Б.НАМУУНТАМИР

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос өвөлдөө эртлэн бэлдэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг эхлүүлж байгааталаар мэдээлэл хийлээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл "УИХ-аар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байгаа. Мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах том зорилтыг тусган үндсэндээ батлах гэж байна. Хоёр жил хүрэхгүй хугацаанд агаарын бохирдлыг 50-50 хувиар бууруулсан. Одоо цаашлаад 80 хувьд хүргэхийг зорьж байгаа юм.

Жил бүр галалгааны улиралд угаарын хийнд хордсон 2500 хүн эмнэлэгт ханддаг. Хэвтэн эмчлүүлэх тоо 200 орчимд хүрч, 15-20 хүн эндэж байна. Ингэхдээ гэр бүлээрээ эндэх тохиолдол ч гарч байгаа нь маш том асуудал.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ ажилд онцгойлон анхаарах ёстой. Тиймээс есдүгээр сарын 1-нээс "Яндангаа хөөлье" аяныг эхлүүлж байгаа юм. Яндангаа хөөлөөгүйн улмаас тортог хуримтлагдан бөглөрсөн, утаа гадагшлах зай багассан бодит жишээнүүд олон учраас мэргэжлийн байгууллагууд заавар, зөвлөгөө өгч, гарын авлага тарааж ажиллана. Цагдаагийн байгууллагаас гэр хорооллын гудамжаар дуут дохиотой явж, яндангаа хөөлөх сануулгыг ард иргэддээ өгнө.

Энэ хүрээнд яндангаа хэрхэн хөөлөх талаар заавар зөвлөгөө өгөх мэргэжлийн хүмүүсийг нэг сарын турш ажлуулж, ажлын байрыг бий болгоно" хэмээн ярилаа.

Алслагдсан таван хорооны 9750 айлд угаар мэдрэгчийг суурилуулна

Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргал “Нийслэлчүүдийн амь амьдралтай маш чухал ач холбогдолтой аяныг энэ оныг дуустал хэрэгжүүлэх гэж байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоох тухай тогтоолд өөрчлөлт орж, төвийн зургаан дүүрэгт бүхэлд нь түүхий нүүрс түлэхийг хориглож байгаа. Ингэснээр алслагдсан таван хороо буюу Хан-Уул дүүргийн XII,XIII,XIV-р хороо, Сонгинохайрхан дүүргийн XXI-р хороо, Баянзүрх дүүргийн Гачуурт тосгондд түүхий нүүрс түлэх хориотой болж байна.

Угаарийн хий мэдрэгчийг өнөөдрийн байдлаар 162 мянган айлд суурилуулаад байгаа. Цахилгаан болон бусад эх үүсвэрээр гэр, байшингаа халаадаг 37мянга 531 угаар мэдрэгч илүү гарсныг онцгой байдлын байгууллагын агуулахад хадгалж байна.

Есдүгээр сарын 7-ноос эхлээд алслагдсан таван хорооны 9750 айлд угаар мэдрэгчийг суурилуулна. Мөн шилжин ирсэн, түр оршин сууж байгаа өрхүүдэд 15 мянган угаар мэдрэгчийг суурилуулахад бэлэн болсон “ гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn