Б.ОЮУНЗУЛ
Хүүхдийн бие бялдар, хүмүүжилд спорт их нөлөөлдөг. Тиймээс энэ удаагийн “Бүнээ, Сүнээ хоёр” булангийн зочноор “Олимп” клубын таеквондогийн тамирчин 14 настай Г.Баасанцэрэнг онцолж байна. Нийслэлийн I дүгээр сургуулийн наймдугаар ангид суралцдаг. Таеквондогоор хичээллээд гурван жил болж байгаа. Энэ спорт нь дотроо олон янз байдаг бөгөөд манай зочин тулааны болон үзүүлэх урлагаар хичээллэдэг гэв. Тэрээр багаасаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан учраас аав ээж нь таеквондогоор хичээллүүлэхээр шийджээ. Одоо тэрээр хар бүс нэг дантай. Удахгүй хоёр дугаар дангийнхаа шалгалтыг өгөх гэж байгаа гэсэн. Түүний гаргасан амжилтуудаас дурдвал улсын аварга, олон улсын тэмцээнээс алт, мөнгөн медалийг хүртэж байжээ.
Анх Монгол Улсын таеквондогийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцсон аж. Г.Баасанцэрэн тухайн үед 10 настай жаахан охин дөнгөж л шар бүстэй болж. Харин түүний өрсөлдөгчийн хувьд улаан бүстэй нэлээн эршүүд, үсээ хойш нь сүлжсэн ширүүн байрын охин байсан учраас ихэд айжээ. Гэхдээ энэ тэнцүү өрсөлдөж чадсандаа баяртай байдаг гэж байлаа. Энэ спортоор хичээллэхэд хүндрэлтэй зүйл нь сунгалт хийх. Түүний хувьд ч гэсэн сунгалт хийх нь хүнд байжээ. Хүмүүс эмэгтэй хүүхдэд хүнддэх юм биш үү гэж их асуудаг гэсэн. Түүний бодлоор хүүхэд өөрөө л арга эвээ олоод дасгал хөдөлгөөнөө зөв хийгээд сурчихвал хүндрэл гарахгүй гэлээ. Түүнд өөрийнх нь насны хүүхдүүдээс хамгийн сайн нь Солонгосын хүүхдүүд гэсэн. Өрсөлдөгч нь өндөр биетэй байвал биеийн чац нь хүрэхгүй байх магадлал ихтэй хэцүү гэж байв. Г.Баасанцэрэнгийн дасгалжуулагч багшийг П.Пүрэвсайхан гэдэг. Түүний хувьд долоо хоногийн таван өдрийг дасгал сургалтдаа зарцуулдаг аж. П.Пүрэвсайхан багш нь бэлтгэл гэхээсээ илүү хүүхдүүдийнхээ сэтгэл санаанд илүү ач холбогдол өгч ярилцдаг юм байна. Мөн таеквондогоор хичээллэснээр хүүхдүүд хүндлэх, мэндлэх ёс, тэвчээр, хичээл зүтгэлтэй болдог тул энэ зуршлыг өөртөө бий болгохыг хүсвэл энэ спортоор хичээллээрэй гэж үеийнхнээ уриалж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.7.7 МЯГМАР № 131 (6356)