Ч.ҮЛ-ОЛДОХ

 

УДЭТ-т нээлтээ хийгээд удаагүй Оросын алдарт  зохиолч  Л.Толстойн романаар найруулсан “Анна Каренина”  жүжиг монголчуудыг хэсэгтээ л дотогш нь шүүрс алдуулах бүтээл болжээ. Үзсэн бүхэн тайзнаас  өөрийгөө болон бусдыг олж харах учир тэр. Зарим нь уурлаж, ичиж, бясалгана. Тэр байтугай олон  юм болох  биз. Тэгээсэй билээ. Тиймийн учир энэ  “Анна Каренина”-г энэ цаг үед Монголын үзэгчдэд толилуулсан найруулагч Н.Наранбаатарт талархах сэтгэл төрнөм. Баяр хүргэх бас өөр шалтгаанууд ч байна. Хамгийн гол нь ийм  найруулагч энэ цаг үед бидний дунд байна. Жүжгийн чинад дахь агуулга, үзэгчдийн сэтгэл дотор руу сэрхийтэл шидсэн, шивнэсэн, чимээгүй хашгиралт нь үнэхээр гоё. Тэр Л.Толстойн харгис нийгэмтэйгээ хамтаар хайрлаж өрөвдөлгүйгээр галт тэрэгний доогуур хүчээр “чихчихсэн”  бүгдийг хайрлам,  дурлам Аннаг үхүүлэлгүй амьд үлдээж өгсөн хамгийн ууч, бас өөдрөг гэгээн  найруулагч юм.

Энэ сарын 3-нд нээлтээ хийсэн “Анна Каренина” жүжгийг үзэгчид нүдээ цавчилгүй, бараг  амьсгалаа түгжиж  үзлээ. Тэртээ 1800-гаад оны үед бичсэн  атал үйл явдал нь өнөөгийн манай нийгмийн араншинг “өвчөөд” тавьчихсан нь гайхалтай. Театр бол бүх цаг үеийн ариун сүм гэлцдэг. Соёлын гавьяат зүтгэлтэн,  гоо зүйн ухааны доктор С.Баясгалан нэгэнтээ “Театрт хүн хүнийг бүтээж, амьдралын сайхнаас эхлээд бараан түүхүүдийг сийлэн, түүгээрээ ард түмэнд соёл боловсрол, энэрэл хайр, уучлал, ариуслыг өгдөг учраас энэ газрыг “Ариун сүм” хэмээн нэрлэх болсон байх” гэж хэлж байв. Тэгвэл өнөөгийн бидний зугаа цэнгэлд ач холбогдол өгч гэрээ ломбардаад гоёж гангалж найрладаг явдал УДЭТ-ын тайзнаа өнгө будагтайгаа, нууж хаах юмгүйгээр тавигджээ. Бөөнөөрөө нийлж  байгаад нэгийгээ газар доогуур ортол муулж, сошиал ертөнцдөө булшилдаг бидний гаж дон хэрээс хэтэрснийг шулуухан харуулж.

Ерөөс архидалт, хүчирхийлэл, завхайрал задгайрал  нь дээд цэгтээ тулсан манай нийгмийг Л.Толстой 150 жилийн өмнө Ванга шиг л биччихэж. Түүнийг нь бид Н.Наранбаатарын мэдрэмжээр үзэж, өөрсдөөсөө  ичих, жигших ийм л сэтгэгдэл төрж байлаа.

“Анна Каренина” бол бүх цаг үеийн шилдэг зохиол. Дэлхийн өнцөг буланд түүнийг уншаагүй хүн бараг байхгүй. Дэлхийн соёлт хүн төрөлхтний уншсаар ирсэн, одоо ч уншсаар байгаа, ирээдүйд ч хэдэн мянгаар нь хэвлэж уншсаар, үр хүүхдүүдээ уншуулсаар байх  мөнх настай бүтээл. Харин хүлээж авах нь, хандах нь мэдээж  өөр, өөрийнхөөрөө байх нь дамжиггүй.

