Б.Оюунзул

““Gangbay” шинэ уран бүтээл гаргажээ.  “Mamacita” кино шиг клиптэй дуу болжээ”гээд охид, залуус цахим орчинд шуугиж байгааг та анзаарсан уу.  Энэ зуны хит болсон “Ганган цагаан” дууг бүтээсэн “Gangbay”  хамтлаг дахин нэг шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргээд байна. Тус хамтлагийн шинэхэн уран бүтээл гарсан даруйдаа залуусын сонсох дуртай дуу болжээ. “Mamacita” гэх дуугаа тэд тун өвөрмөц утга агуулга бүхий санаагаар клипжүүлсэн байна. “Gangbay” хамтлагийн залуус СУИС-ийн анхны Мюзикл Кино драмын ангийн төгсөгчид бөгөөд уран бүтээлээ клипжүүлэх тал дээр жүжигчний ур чадвараа давуу тал болгон ашиглаж, дуу клип аль алинд нь  чамгүй авъяаслаг залуус гэдгээ харуулаад байна. Тэд уран бүтээлүүдийнхээ клипэнд дандаа өөрсдөө тоглодог онцлогтой. Энэ нь давхар мэргэжлийнхээ онцлог болон жүжиглэх ур чадвараа харуулсан хэрэг. Энэхүү шинэхэн дууны клип нь өмнөх дуу шигээ 1990-ээд оны үеийг харуулсан зураг авалттай бөгөөд энэ нь залуусын сонирхлыг татаж байна. Дууны клипны утга нь   байрны атаман болон түүний хайр дурлалыг харуулжээ. 
Зураг авалтаа тэд “Infinite Creative Studio”-д  хийсэн байна. “Mamacita” дууг наймдугаар сарын 12-нд “Youtube” хуудсанд тавин сонсогчдын хүртээл болгосон. Харин энэ дуу цахим хуудсанд байршсан даруйдаа 406.100 хүн үзэж 640 сэтгэгдэл илгээжээ. “Gangbay”  хамтлагийн дуунууд хүнд утга агуулгатай биш хөнгөн хайр дурлалыг харуулсан энгийн үгтэй байдаг нь залууст их таалагддаг байна. Тиймээс үзэгчид тус хамтлагийн дараагийн уран бүтээлийг тэсэн ядан хүлээж байсны илрэл энэ дуу байв. Энэ удаагийн шинэхэн уран бүтээл нь “Ганган цагаан” дууныхаа гаргасан амжилтыг эвдэж эсэхийг харах л үлдлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.27 ЛХАГВА № 165 (6390)