Д.ЖАВХЛАН

Сонирхогчдын болон мэргэжлийн боксын спортод 20 гаруй жил зүтгэж буй Куба улсын алдарт боксчин, олимпийн наадмын 60 кг-ийн шагналт байр, ЗДАШТ-ий аварга, Пан Америкийн аварга Мишел Леон Митханстай ярилцлаа. Тэрээр боксын рингэнд хүчтэйгээ харуулаад зогсохгүй олимп, дэлхийн наадмуудаас олон аварга төрүүлсэн агуу дасгалжуулагч юм.

 

-Манай сонины урил­гыг хүлээн авсанд баярла­лаа. Манай эх орон танд ямар санагдав?

-Би ч бас талархсанаа илэрхийлье. Монголд ирээд 20 гаруй хонож бай­гаа ч сонин хэвлэлд ярилц­лага өгөөгүй. Харин танай сони­ноор дамжуу­лан өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцах бол­сондоо баяртай байна.

Манай оронд цас ордоггүй юм. Тиймээс Монголын хүйтэн улиралд дасах гэж их л хөглөж байна даа. Ирэхээсээ өмнө цаг агаарын мэдээлэл авсан байсан ч миний төсөөлснөөс хавьгүй хүй­тэн юм. Гэхдээ хамгийн таатай нь Монголд ирээд удаагүй ч гарын шавьтай болсон шүү.

-Та шинэ оныг Монголд угтах юм байна. Ер нь цастай оронд шинэ он гаргаж байв уу?

-Анх удаа л цастай шинэ жил үзэх гэж байна. Сэтгэл хөдөлж байна шүү.

-Монголд ирэхээсээ өмнө манай орныг хэрхэн төсөөлж байв?  

-Монголчуудыг их уриалгахан, тусч, хүнлэг гэж сонссон. Танай оронд ирэх нэг шалтгаан нь энэ байлаа. /Инээв/

-Дэлхийд танигдсан тамирчин, дасгалжуулагч манай оронд ямар ажлаар ирсэн нь сонин байна?

-Боксын спорт эрчим­тэй хөгжиж байгаа Монго­лын ширэн бээлийт­нүүдтэй хамтран ажилла­хаар ирлээ. Энэ шийдвэр­тээ үнэхээр сэт­гэл ханга­луун байгаа. Бар­селоны олимпийн хү­рэл медальт Н.Баярсай­ханы үүсгэн байгуулсан боксын “Бар­селона” клуб­тэй хамтарч ажиллах бол­сон. “Барсе­лона” клубын дасгал­жуу­лагч Н.Мөнх­сай­хан бид хоёр Кубад боксын мэр­гэж­лийн сур­гуульд хамт сурч байсан юм. Бид нэ­лээд ярилц­саны дүнд хамтарч ажил­лах шийд­вэрийг гаргасан.

-Манай ширэн бээ­лийтнүүдийн хувьд чам­лахааргүй өндөр амжилт тив, дэлхий, олимпод үзүүл­дэг. Ирэх жилүүдэд ч энэ амжилтаа ахиулахыг зорьж байна. Харин таны хувьд ямар зорилго тавьж байгаа вэ?

-Монголын боксчид Лондоны олимпоос мөнгө, хүрэл медаль хүртсэн. Энэ амжилтыг ахиулж, гурваас дээш алтан медаль авах зорилго тавьж байгаа. Магадгүй медалийн тоо­гоор эхний гуравт ч орохыг үгүйсгэхгүй. Учир нь Мон­­голын үе, үеийн шилд­­гүүд болох Д.Бат­сүрэн, Д.Банди, Б.Ган­­бат, Алтанхуяг Н.Мөнх­сайхан нарын 15 хүн хамтарч ирэх олимпод бэлдэх гэж байна.

-Гэхдээ олимпийн ринг хатуу шүү дээ?

-Хамгийн чухал нь бэлтгэл байдаг юм.

-Тэгвэл бэлтгэлээ сайн базаахад саад болох зүйл байна уу?