Зарим нь агуу хайрын түүх гэх, зарим нь амьдралын сурах бичиг гэж дүгнэх, зарим нь  нийгмээ  харах  нэг ёсондоо толь гэж үзнэ. Ямартай ч 18 настай уншигч Анна, Вронский гүн хоёрын гал халуун дурлалаар дүрэлзэж уншдаг бол амьдрал таньсан 25-30 насныхан нэг өөр, жамыг ухаарсан 50-60 настангууд бүр ч  өөрөөр хүлээж авдаг билээ. Нас насанд өөр өөрөөр ухаарал, сэрэл мэдрэмж өгдөг “тавилангийн цаг”-тай,  нийгмийн янз бүрийн үед “сэрүүлэг”-тэй тун сонин зохиол, гайхмаар бүтээл.

Баруун гараас Анна Каренина-тавилангийн дүрд Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд. 

Жүжгийн үйл явдал бүхэлдээ хөгшин, басхүү чинээлэг бөгөөд нөлөө бүхий  язгууртны эхнэр  Анна Каренина хэмээх  бүсгүйн зөрчилдөөнт амьдралыг үзүүлж байна. Уг нь тэр жирийн л нэг бүсгүй, нөхрөөсөө олон насаар дүү. Тэд нэг хүүтэй. Эргэн тойрондох язгууртны амьдрал бүжиг цэнгээн, архидалт завхайрал, дүр эсгэлтээр дүүрэн. Архидаж, завхайрах атлаа түүнээ нуусан,   нэг л их нэр төрөө хайрласан, бүтэн амьдралаар гоёсон багтай хүмүүс. Бүтэн амьдрал нь  нэгийгээ  хайрладдаггүйн   зовлон, араар тавилт, гашуун нулимсаар дүүрэн. Эмэгтэйчүүд нь олон хүүхэд төрүүлж,  асрагч эх, гэрийн зарц болж хөгширсөн. Эрчүүд нь зугаа цэнгэл хөөцөлдсөн энэ цагийнхаар бол  шоучид. Тэр дунд цэл залуухан  Анна Каренина л  ганцаар  Вронский хэмээх залуу гүнтэй тааралдаж хайр сэтгэлтэй болсноо, түүнтэй янаг амрагийн явдал ургуулснаа, бүр түүнээс хүүхэд олсноо шударгаар илчилдэг. Шударга байсныхаа төлөө, хайр сэтгэлдээ үнэнч байсныхаа төлөө тэрээр нийгэмдээ адлагдаж, хараалгаж, доромжлуулж, хүний нүүр харах эрхгүй,  явах газаргүй  “нарны хоригдол”  болж хоцордог. Нийгэм нь түүнийг завхай, янхан, буруу бусармаг гэж  харлуулж гутаасаар   эцэстээ Анна өөрийгөө  ч танихгүй болдог. Жүжиг эхлэхэд бас төгсөхөд тэр өөрийгөө толинд хараад “Чи хэн бэ,  чи хэн бэ” хэмээн асууж байдаг. Өнөөдрийн манай сошиал ертөнц, туйлширамтгай  нийгэм хүссэнээ хэн ч биш болгож бохирлож, бузарлаж байгаагийн  тусгалыг жүжгээс харж болохоор. Энэ бүхний эцэст нь залуу бүсгүй Анна галт тэргэнд дайруулж  амиа хорлодог.

Хайртай байна гэдэг хайртай хүнийхээ амьдралаар амьдарч, түүний сэтгэлээр бодож, түүний хүслээр үйлдэхийн нэр гэж үг бий. Агуу хайрыг мэдсэн, мэдэрсэн хүмүүс л ингэж чадах байх. Бас гэр бүлийн үнэ цэнэ гэдэг зүйл хамгийн чухал. Тэгвэл Аннагийн нөхөр хөгшин язгууртан Алексей  зөвхөн өөрийн  нэр төрийг л эрхэмлэдэг. Гэр бүлээ бүтэн авч үлдэх хүсэл байгаа ч тэр нь нэр төрөө гэх явцуу бодлоос нь хальдаггүй. Тэр Аннаг хайрлаагүй, хайрласан бол чөлөөлж болох байлаа. Ийм нөхөртэй таарсан Анна азгүй эмэгтэй хэдий ч нөгөө талаар өөрт нь  дурлаж,  түүний төлөө гал руу орохоос ч буцахгүй залуу гүн  Вронскийтой учирсан азтай бүсгүй. Гэвч хоёр нөхөртэй байж болохгүй, нийгэм нь тийм. Эцэст нь хайрандаа үнэнч байж  Вронскийг сонгосон ч залуу  гүн түүнийг төгс хайрласан уу гэдэг бас л эргэлзээтэй. Аннаг язгууртны хүрээлэл, нийгэм нь хүлээж авахгүй гэртээ ганцаараа шаналж байхад Вронский гүн түүний дэргэд  үлдээгүй. Ээжийнхээ зуучилж гэрлэх санал болгосон Сока гүнжтэй уулзаж зугаацаж явдаг. Хайр гэдэг  хамгийн ариун гэгээн. Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч А.Эрдэнэ-Очир агсны шүлэглэсэнчлэн “Алдааг нь цуглуулсан ч жаргал амтагдах” ийм л нандин. Тиймдээ ч “Хүнийг хайрлаж л  байгаа  бол алдаатай нь хамтад нь хайрла” гэж үг гарсан биз. Вронский гүн нийгэмтэйгээ зөрж тэмцээд Аннаг хайрлаж, авч суусан атал  “Хайртай хүнийхээ хүслээр үйлдэх, түүний дотоод бодол сэтгэлээр бодох тунгаах” хайрын дүрмийг зөрччихөв үү дээ гэмээр.

