Б.ОЮУНЗУЛ
Энэ удаагийн “Утасны анд” булан Төрийн Соёрхолт, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатартай холбогдсон юм.
-Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан урлагийнхан олонх нь амарч аялж байх шиг байна. Таны хувьд энэ зун хаагуур амарсан бэ?
-Зуны улиралд хүн бүр байгалийн сайхныг мэдэрч, эрч хүч энергиэ авдаг. Миний хувьд ч бас Монгол Улсынхаа баруун аймгуудаар аялж, амарлаа. Дэлгэр сайхан зун болж байна.
-Аяллын сонин сайхнаасаа бидэнтэй хуваалцаач?
-Аяллын сонин сайхан гэвэл баруун аймгуудынхаа байгалийн сайхныг биширч яваад ирлээ. Ялангуяа түүхэн дурсгалт газруудыг ихэд биширлээ. Баруун аймгуудад маань хэдэн мянган жилийн түүх өгүүлэх, түүх соёлын дурсгалт газрууд олон байдаг юм байна.
-Цар тахлаас шалтгаалаад үзвэр үйлчилгээ түр завсарлаад байна. Гэсэн ч урлагийн байгууллагынхан бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж байгаа гэж сонссон. Таны хувьд одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Коронавирусын халдвараас үүдэн хүн бүрийн ажил удаашралтай байна. Гэсэн ч бид бэлтгэл сургуулилтаа хийсээр байна. Энэ зун бид бүхэн алдарт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина” жүжгэн дээр ажиллаж байна.
-“Анна Каренина” жүжгийг цахимаар нээлтээ хийнэ гэсэн үнэн болов уу?
-Үгүй ээ, цахимаар нээлтээ хийхгүй. Буруу ташаа мэдээлэл байна. Театрын үйл ажиллагаа хэвэндээ орвол үзэгчдийн хүртээл болох хамгийн эхний жүжиг “Анна Каренина” байх болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.8.12 Лхагва № 154 (6379)