бүрдэж, тавдугаар сард албан ёсоор “The R&N” хамтлаг байгуулагдсан.
-Хамтлагийнхаа продюссерээр яагаад хөгжмийн зохиолч Б.Наранзуныг сонгосон юм бэ?
-Продюссер маань ямар хүн байх талаар бид удаан ярилцсаны эцэст Б.Наранзун ахыг сонгосон. Учир нь Б.Наранзун ахын байгуулсан “Leto music label” продакшн шинэ уран бүтээлчдийг бэлтгэж, тасралтгүйгээр уран бүтээлийг нь цацдаг. Мөн продюссер маань их чадварлаг, мундаг хүн. Бид Б.Наранзун ахтай гурван удаа уулзсан. Эхний удаа дуулалтаа шалгуулсан. Тэр үед “Wasabies” хамтлаг болон дуучин Наагий ахын уран бүтээл дээр ажиллаад их завгүй байсан. Гэсэн ч бид хаана явж байгаа талаар нь цаг үргэлж мэдээлэл авч байсан. Тиймээс нэг газар уулзалттай байгааг мэдээд дуусгаад гараад ирэхээр нь гэртээ урьж тухтай ярилцсан. Тэр үед бид тав хамтдаа амьдардаг байсан юм. Наранзун ах “Та нарын шийдвэрийг долоо хоног хүлээе” гэсэн. Долоо хоногийн дараа “Бид бодлоо огт өөрчлөөгүй. Нэг хамтлаг болж тасралтгүйгээр уран бүтээл хийж чадна” гээд очсон доо.
-Хамтлагийн нэрийг орчуулвал үзэм ба самар гэсэн утгатай. Хамтлагийн гишүүдийн зан чанар, өнгө аястай уялдуулж ийм нэр өгсөн гэж продюссер тань ярьсан?
-Байдаг л нэг энгийнээс илүү хүний чихэнд содон сонсогдох үүднээс продюссер “The Raisins&Nuts” гэсэн нэр өгсөн. Хамтлагийн гишүүн бүр харилцан адилгүй огт өөр зан чанартай. Тухайлбал, Chilli /Э.Ганбилэг/ их зоримог, эрч хүчтэй зангаараа хатуу самартай адил. Харин Markyz /Г.Мөнх-Эрдэнэ/ зөөлөн, чимээгүй нам гүм мөртлөө хүмүүсийн сонирхлыг татаж чаддагаараа үзэмтэй адилхан гэж зүйрлэж өгсөн.
-Шинэ хамтлаг ямар өөрчлөлт, шинэчлэлтийг авчрах бол гэсэн хүлээлт олон нийтийн дунд их байна?
-Бид ойрын таван жилдээ хамтлагаа Ази тивд таниулна гэсэн том зорилго тавьсан. Үүндээ хүрэхийн тулд хичээнэ. Хэдхэн хоногийн өмнө анхны уран бүтээлээ гаргаж, зорилгодоо хүрэх эхлэлийн цэгээ хатгалаа. Шинэ, өвөрмөц уран бүтээл гаргах эрэл хайгуулын аялалдаа бид гарсан. “The R&N” хамтлагийнхан дөрөвдүгээр сараас хойш таван уран бүтээлийг эхлүүлсэн. Эдгээрээс “So long” дуугаа бүрэн эхээр нь бэлэн болгож олон нийтэд цацлаа. Тиймээс бусад уран бүтээлүүдээ цацах ажил дээрээ төвлөрч ажиллаж байна. Өөрсдийгөө нээе гэсэн хүсэл эрмэлзэл, хамтлаг болохоос өмнөх анд нөхөрлөлийн нандин холбоо биднийг нэгдэж уран бүтээл хийхэд маш их нөлөөлсөн. Мөн “The Voice Of Mongolia” шоунд оролцож, дэлхийн түвшний том тайзан дээр гарч өөрсдийгөө нээж, бие биеэ олсондоо маш их баяртай байдаг. Энэ шоу бидэнд олон зүйлийг мэдрүүлж, ойлгуулсан асар том “их сургууль” байсан.
-Та хамтлагийнхаа хамгийн залуу нь. Гэсэн атлаа хамтлагийг зангидах ахлагчийн үүргийг үүрч байна. Энэ нь их хариуцлага шаардаж байна уу?
-Дээр дурдсанчлан дөрөвдүгээр сарын 4-нд “The City” нэртэй хамтлагаа байгуулах үед Marcyz биднийг ахалдаг байсан. Продюссертэйгээ уулзаж “The R&N” хамтлаг байгуулагдснаар намайг ахлагчаараа сонгосон. Хамтлагийн ахлагч гэж дуудуулах нэр төрийн хэрэг боловч маш том хариуцлагыг хүлээдэг гэж бодож байна. Би гэхээс илүү ирээдүйд бид мундаг нь байхын төлөө хамтдаа хичээхээр зүтгэж байна. Ахлагчийн хувьд хамтлагаа хэрхэн амжилтад хүргэж, ахиц дэвшил гаргах талаар олон зүйлийг бодож эхэлсэн.
-Анхны уран бүтээлээ энэ сарын 18-нд цацлаа. Энэ дуу маш хурдан хугацаанд бүтсэн гэж сонссон. Дуу бүтсэн түүхээс сонирхуулвал?
-Гэр бүлийнхэн, найз нөхөд, танилуудаас гадна youtube-ийн сэтгэгдлүүдийг харахад анхны дуу хүмүүст маш их таалагдсан. Клип, зураг авалт, эвлүүлэг гэсэн үе шатыг дамжаад хоёр сарын дараа үзэгчдэд хүрлээ. Бүтсэн түүх нь их сонирхолтой. Хамтлагтаа “The R&N” нэрийг өгсөн өдрөө бид хамтдаа хоолонд орсон. Дараа нь гэртээ ирээд бэлтгэл хийх үеэр продюссер маань гитараа бариад “So long” гээд аялаад байсан. Тэгээд бидэнд зориулсан анхны уран бүтээл бэлэн болсон. Б.Наранзун ах зөвхөн тухайн дуучин, хамтлагт зориулж уран бүтээл хийдэг.Цаашид хамтлагаа олонд таниулах тал дээр менежер болон продюссертэйгээ ярилцаж байгаа. “The R&N” хамтлагийн залуус дуулахаасаа өөр юу хийж чаддагаа олонд харуулахыг зорьж байна.
-Ирээдүйн зорилгоо долоон настайдаа тодорхойлж, дэлхийн хэмжээний од болсон хэмээн төсөөлдөг байсан юм билээ. Өнөөдрийг хүртэл зорилгодоо хүрэхийн тулд юу хийв. Одоо зорилгынхоо яг хаана нь яваа вэ?
-Яг одоо би зорилгынхоо дөнгөж эхлэл дээр буюу “з” үсгэн дээр явж байна. Бага анги, цэцэрлэгийн найзуудтайгаа уулзахаар “Чи жоохон байхдаа олны танил дуучин болно гэж ярьдаг байсан.Одоо үүндээ хүрсэн байна шүү дээ” гэдгийг сонсох маш сайхан санагддаг. Гэхдээ хүн хэзээ ч ханаж болохгүй. Анхны дууны клипэндээ тоглохдоо өөрийн давуу болон сул талаа сайн ажиглалаа. Тиймээс цаашид сул талаа засч, давуу талаа илүү өнгөлөн зүлгэж явах болноо.
-Та гар бөмбөг, бөх, бодибилдинг гэсэн олон төрлийн спортоор хичээллэдэг. Бас загвар өмсдөг. Гэхдээ олон хүн урлаг, спорт хоёрыг салгаж ойлгодог шүү дээ?
-Урлаг гэдэг гоо зүйтэй байхыг шаарддаг. Би сайн дуулдаг ч хувцаслалтдаа анхаардаггүй, махлаг бол хүмүүст нэг их таалагдахгүй. Миний хувьд хүн нэн тэргүүнд эрүүл байх ёстой гэж боддог. Тиймээс тогтмол дасгал хөдөлгөөн хийж, архи, согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй. Энэ нь аав ээж маань намайг зөв хүмүүжүүлсэнтэй холбоотой. Дөнгөж ухаан орсон цагаас аав хажууд өглөө бүр суниагаад, бөхийн бэлтгэл дээрээ дагуулж очдог байсан. Харин ээж маань хоол бэлтгэж ирнэ. Бөхөөр хичээллэж ялж, ялагдаж үзсэн. Ийм учраас спортод их дуртай. Нэг зүйлийг сонирхуулахад тавдугаар ангидаа солгой хоолойтой гээд урлагийн үзлэгээс хасагдаж байлаа. Харин VII ангидаа төрийн дуулал дуулаад зогсож байтал найрал дууны багш орж ирээд “Хичээлээ тараад найрал дуунд шалгуулаарай” гэсэн. Тэр үеэс хойш дуулдаг гэдгээ мэдэрсэн дээ. Үүнээс өмнө олон урсгалаар бүжиглэдэг хүүхэд байлаа. Ер нь багаасаа олон зүйлд өөрийгөө сорьдог байсан.
- Анзаараад байхад та их эерэг сэтгэлгээтэй хүн шиг санагддаг. Энэ их эрч хүчийг хаанаас авдаг вэ?
-Аав ээж хоёр намайг үргэлж дэмжиж, урам зориг өгч, хурцалж байдаг. Тиймээс гэр бүлээсээ маш их эрч хүч авдаг. Ихэнх эцэг эх хүүхэдтэйгээ ярилцахын оронд “Дуугүй бай. Том хүний ярианд битгий оролц” гэсэн хандлагыг гаргадаг. Харин миний аав ээж надтай үргэлж ярилцдаг, үг бүрийг минь анхааралтай сонсдог. Юу ч тохиолдсон шантарч, гуниглахгүйгээр, үргэлж аз жаргалтай байж, бусдад эерэг энергийг түгээхийг би хүсдэг. Учир нь тэнгэр яаж ч муухайрсан өглөө бүр нар гардаг шиг өнөөдөр ямар ч муухай өдөр байсан маргааш гэхэд бүх зүйл сайхан болно шүү дээ.
-Ганц бие гэж сонссон. Ирээдүйн ханиа ямар хүн байгаасай гэж хүсдэг вэ?.
-Найзуудын ихэнх нь сургуулиа төгсөөд гэр бүл зохиож, хүүхэдтэй болсон. Миний хувьд ойрын 5-6 жилдээ гэр бүлийн амьдрал зохиохгүй. Ирээдүйн хань маань тийм царай зүстэй байх ёстой гэсэн шаардлага тавих нь зохисгүй. Учир нь би төгс хүн биш. Харин намайг хамгийн сайн ойлгодог хүнлэг хүн байгаасай гэж хүсдэг. Хувцаслалтаа хэрхэн зохицуулах, нүүрээ хэрхэн будах, хаана хэнтэй юу ярихаа мэддэг мэдрэмжтэй эмэгтэйг сайхан эмэгтэй гэж боддог. “Мэдрэмжтэй байх нь ухаантай байхаас илүү” гэж Эйнштейн хэлсэн байдаг. Өөрийнхөө бодлыг шууд илэрхийлчихдэг, түс тас, хурц, ээж шиг минь дайчин зан чанартай эмэгтэйчүүд таалагддаг. Хэт зөөлөн эмэгтэй хүнд төдийлөн татагддаггүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.10.23 БААСАН № 205 (6430)