Х.ОЮУНБОЛД
Төрийн шагналт Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийг 1972 онд байгуулжээ. 49 дэх улирлын нээлтээ хийх талаар Улсын филармонийн захирал С.Баттулгатай ярилцлаа.
-Энэ долоо хоногт хийхээр бэлдэж байгаа тоглолтынхоо талаар мэдээлэл өгөөч?
-Улсын филармони 49 дэх улирлын нээлтээ энэ сарын 26-нд хийх гэж байна. Энэ жилийн тоглолтын онцлог бол Төрийн шагналт “Баянмонгол чуулга” “Ганган дагшаа” тоглолтоо хийнэ. “Ганган дагшаа” гэдэг нэрнээс нь ойлгож байгаа байх. Хөгжмийн дуугаралт, зохиомж тоглолт, агуулга шинэчлэгдсэн. Хөгжимчид ч гэсэн их шинэчлэгдэж залуужсан. Тиймээс нэлээн өвөрмөц өнгө төрхтэй ганган, сонин тоглолт болно гэж бодож байна.
-Энэ удаагийн улирлын нээлтийн тоглолт өнгөрсөн жилийн тоглолтоос юугаараа ялгаатай вэ?
-Уг нь филармонийн нээлтийн тоглолтуудаа гурван том найрал хөгжимтэйгээ нэгдсэн том тоглолт хийдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд гурван чуулга маань бие дааж дангаараа онцлог байдлаар тоглолтоо хийж байгаа. Өнгөрсөн жил “Симфони найрал хөгжим” дангаараа бие дааж 48 дахь нээлтийн тоглолтыг хийж байсан. Энэ жилийн нээлтийг “Баянмонгол” чуулгынхан шинэчилсэн найруулгатай шилдэг бүтээлүүдээрээ ард түмэнтэйгээ уулзах гэж байна. “Баянмонгол” чуулгын 50 жилийн ойн хүрээнд хийсэн хос дабль цомог, пянзны бичлэгт багтсан шилдэг бүтээлүүдээсээ орсон.
-Коронавирусын улмаас зарласан хөл хорионы дэглэм цуцлагдсан. Гэхдээ тоглолтыг үзэхээр ирэх үзэгчдэд ариутгал халдваргүйжүүлэлттэй холбоотой дэглэмийг хэрхэн сахиулах вэ?
-Мэдээж ойлгомжтой. Бид хорио цээрийн үед бүх хөл хориотой холбоотой улсын онцгой комисс, Засгийн газраас гаргасан журамд заасан ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагуудаар нь хийлгэж байсан. Хэдийгээр одоо хөл хориог цуцалж үзвэр үйлчилгээний газрууд нээгдэж байгаа ч зохих дүрмийг мөрдөж байнгын үйлчилгээ цэвэрлэгээгээ хийж байна. Үзэгчдийн халууныг нь хэмжиж оруулах зэргээр дүрэм журмаа сахиж мөрдөнө. Тиймээс гайгүй байх гэж бодож байна. Мөн Улсын филармони нь 2000-3000 хүн ороод суух хэмжээний газар биш. 250 хүний суудалтай газар учраас хэдэн мянган хүн цугларахгүй байх гэж бодож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.9.24 ПҮРЭВ № 185 (6410)