Л.Толстой Анна Каренинагаа амиа хорлосноор үхүүлж зохиолоо төгсгөсөн.Зохиолчийн хувьд харгис шийдэл. Гэхдээ харгис нийгмийг тэрнээс өөрөөр яаж харуулах сан билээ. Нийгэм нь хүнийг хайрлахгүй байхад зохиолч хайрлаад  бас яахсан билээ. Харин Н.Наранбаатар жүжигтээ  Аннаг үхүүлэлгүй аваад үлдсэн. Сэтгэл зүйн драм болгож найруулсан болохоор жүжиг нь ч, дүрүүд нь ч  өвөрмөц. Ингэхдээ Аннагийн зөрчилдөөнт сэтгэл, хямралт амьдрал, хоёрдмол хайрыг   харуулахын тулд хөгшин Анна, цэл залуу Анна гэсэн хоёр дүрийг бий болгосон. Нэг нь бодит Анна, нөгөөх нь заяа тавилангийн заагч буюу эрхшээгч бэлгэ тэмдэг, монголчуудын философиор бол Заяач-Анна юм даа. Монголчууд хүнийг заяа нь авч явдаг гэлцдэг. Муу яваа нэгнийг   “Тэр гэж заяа нь хаясан амьтан” гэж ярих нь бий. Яг түүн шиг Анна дотоод хүнтэйгээ зөрчилдөж, зөрөлдөж, заримдаа түүнтэй зөвлөж шийдвэр гаргаж явсан.

Хөгшин Аннаг Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд тун сонирхолтойгоор амилуулсан. Эцсийн мөчид хөгшин Анна залуу Аннагийн гараас  лааг нь аваад галт тэрэгний буудал руу цэх шийдмэг алхаж оддог. Харин залуухан, өнөөх бужигнуулдаг Анна нь шилэн хоргон дотор  амьд үлддэг. Түүний амьдралыг  шилэн хоргон доторх үзвэр мэт бусад шүүж буй. Заяач нь түүнийг аварсан уу, хаясан уу гэдэг асуулт төрж буй нь  тун сонин. Заяач бас тухайн хүнийхээ улаач нь ч гэлцдэг. Нөгөөтэйгүүр, цэл залуу, зоримог, шударга Аннад хажууд нь тулж түшээд, зааж зөвлөөд өгөх ахмадууд байсан бол гэх бодол Н.Сувд гуайн бүтээсэн Аннаг хараад өөрийн эрхгүй төрнө. Хамгийн гоё шийдэл бол Аннагаа үхүүлээгүй, Н.Наранбаатарын шийдэл.  Тийм ээ, Монголын нийгэм өнөөдөр бохироор дүүрэн байна. Гэхдээ сэрж сэхээрэх орон зай бий. Бидний дунд  алдаж, эндэж яваа олон Анна бий. Тэднийгээ галт тэрэгний доогуур “чихдэг” бид харанхуй монголчууд биш. Харин  тэднийгээ хайрлаж, өрөвдөж, үхэх гээд үсрэх гээд гүйж явахад нь халуун сэтгэлээр тэвэрч аваад үлдээж чадах агуу сэтгэл бидний нийгэмд бий. Н.Наранбаатарын тохируулсан цагны   “Сэрүүлэг” дуугарсан, бид сэрсэн. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.5 ДАВАА № 192 (6417)