-Багийн бэлтгэлийн ерөнхий төлөвлөгөө байхгүй юм билээ. Үүнд л харамсч байна. Бас зохион байгуулалт тааруухан. Нэг зүйлийг онцлоход миний хувьд танай улсын шиг­шээ багтай бус “Барсе­лона” клуб­тэй хамтарч ажиллахаар гэрээ бай­гуулсан. Гэхдээ Монго­лын боксын шиг­шээ баг надтай хамтарч ажиллавал дуртайяа зөвшөөрнө.

-“Барселона” клубт хэдэн насны хүүх­дүүд хичээллэж байна?

-11-14 насны хүүх­дүүдтэй ажиллаж байна. Хүүхэд бүрийн насны онц­логт тааруулан ачаал­лыг нь янз бүрээр өгдөг. Энэ хүүхдүүдээс олимп, дэлхийн аварга гарна гэдэгт итгэлтэй байна. Би Монголоос олимпийн хэд, хэдэн аварга төрүүлэх зо­рилготой ирсэн. Зорил­годоо хүрнэ гэдэгт итгэл­тэй байгаа.

-Ер нь хүүхдүүдийг хэдтэй­гээс нь боксоор хичээллүүлбэл үр дүнтэй байдаг вэ. Жишээ нь, та өөрөө боксын спор­тоор хэдэн наснаасаа хичээллэж эхэлсэн бэ? 

-Манай Кубад хүүх­дийг бага байхаас нь спор­тоор хичээллүүлдэг. Би 12-той­гоосоо хичээллэж эхэлсэн.

 -Шавь нар чинь ямар амжилт гаргаж байв?

-Бүх шавийнхаа ам­жил­тыг дурдвал сонинд багтахгүй байх. 64 кг-ын жинд тулалд­даг Сотолонго гэж залуу боксчин бий. Тэр “Лондон-2012” олимп, 2012 оны Дэлхийн аварга болсон. Өсч яваа сайн тамирчин. Мөн 56 кг-д тулалддаг Лазаро Алварис энэ жил дэлхийн аварга болсон. Бээжингийн олимпийн 51 кг-ын жинд мөнгөн медаль авсан Андре Лафита ч энэ жи­лийн Дэлхийн аварга бол­сон. Үүнээс гадна Пан Америкийн аварга гээд тив, дэлхийн тэмцээнүү­дэд сайн оролцдог шавь нар зөндөө бий.

-Шавь тань аварга болсон Лондоны олимпийн дурсамжаасаа хуваал­цахгүй юу?

-Би Лондоны олим­пийг хоног тоолон хүлээдэг байв. Сотолонго олимпийн аварга болох нь тодорхой байсан учраас л тэр шүү дээ. Олимпийн аварга болсон тэр агшинг юутай ч зүйрлэмээр юм. Анх надад шавь болохоор ирж байсан тоглоомноосоо салдаггүй 12-той бяцхан хүү санаанаас гардаггүй. Гэтэл нэг л өдөр олимпийн аварга болчихоор сонин мэдрэмж төрдөг юм билээ. Сотолонго, Алварис нар бараг л нэг өдөр над дээр ирж байлаа. Энэ хоёр хүний амжилтын цаана баг хамт олны хүчин чармайлт байсан гэдгийг дурдах хэрэгтэй. Надад гурван туслах багш байдаг.

-Хэрэв таны бэлдэж буй Монгол шавь нар Рио де Жанейрогийн рингэд Сотолонго, Алварис нартай учраа таарвал танд ямар байх бол?

-Би муу боксчин бэл­дэхгүй учир шигшээ тог­лолтод таарах нь тодорхой. Шавь нар хоорондоо олимпод ч юм уу, дэлхийн аваргын рингэнд таарч болох юм. Тэгэхээр мон­гол шавь нартаа Сото­лонго, Алварис нарыг яла­хын тулд уйгагүй хөдөл­мөрлөх хэрэгтэйг захина даа. Сотолонго, Алварис хоёр дасгалжуулагч­гүй­гээр бие даан тулалдах чадвартай тамирчид болсон. Гэхдээ монгол шавь нар маань тэдэнтэй учраа таарах юм бол надад амар байх болно.

-Яагаад тэр вэ?

