Б.СОЛОНГО

 

“Зууны мэдээ” сонин “Хүйтний хөндийн доройтол Хурхад бүү давтагдаасай” цуврал нийтлэлээр нэн ховордсон цэн тогорууны амьдрах орчин, ус намгархаг газрын экосистем, цөлжилт, хуурайшилтаас сэргийлэхэд чухал ач холбогдол бүхий цэвдгийн тархалт зэрэг асуудлыг хөндсөн билээ. Эдгээр нийтлэлийн үргэлжлэл болгож ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Я.Жамбалжавтай Монгол орны цэвдгийн тархалтын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

 

-Дэлхийн дулаарал, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан цэвдгийн тархалт улам хумигдаж байгаа мэдээлэл бий. Манай орны хувьд хийгдсэн хамгийн сүүлийн судалгааг та хэлж өгнө үү?

-Цэвдэг гэхээр хүмүүс мөс гэж ойлгоод байдаг юм. Тодорхойлолт ёсоор бол хоёр жил буюу түүнээс дээш хугацаанд 0-ээс доош хэмд оршиж байгаа хөрс чулуулгийг цэвдэг гэж тодорхойлдог.

Цэвдэг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын 24-25 хувьд тархсан гэж үздэг. Дэлхийн 48 улсын газар нутагт ямар нэг хэмжээгээр байдаг. Хойд туйл руу дөхөх тусам, мөн уул дээшээ өндөр болох тусам цэвдгийн тархалт нэмэгдэнэ. Манай Монгол орон өндөрлөг уулын бүс нутаг учраас цэвдгийн тархалтаараа дэлхийд тавдугаарт жагсдаг. Оросын Сибирь, Америкийн Аляск, Канадын хойд  нутаг гээд маш их цэвдэгтэй газрууд урдуур жагсдаг. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар буюу 2016 онд Монгол орны нийт газар нутгийн 29.3 хувьд нь цэвдэгтэй гэж гарсан байдаг. Харин үүнээс өмнө буюу 1971 онд нийт нутгийн 63 хувьд нь цэвдэгтэй гэж тодорхойлж байсан. Өөрөөр хэлбэл хувь хэмжээг нь харахад 50 хувиар багассан юм шиг боловч үнэн хэрэгтээ тохиолдлын тархалттай буюу нам дор газрын цэвдгүүд үндсэндээ үгүй болсныг газрын зургаас харж болно. Манай улсад 1940-өөд оноос эхэлсэн их бүтээн байгуулалтын үед анх цэвдэгтэй нүүр тулж байсан байдаг. Улаанбаатар хотод гэхэд одоогийн МУИС-ийн орчим, Махкомбинат,  хуучин Пионерийн ордноос хойш Сэлбийн гол дагасан хөндий, Налайхын уурхай орчимд цэвдэгтэй байсан гэж үздэг. Одоо ч зарим газраа байгаа. Ингээд 1960-аад оноос цэвдгийн  хэмжилт судалгааг тогтмол хийж эхлээд 1971 онд эхний бүрэн судалгааг хийж, энэ газрын зургийг гаргаж байсан юм. Өнөөдрийн байдлаар Монгол орон даяар 200-аад цэг дээр мониторингийн сүлжээгээр хянаж байгаа.

-Бүтээн байгуулалтын ажилд саад болдог гэдгээр илүү мэдээд байх шиг санагддаг. Цэвдэгийн байгаль орчинд үзүүлж байгаа ач холбогдлын талаар? 

-Монгол орон шиг хуурай, гандуу бүс нутагт цэвдэг тархсан байгаа тохиолдолд тухайн газрынхаа бичил уур амьсгалын нөхцөл, дулаан чийгний горимыг тэнцвэржүүлж байдаг, экосистемдээ маш ач холбогдолтой. Хэрэв цэвдэг байхгүй болвол ус, чийг нь алдагдаж, нуур гол нь ширгэж хуурайшна л гэсэн үг. Танай сонин дээр гарсан нийтлэлд бичигдсэн Хэнтий аймаг дахь Хурх-Хүйтний голын хөндийд Хурхын гол, Хүйтний голоо дагасан хоёр зэрэгцээ хөндий байдаг. Одоо бол Хурхын гол нь харьцангуй ус, намаг, чийг сайтай. Харин Хүйтний голын хөндийд намаг чийг нь байхгүй, гол нь урсахаа больчихсон. Хөрсийг нь ухаад үзвэл цэвдэг нь байхгүй болчихсон. Өөрөөр хэлбэл, газрын дор байгаа хасах хэмтэй цэвдэг нь алдраад дуусахаар газрын гадарга дээр байгаа ус нь тогтохоо болиод хөрсөндөө шингэчихэж байгаа юм. Ингээд өнгөн хэсэг нь хуурайшаад хатаад эхэлдэг. Өөрөөр хэлбэл, цэвдэг усыг гадаргуу дээр нь барьж байдаг. Улаанбаатар хотод Сэлбийн гол бол амьд жишээ. Бороо хур сайтай бол урсаад эхэлнэ. Бороо хур байхгүй болохоор алга болчихдог. Уг нь Сэлбийн гол дагасан ус намгархаг газартай байлаа. Тэр ус намгархаг газраасаа бороо хургүй байсан ч гол нь урсаж байдаг байв. Одоо Сэлбэ голын хөндий дагаад маш их бүтээн байгуулалт хийгдэж, намаг чийгийг нь шороогоор дарж хатааснаас болж энэ экосистем өөрийгөө тэжээж чадахаа больсон. Цэвдэг бол ус бүрэлдэн бий болоход маш чухал гэдгийн тодорхой жишээ. Магадгүй энэ хөндийн цэвдэг, ус намгархаг газрыг хамгаалж чадсан бол Улаанбаатарын хуурайшилт, шороо тоосны асуудал өөр байж болох байсан. Хэнтий, Хангайн нуруунаас эх авдаг бүх голуудын эх үүсвэр нь тэр хангайн оргилд оршиж байгаа цэвдэг юм шүү дээ.

