Б.ОЮУНЗУЛ

Сүүлийн үед охид залуусын дунд хит болоод байгаа Реппер Гинжин болон Mrs M нарын хамтран дуулсан “Бороо” дууны талаар товч мэдээлэл хүргэж байна.


Трап урсгалаар уран бүтээлээ туурвидаг реппер Ginjin буюу Г.Гарьд, өвөрмөц хэв маяг, стилиэр өөрийгөө бүрдүүлж буй залуу уран бүтээлч юм. Түүний гаргасан дуунууд ихэвчлэн өөрийн гэсэн дахин давтагдашгүй хэв маягтай байдаг. Тэрээр сүүлийн уран бүтээл болох “Бороо” дуундаа зуны хамгийн гоё үзэгдлийг оруулахыг хичээсэн байна. Мэдээж энэ бол бороо. Реппер Гинжин болон Mrs M нар хамтран нийт зургаан дуу гаргажээ. Тэдний дуунуудаас хамгийн алдартай нь “Бороо” юм.  Сүү­лийн үед тэ­рээр реппер Mrs.M-тэй хамтарсан дуэт цомог дээр ажиллаж байгаа аж. Мөн бие даасан уран бүтээ­лүүдээ гарга­саар байгаа. Одоогоор түүний хийж байгаа хамгийн том ажил нь энэ цомгийн төсөл юм байна. 
“Бороо” дуу нь 10 хоногийн дотор нэг сая үзэлттэй болж энэ зуны хит дуугаар шалгарсан. Энэ дуугаа өнгөрсөн сарын 1-нд Youtube сувгаар анх цацсан бөгөөд дууны клипэнд 2016 оноос сошиал орчинд контент бүтээж эхэлсэн “Positive Mongolians”-ийн хосууд Түвшөө, Дөлгөөн нар тоглосноороо онцлог юм. Реппер Гинжингийн хувцаслалтын хувьд гадны репперүүдийг нэг их дуурайгаад байдаггүй.  Тэрээр саяхан нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа “Хэрэв хүмүүст миний имидж таалагддаг бол өөрт яг таарсан юмаа өмсчээ гэсэн үг. Би өнгөрсөн онд үндэсний хувцсаа өмсөөд Тайвань улсын “Азийн хөгжмийн наадам”-д оролцоход намайг хамгийн урд манлайлуулж, алхуулж байсан. Монгол дээл хамгийн гоё үндэсний хувцаснуудын нэг. Мөн би шивээсэнд дуртай. Анхны шивээсээ есөн жилийн өмнө хийлгэж байлаа. Зарим хүн хөгшрөхөөр шивээс муухай харагдана, дэмий гэж ярьдаг. Гэхдээ өтөлсөн хойно харамсахааргүй дурсамжтай байхын төлөө, залуу насандаа л дуртай зүйлээ хийж амьдрах хэрэгтэй” хэмээн ярьсан байдаг. 
Мөн тэрээр 2019 онд “Golden Melody” хөгжмийн наадам болон Тайванийн Грэммийн шагнал гардуулах ёслолд оролцож байсан байна. Түүний зарим нэгэн дуунаас дурдвал 2018 онд "Хөөрхөн охид трап сонсдог", "Байжий", "Өнөөдөр" гэсэн эерэг дуунуудаа гаргасан. Харин өнгөрсөн онд тэрээр хөрш орнуудынхаа зах зээлд зориулж дуу гаргаж эхэлсэн бөгөөд  "Арассо" буюу солонгосоор "за юу" мөн "Ганбэй" буюу Мандарин хэлээр "Тулгая" нэртэй дуугаа гаргасан байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.29  ЛХАГВА № 144 (6369)