Б.ДОЛЖИНЖАВ
Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, гавьяат тамирчин “King Tug” хочит Н.Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаанаа Америк тулаанч Кобиа Бридитэй өчигдөр хийж ялалт байгууллаа. Тэрээр мэргэжлийн боксын WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсний төлөө Америкийн мэргэжлийн боксчин Гари Рассель Жр-тай дахин тулалдана. Тиймээс түүний дараагийн өрсөлдөгчийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Мэргэжлийн боксын WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсний төлөөх тулаан АНУ-ын Пеннсилвани мужийн Аллентаун хотын “PPL Center” төвд хоёрдугаар сарын 9-нд болсон. Энэ тулааны дараа Гари Рассел Жр “Би олон жилийн ноёрхолоо хадгалж аварга гэдгээ баталж чадлаа. Гэхдээ Н.Төгсцогт бол миний тулалдаж байсан хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг. Би түүнийг дээд ангилалд хүмүүсийн хүлээлтэд хүрсэн тулаанч гэж бодож байна. Тэр ЖоЖо Диаз шиг сайн тулаанч гэдэг нь тодорхой. Би ЖоЖо Диазыг хүндэтгэдэг. Хэрэв Н.Төгсцогт цаашдаа энэ хэвээрээ хичээгээд байвал удахгүй ЖоЖо Диаз шиг дэлхийн аварга болно гэж би бодож байна” гэж ярьжээ.
Гари Рассел 1988 оны зургадугаар сарын 5-нд АНУ-ын Вашингтон хотын Колумбиа дүүрэгт төрсөн. Өдгөө 32 настай. “The Ring” сэтгүүл, ESPN, BoxRec, Үндэстэн дамнасан боксын зэрэглэл тогтоох зөвлөлөөс энэ оны нэгдүгээр сард гаргасан жагсаалтаар хөнгөн жингийн дэлхийн шилдэг тамирчдын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна.
Гари боскчин гэр бүлээс гаралтай бөгөөд долоон настайгаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн. Түүний аав ноён Гари Рассел болон түүний хоёр эрэгтэй дүү Гари Антонио болон Гари Антуанне нарыг ч ялагдашгүй тамирчин болгон өсгөжээ. Гари 17 нас хүрэхээсээ өмнө Америкийн үндэсний аварга шалгаруулах “Алтан бээлий” тэмцээн болон бага олимпод түрүүлж байсан. Ийн чадвараа гайхуулж АНУ-ын 2008 оны Олимпийн бүрэлдэхүүнд багтсан ч эмнэлгийн үзлэгийн үеэр жингийн үзүүлэлтэд алдаа гарснаас оролцож чадаагүй юм. Тэрээр 2014 онд Олимп дэлхийн хошой аварга Украйны боксчин Васил Ломаченког ялснаар хөнгөн жинд анх удаа аварга болж байсан юм. Энэ тулаан бол маш чадварлаг, асар их туршлагатай хоёр тамирчны өрсөлдөөн байсан. Энэ цаг үеэс хойш Гари WBC холбооны хөнгөн жингийн аварга цолыг хадгалж яваа юм.
Эх сурвалж: Premierboxingchampions.com