Т.НАМУУН
Энэ удаагийн “Утасны анд” буландаа Соёлын тэргүүний ажилтан, дуучин Я.Гэрэлчулууныг урилаа. Тэрээр гэр бүлтэйгээ Хөвсгөл аймагт амарч байна.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сонин сайхнаасаа хуваалцахгүй юу. Ажилтай байна уу, амарч байна уу?
-Би гэр бүлтэйгээ Хөвсгөл аймгийн Жаргалант суманд амарч байна. Зуны урин дулаан цагаар “Хужирт” рашаан сувилалд амарчихаад ирсэн. “Дэлгэр уужим Монголдоо” гэсэн шинэ дуугаа гаргалаа. Клип хийгээд нэг сарын өмнө олны хүртээл болгосон байгаа. Дуучин Э.Энх-Эрдэнэтэй хамтарч “Эвийн түшигтэй анд” гэдэг дуу дуулсан. Мөн “Арвай халтар азарга”, “Энхриймаа” уран бүтээлээ олон түмэнд хүргэлээ.
-Хөдөө орон нутгаар тоглолт хийв үү. Ойрын хугацаанд шинэ уран бүтээл хийх үү?
-Монголын 16 аймгийн бүх сумаар “Хоймор сайхан нутагтаа Монголоо санаад ирлээ дээ” тоглолтоо хийсэн. Тоглолт болгон маань үзэгч дүүрэн, халуун дулаан уур амьсгалтай байсанд залуу уран бүтээлчийн хувьд их баяртай байсан. Дөрөв дэх CD-гээ гаргахаар бэлдэж эхэлсэн. Шинэ болон хуучны сэтгэлд хоногшсон дуунуудаар гаргах төлөвлөгөөтэй байгаа. Намраас эхлэн энэ ажилдаа түлхүү анхаарч ажиллана. Миний уран бүтээлийг дэмжиж байдаг ард түмэндээ баярлалаа. Та бүхний сонорыг мялаах олон сайхан уран бүтээл гаргах болно. Эрүүл энхийг хүсье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.7.22 № 139 (6364)