Х.БИЛГҮҮН
Эх орныхоо сөөм газрыг ч бусдад өгөхгүйн төлөө Монгол Улсын тусгаар тогтнол, дархан хилийг халуун амиараа хамгаалж байдаг дайчин эрсийнхээ алдар гавьяаг бид үеийн үед хүндэтгэн залж, үр хойчдоо хэлж ярьж байх учиртай билээ. Тийм л учраас “Этик” продакшны залуус хилийн манаанд амсхийх завгүй зүтгэж байдаг дайчдын тухай бодит явдлаас сэдэвлэсэн түүхэн киног хийж олонд хүргэхэд бэлэн болжээ. Энэ тухай “Этик” продакшны ерөнхий найруулагч Г.Даваазул, жүжигчин А.Энхжин нартай уулзаж ярилцлаа.
Г.Даваазул: Түүхэн кинонд маань эх орноо хайрлах сэтгэл шингэсэн
-Эх орон, эрх чөлөөг мэдрүүлсэн түүхэн сэдэвтэй кино сүүлийн жилүүдэд ховордсон. Хилчин дайчин эрсийн тухай кино гарах гэж буйд олон хүн баяртай байна. Энэ киног хийх сэдэл санаа анх хэзээ төрсөн бэ?
-Киноны санааг бид 2018 онд “Хүний цаана” киног орон нутгаар гаргаад явж байхдаа Хөвсгөл аймгийн 0257 дугаар ангийн цэрэг, албан хаагчдад үзэж сонирхуулсан юм. Киногоо үзүүлчихээд гарч ирэхэд тус ангийн Орлогч хошууч Отгонжаргал гэж залуу бидэнтэй уулзаад “2019 онд манай ангийн 40 жилийн ой болно. Манай анги Монголын хамгийн урт хилийг манаж хамгаалдаг. Тус ангийн хамгийн том болсон дуулиантай түүх гэвэл 1993 оны зургадугаар сарын 23-нд болсон байдаг. Хэрвээ та хоёр сонирхоод кино хийе гэвэл мэдээлэл өгч болно шүү” гэж хэлсэн. Бид энэ түүхийг сонирхож, дэлгэцэнд мөнхрүүлэх, бүтээл болгох санаа төрсөн гэж хэлж болно. Бидний энэ бүтээлийг “Nomadia Pictures”, “Том амжилт” компани дэмжиж, хамтран ажилласан.
-Зураг авалт хэзээ эхэлж, хэдий хугацаанд үргэлжилж дууссан бэ. Түүхэн киноны зураг авалт бас хүндрэлтэй зүйл их байдаг байх?
-Зураг авалт 2019 оны наймдугаар сарын сүүлчээр эхэлж, сар гаруй хугацаанд үргэлжилж, аравдугаар сар гэхэд бараг бэлэн болчихсон доо. Нийт 85 сцентэй зураг авалт хийсэн. Үүний 78 нь сцен кинонд орсон. Санаагаа бид тод илэрхийлж чадсан гэж бодож байгаа. Түүхэн кино учраас мэдээж, тухайн үеийн үйл явдлыг гэрчлэх фото зураг, бичлэг гэх мэт зүйл байгаагүй учраас үйл явдлыг 100 хувийн төсөөллөөр бичсэн. Киноны төгсгөлд бид өөрөө нэмэлт нэг сцен зоож өгсөн. Үүгээр бидний санаа илүү тод гарч өгсөн гэж бодож байна. “Хилгүй жим” кинонд бид хэдэн зуун цэрэг, дайчин эрсийн халуун амиар бидэнд олдсон эх орон, эрх чөлөө, ялалтын үнэ цэнийг мэдрүүлэхыг зорьсон. Мэдээж, эцсийн шүүгчид бол үзэгчид байдаг шүү дээ. Тэднийхээ саналыг сонсоно.
А.Энхжин: Түүхэнд нэрээ мөнхөлсөн хилчдийн гавьяа эх орны үнэ цэнийг мэдрүүлнэ
-Энэ кино “Этик” продакшны гурав дахь том бүтээл. Өмнөх бүтээлүүдээс юугаараа онцлог, ялгаатай вэ?
-Бидний баримталдаг зарчим бол үнэн бодит явдлаас сэдэвлэж уран бүтээл хийхийг чухалчилдаг. Энэ киноны хувьд бид арай өөр багтай хамтарч ажилласан. Түүхэн кино гэдэг утгаараа бодит явдлыг гуйвуулж болохгүй. Тийм болохоор маш их судалгаа хийсэн, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө тусламж их авсан. Тухайлбал, киноны гол дүр болох Цоодол, Нямдорж, Баяраа гээд түүхэнд нэрээ мөнхөлсөн хилчдийн алдар гавьяаг мөнхлөхдөө тэдгээр хүмүүсийн царай зүс, бие хааг нь адил төстэй байдлаар харуулах гэж хичээсэн. Байлдагч Цоодолын дүрд жүжигчин Д.Хосбаяр ажилласан, Нямдоржийн дүрд Сумьяабазар гэдэг залуу, Баяраагийн дүрд найруулагч маань өөрөө тоглосон. Эсрэг талын дүрүүд дээр Монголын кино урлагийн ноён оргил, амьд домог болсон Цагааны Цэгмэд агсны отгон хүү Ц.Төмөрхуяг ах, КУДС-ийн уран бүтээлчид тоглосон. Олон мундаг уран бүтээлчидтэй хамтран ажилласандаа бид баяртай байгаа.
-Киноны дуун дээр хэнтэй хамтарсан бэ. Мөн найруулагч нь яагаад дүр бүтээх болов?
-Бид “Тоонот” студитэй хамтарч ажилласан. Рэппэр Десант болон Jason хоёр Soundtrack-ийг нь дуулсан байгаа. Эрчүүдийн ажил уран бүтээлч бай аливаа зүйл дээр ганзага нийлнэ гэдэг шиг “Тоонот” студитэй хамтарч ажиллах дуртай байдаг. Харин найруулагч дүр бүтээх болсон шалтгаан гэвэл Монголын кино урлагийн зах зээл жижиг бөгөөд энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс цөөхөн байдаг. Тэр утгаараа сайн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байж бид сайн бүтээл гаргана. Манай найруулагчийн хувьд олон талын авьяастай, сайн уран бүтээлч учраас бид ярилцаад дүрээ өөрөө бүтээсэн. Нөгөөтэйгүүр бас дахиад өөр найруулагч захиалах мөнгө санхүү дутмаг байсантай холбоотой. Тэгээд аль аль талаасаа хичээж ажилласан. Ямартай ч бид эх орныхоо дөрвөн зүг найман зовхисыг нүдээ цавчилгүй манаж, өвөл нь даарч зун нь халууцаж байгаа эдгээр залуусын эр зориг тэсвэр тэвчээрийг л харуулахыг хүссэн. Бидний бүтээл залууст олон зүйлийг хэлнэ гэж бодож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.8.19 ЛХАГВА № 159 (6384)