Монгол орны цэвдгийн тархалтын 1971, 2016 оны зургууд. 1970-аад оны үед Монгол орны нийт газар нутгийн 63 хувьд цэвдэг үргэлжилсэн болон тасалданги хэлбэрээр тархсан байсан бол энэ тоо 2016 онд 29.3 хувь болж буурчээ. Цэвдэгийн тохиолдлын тархалттай бүслүүрийн талбай энэ хугацаанд бараг үгүй болжээ.

-Манайх шиг хуурай уур амьсгалтай оронд цэвдгийн тархалт маш чухал. Гэтэл 1971 оныхтой харьцуулсан судалгаанаас харахад нам дор газрын цэвдгүүд ерөнхийдөө дуусч, өндөр уулсаа дагасан нь л үлдсэн байна гэж та хэллээ. Монгол орны цэвдгийн тархалт ингэж алдрахад байгалийн хүчин зүйлээс гадна хүн хэрхэн нөлөөлж байгаа бол?

-Уур амьсгалын дулаарлаас шалтгаалан цэвдэг тодорхой хэмжээнд алдардаг, температур нь дулаардаг. Тодорхой хэлвэл 10 жил тутамд 0.1-0.3 хэмээр дулаарч, дээрээсээ 5-20 см-ээр багасч байдаг нь хэмжилт судалгаагаар тодорхойлогдсон байдаг. Гэтэл нөгөө талдаа хүний үйл ажиллагаатай холбоотойгоор, тухайлбал, барилга, зам, уул уурхай, ойн түймэр гэх мэт нөлөөгөөр нэг жил тутамд нэг метрээр доошилж алдарч байна. Мөн малын нөлөө маш их байна. Цэвдэг газрын гадарга дээр ирж байгаа дулааны балансаар тодорхойлогддог. Тэр баланс тэнцвэртэй байхад газрын бүрхэвч маш чухал. Зам барилга, уул уурхайн үйл ажиллагаагаар газрын бүрхэвчийг тэрчигээр нь өөрчилж,  өнгөн хөрсийг шууд хуулж байна. Яг түүнтэй адилхан малын бэлчээр талхлагдаад ирэхээр ялгаа байхгүй нөхцөл үүсч байгаа юм. Миний ажигласнаар жил бүр усны салбарынхан тэдэн гол, булаг шанд ширгэлээ гэж ярьдаг. Булаг шанд нь багасаад ирэхээр үлдсэн устай газраа мал нь төвлөрөөд ирдэг. Нэг газар хэтэрхий ачаалал өгөхөөр цэвдэг нь хайлаад байна. Цэвдэг нь алдраад ирэхээр нөгөө үлдсэн булаг шанд нь ширгэдэг, ийм л зүй тогтолтой.

Монгол орны цэвдгийг тархалтаар нь хэд хэдэн төрөлд ялгадаг. Тэдэн дундаас тохиолдлын тархалттай цэвдэг нь нам дор газар,  хөндий,  булаг шандын ойролцоо тархдаг. Ус гол нуур булаг шандаа амьд байлгадаг маш чухал төрөл нь. Харамсалтай нь тохиолдлын тархалттай цэвдэг бараг үгүй болж байна.Булаг шандтай, мал бэлчээрлэдэг газруудынх эрчимтэй алдарч байна гэсэн үг.

Энэ намгийг хатаагаад өгөөч, сум орох гэж тойроод хэцүү юм гэж хэлж байсан малчинтай би таарч байлаа. Гэтэл тэр намаг нь тэр малчны малынх нь өвч, усны эх үүсвэр шүү дээ. Тэрийг ойлгохгүй байгаад харамсдаг.

-Бүтээн байгуулалт хийхдээ цэвдгийн судалгааг сайтар хийж чадахгүй хэвээр л байна. Яах ёстой юм бол?

-Нэг үеэ бодвол цэвдгийн судалгааг тодорхой хэмжээнд хийдэг болсон. Гэхдээ судалгаагаа үнэн зөв хийж байгаа эсэх нь асуудалтай. Мэргэжилтнүүдийн ур чадвараас хамаарч байна. Үнэн зөв тодорхойлоод өгөхөөр үл хайхрах нь ч байна. Үүнээс болоод маш их үргүй зардал гарч байна. Би танай сонинд одоогоос 7-8 жилийн өмнө “Мянганы замын бүтээн байгуулалт Монгол орны хангайн нурууны цэвдгийн үргэлжилсэн тархалттай бүс нутагт тулж ирлээ” гэсэн ярилцлага өгч байлаа. Аймгийн төвүүдийг холбосон хатуу хучилттай авто замын ажил Чулуутын гол хавьд ирж байсан үе. Ярилцлага өгсний дараахан замын ажил үргэлжилж дан цэвдэгтэй газраар буюу Хангайн нурууг Солонготын даваагаар давж Завханы Нөмрөг, Түдэвтэй,Сонгино сумын нутгуудаар дайрч өнгөрдөг. Өнөөдөр тэр зам цаашаагаа Увс аймагтай холбогдчихсон. Гэтэл энэ замд асуудал үүссэн. Доорх цэвдэг нь метр орчим гэсчихсэн байна. Анзаарсан бол Архангай аймгийн Чулуутын голын хавьд очоод зам нь долгиотоод эхэлдэг. Цэвдэг дотор агуулагдаж байгаа мөс чийг нь янз бүрийн хэмжээтэй учраас гэсэлтийн суулт нь өөр өөр. Ингээд их бага хэмжээгээр суугаад эхлэхээр зам нь долгиолж байгаа юм. Архайнгайн хойд Завханы хойд сумдыг дайрсан замууд асуудал үүсчихсэн байгаа. Тэр битгий хэл 2019 онд ашиглалтад орсон Завхан аймгаас Увс хүрэх замд бага зэргийн долгион ажиглагдаад эхэлчихсэн байна. Хэдэн жилийн дараа Чулуутын голын хөндий орчмынхтой адилхан болох нь тодорхой.

Мөн манай улсад цэвдэг дээр оршдог 30 орчим сум бий. Тэдгээр сумын барилгууд бүгд асуудалтай. Заримд нь энэ жил барихад ирэх жил нь асуудал үүсдэг.  Жишээ нь Архангай аймгийн Цахир сум байна. Уулзалтанд нь оролцоод ингэж барьж болохгүй гээд хэлээд байхад үг сонсоогүй. 2019 онд эхэлсэн барилга нь энэ жил асуудал үүсчихсэн хагарчихсан байх жишээний. Орон нутгийнхан улсын төсвөөр соёлын төв, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгаа ганц удаа л бариулдаг биз дээ. Тэрийгээ дор хаяж 40-50 жил ашиглагдахаар чанартай баймаар байна. Гэтэл дөрөв тавхан жилийн дараа дахиад бариулах болчихдог. Нөгөө талдаа улсын төсвийг үргүй зарж байгаа асуудал. Энэ асуудал орон нутагт маш их байна.

-Байдал хэвээр үргэлжилвэл Монгол орны цэвдэг яах бол?

-Монгол оронд сүүлийн далан жилд агаарын температур 2.07 хэмээр дулаарсан гэж үздэг. Энэ дулаарч байгаа уур амьсгал дэлхийн хэмжээний дураалалтй харьцуулахад гурав дахин хурдацтай үзүүлэлт. Энэ дулаарал нь эрчээрээ яваад байвал Монгол орны цэвдэг 21 дүгээр зууны төгсгөл рүү бүрмөсөн үгүй болох магадлалтай гэсэн прогноз мэдээ байдаг. Мэдээж байгаль, цаг уурын асуудлыг баталгаатай хэлэх хэцүү. Цэвдэг байхгүй болно гэдэг нэг асуудал. Гэтэл цэвдэг байхгүй болоход нөгөө нуур цөөрөм булаг шандууд үгүй болно.

-Олон улсад цэвдгийг хайлуулахгүй барих туршлага арвин юм билээ. Манайд туршигдсан зүйл бий юу. Хүний тусламж хэрэг болох уу?

-Барилга, зам гэх мэт бүтээн байгуулалт хийхдээ ашигладаг, давхар шийдээд явдаг арга туршлага маш олон бий.  Бид 2010 оны үед заримаас нь туршаад Монгол орны нөхцөлд тохирсон тодорхой аргуудыг боловсруулсан. Нураад, хагараад байгаа зам, барилга дээрээ хэрэглээч гээд зөвлөөд л явдаг. Харамсалтай нь ойлгож сонсдог, хэрэгжүүлсэн газар одоогоор алга байна.  Загвар моделийг нь ч гаргасан бэлэн байж байдаг /үзүүлэв/. Мэргэжлийн хүний үгнээс илүү Засаг даргын үгэнд итгэдэг, сонсдог болчихсон үе шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.25  МЯГМАР № 163 (6388)