-Би тэр хоёрын зүүд­лэ­хийг нь хүртэл мэднэ шүү дээ. Шинэ, хуучин шавь нар хоорондоо учраа таарвал харин ч амар байх болно. Тэр мөчийг тэсэн ядан хүлээж байна.

-Монгол хүүхдүүдэд Куба школ хэр нийцэх бол?

-Куба школ гэж яриад байдаг. Гэвч үнэндээ бид Оросын арга барилаар тулалддаг. Монголчууд мөн адил. Кубууд нэг сургалттай ч өөр байдгийн учир нь Куба үндэсний бүжгийн онцлогт тааруу­лан тулалддагаараа ялгар­даг. Тэгээд куба школ гэж яриад байдаг юм. Ер нь бол Куба, монгол хоёр адилхан орос школтой.  Гэхдээ Куба тамирчдын рингэн дээрх арга барилыг монгол хүүхдүүдэд сурга­вал их сонин юм гарч мэдэх юм шүү.

-Монгол, куба хүүхдийн онцлог ялгааг олж харав уу?

-Монгол хүүхдэд дөр­вөн цагийн улирал нөлөөл­дөг юм болов уу. Их л тэсвэр, тэвчээртэй юм билээ. Мах иддэг болоод тэр үү, их бяртай байсан шүү (Инээв). Монгол хүү­хэд куба хүүхдийг бодвол заасан зүйлийг бие даан сурах чадвартай. Хөдөл­гөөний эвсэлтэй юм билээ.

-Хоёр улсын спортод хандах хандлагын зөрүүг анзаарав уу?

-Кубын төр засаг спортыг бүх талаас нь дэмждэг. Тэр тусмаа бок­сыг онцгой сайн харж үздэг. Харин монголчууд Афины олимпоос хойш л спортод арай өөр хандах болсон гэж дуулсан. Түү­ний үр дүн нь Бээжингийн олимп байна шүү дээ.

-Ер нь Дэлхийн аварга төрүүлэхэд хэдэн жилийн хугацаа шаардагдах вэ?

-Яг хугацаа хэлэх боломжгүй. Гол нь тухайн хүн сахилга баттай, сайн бэлтгэл хийж чадах юм бол аварга болоход хэцүү биш.

-Таны шавь нар нэг бэлтгэл дээр хэд суниах нормтой вэ?

-Би 12-оос дээш нас­ны хүүхдүүдтэй ажилла­даг. Тэд ачаалал даах чад­вартай болчихсон байдаг. Нэгдүгээр зэргийн тамир­чид багадаа л 80-100 суниах ёстой. Ер нь тест авсны дараа ямар ачаалал өгөхөө шийддэг. 

-Та 56, 60, 64 гэсэн жинг л онцолдог юм шиг байна. Гэтэл энэ жинд ма­най олимп, дэлхийн авар­гууд олимпод бэлдэж бай­гаа. Боксын бээлийгээ ч зүүж үзээгүй хүүхдүүд тэд­нийг ялаад олимпод орно гэдэгт эргэлзэж байна?

-Би бүх жинд шавь бэлдэх зорилготой байгаа. Эцсийн үр дүн нь чухал. Хэн олимпод орох нь хамаагүй. Миний шавь нарыг та голоод байх шиг байна. Дөрвөн жил гэдэг асар их хугацаа. Рио Де Жанерогийн олимп надад том боломж олгож байгаа. Дөрвөн жилийн дараа та миний шавь нарыг хараад танихгүй, гайхсандаа толгой сэгсэрнэ гэдэгт мөрийцсөн ч болно шүү.

-Манай тамирчдаас ясны сайн тамирчин гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-Мэдээж гурван олимп дараалан оролцсон Лон­доны олимпийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ. Энэ олим­под түүний жинд У.Мөнх-Эрдэнэ шиг ту­лалд­сан сайн тамирчин байгаагүй. Мөн Н.Төгс­цогтыг их амжилт тосч байгаа.  

-Таны шүтэн биширдэг боксчин гэвэл?

-91 кг-ын жинд тулалддаг Роберто Баладо гэж агуу боксчин байсан. Түүний тулааныг харахаар өөрийн эрхгүй сэтгэл хө­дөлдөг. Түүнийг бүх цаг үеийн амжилтыг эвдэх бай­сан гэж боддог. