Б.ОЮУНЗУЛ
Энэ удаагийн “Утасны анд” буландаа Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнийг онцоллоо.
-Танд энэ өдрийн мэндийг хүргье. Та “Анна Каренина” жүжгийн Константин Левинийн дүрийг бүтээсэн. Дүрийнхээ онцлогийн тухай ярьвал?
-Баярлалаа. Хэдхэн хоногийн өмнө “Анна Каренина” жүжгийнхээ нээлтийг хийсэн сэтгэл их өндөр байна. Миний хувьд энэ жүжигт Константин Левинийн дүрийг бүтээсэн. Судлаачид энэ дүрийг янз янзаар ярьдаг. Судлаачдын сонирхлыг татсан энэ дүр надад олон зүйлийг өгч туршлага хуримтлуулж байна. Левинээр дамжуулж Лев Толстой өөрийн үзэл бодол, өөрийгөө бичсэн гэдэг. “Анна Каренина”-д тоглоно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг.
-Левинийн дүр таны өмнө нь бүтээж байсан дүрүүдээс юугаараа ялгаатай вэ?
-Ялгаатай байлгүй яах вэ. Өмнө нь тоглож байсан дүрүүдээс эрс өөр. Мэдээж Лев Толстойн роман сэтгэл зүйн роман. Эмэгтэй хүний сэтгэлийн тэр олон өнгийг гаргаж ирсэн дэлхийн хамгийн шилдэг зохиол. Тухайн зохиолыг бичихдээ хүний сэтгэлд болж байгаа бүх үйл явдлыг харуулсан. Тэр хүний хандлагыг нарийн тодолхойлж бичснээрээ энэ роман алдартай. Тиймээс ийм том романы нэгээхэн хэсэг болсондоо баярлаж байна.
-Таны дүр нийгэмд ямар мессеж өгч байгаа вэ?
-Сүүлийн үед залуус маань амьдарч байгаа нийгэм, хийж байгаа ажилдаа сэтгэл дундуур байх нь их болсон. Энэ хандлагыг багасгах урдах ажилдаа сэтгэл ханамжтай байх. Ажлаа дурлаж хийх. Хүний хэрэгт хошуу дүрдэггүй, цэгц бодолтой чин үнэнч байхыг энэ нийгмийн залууст харуулахыг хүссэн дүр юм. Тэр тусмаа хайр дурлалын тал дээр үнэнч байхыг л залуустаа харуулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.10.14 ЛХАГВА № 199 (6424)