“Зууны мэдээ” сонин “Хөгжим, хэмнэл” булангаараа Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэнгийн “Өчигдрийг хайрла” номонд орсон ХХ зууны поп хөгжмийн амьд домог болсон "Битлз" хамтлагийн алдартай 35 дуу хэрхэн бүтсэн болон дууны үгийг орчуулсныг цувралаар хүргэж байна.
I WANT TO HOLD YOUR HAND
Брайн Эпстайн гартаа цаас барьсаар өрөөнд гүйн орж ирэв. Тэр баярлаж хөөрсөндөө “Бидэнд цахилгаан утас иржээ. Залуусаа, та нар Америкт тэргүүллээ“ хэмээн хашхирах нь тэр. Үргэлжлүүлэн “I Want To Hold Your Hand" дуу хит дууны тэргүүн байранд жагссан байна“ гэв. Энэ дуу “Битлз”-ийн концертын сүлд дуу нь. Мөн хамгийн анх радиогаар нэвтэрсэн нь. Англидаа ч энэ дуу сонсогдоогүй байсан үед Америкийн Вашингтоны нэгэн радиогийн хөтлөгчид, Лондон яваад ирсэн найз бүсгүй нь пянз авчирч өгчээ. Тэгээд дууг эфирт тавив. Тэр дороо л сонсогчид утасдан дууг дахин сонсохыг хүсэцгээлээ. Радиогийн утас халтлаа хангинасан тул тэр өдрийн турш цаг тутам нэвтрүүлжээ. Ийнхүү энэ дуу сонсогчдод ихэд таалагдаж, хамгийн олон нэвтрүүлдэг дууных нь нэг болсон гэдэг. Дуу хөгжимд “Битлзийн Америк руу эхлүүлсэн довтолгоон” хэмээн 1963 оноос нэрлэгдсэн түүхэн үеийн замыг “I Want to Hold Your Hand” дуу ингэж тавьжээ. Тэгээд ч жинхэнэ рок поп дууг сонсъё гэвэл энэ дууг л захиалдаг нь өнөөг хүртэл хэвээрээ.
“I Want to Hold Your Hand” дуу нь бас “Битлз” хамтлагт хамгийн эхний орлого сайн оруулсан дуу гэж тооцогдсон. Сонсогчид нь ч үүнийг гэрчилдэг. Британид пянз нь гарангуут л тэр дороо 1.5 сая хувь борлогджээ. Энэ дуутай холбоотой нэгэн залуу бүсгүй гарч ирнэ. Тэр нь Жейн Эшер юм. Түүнийг Британийн нэрд гарсан кино жүжигчин гэдгээр нь үзэгчид мэднэ. Сүүлд нь энэ хатагтай бизнест хөл тавьж амттан, нарийн боовны үйлдвэрийн эзэн болсон. Залуу сэтгүүлч Эшер 1963 онд “Битлз” хамтлагийн гишүүдээс ВВС-гийн радиод ярилцлага авчээ. Тэр дөрөвтэй хамт зурагаа ч татуулав. Энэ явдлын дараахнаас эхлэн Пол, Эшер хоёр болзож уулздаг болох нь тэр. Энэ үедээ Пол дөнгөж л нэрд гарч эхэлж байсан бол Эшер аль хэдийнэ дэлгэцийн од болчихсон байлаа. Энэ найзлал таван жилийн турш үргэлжилсэн юм. Тэр хоёр бүр сүй тавьснаа нийтэд зарлажээ.
Дурлалын роман ийнхүү үргэлжилж Пол, Эшерийн гэрт хоёр жил гаруй хугацаанд амьдарч, хөгжмөө ч зохиосоор байлаа. Энэ нь Битлзийн ид мандан бадарч асан цаг юм. Тийм ээ, бидний одоо сонсонгоо ярилцаж буй “I Want to Hold Your Hand” дуу нь яг энэ үед Жейн Эшерийн гэрт зохиогдсонд л хамаг учир нь бий. Нэг сонин тохиолдол бий. 1964 онд Битлзийн дөрвөлийг Нью-Йоркийн “Дельмоника” буудалд байхад нь Америкийн яруу найрагч, рок дуучин Боб Дилан ирж уулзав. Тэр манай дөрвийг марихуан татаж үз хэмээн дайлжээ. Хариуд нь тэд “Бид татдаггүй” гэв. Тэгтэл Дилан их гайхаж “Та нар яагаад тэгвэл “Чамтай шүргэлцэх төдийд л би дээш хөөрдөг” гэж дуулсан юм“ гэжээ. Тэрээр "I Want To Hold Your Hand" дуунаас нь иш татсан нь энэ. Харин Леннон дургүйцэнгүй “Тийм үг байхгүй, харин би нуугдаж чадахгүй, би нуугдаж чадахгүй гэсэн үг байгаа“ гэсэн гэдэг. Хөгжилтэй түүх шүү. Боб Дилан "I Want To Hold Your Hand" дууг нь өөрийн үзэмжээрээ тийнхүү мэдэрсэн хэрэг.
I Want To Hold Your Hand
Lennon, McCartney
Oh yeah, I'll tell you something,
I think you'll understand.
When I'll say that something
I want to hold your hand,
I want to hold your hand,
I want to hold your hand.
Oh please, say to me
You'll let me be your man
And please, say to me
You'll let me hold your hand.
Now let me hold your hand,
I want to hold your hand.
And when I touch you I feel happy inside.
It's such a feeling that my love
I can't hide, I can't hide, I can't hide.
Yeah, you've got that something,
I think you'll understand.
When I'll say that something
I want to hold your hand...,
1963 он
ГАРЫГ ЧИНЬ БАРЬЯ
Миний хэлэх үгийг
Мэдэж байгаа шүү дээ чи,
Тийм болохоор зүгээр л
Гарыг чинь баръя,
Гарыг чинь баръя, гарыг чинь баръя
Хамт шүү хоёулаа гэж
Харин чи надад амлаарай
Халуун атгалтаас минь
Гараа битгий аваарай
Гараа битгий аваарай, гараа битгий аваарай.
Чамтай шүргэлцэх
төдийд л
Зүрх минь хайраар бялхдаг
Алганаас чинь хайр төөнөнө
Аяа үүнийг л би хүснэм
Гарыг чинь атгая,
Гарыг чинь атгая, гарыг чинь атгая.
Алганаас чинь хайр төөнөнө
Аяа үүнийг л би хүснэм.
Гарыг чинь баръя,
Гарыг чинь баръя, гарыг чинь баръя.
Дууны шүлгийг орчуулсан Ж.Галтбилэг
Эх сурвалж Зууны мэдээ сонин 2020.7.17 № 136 (6361)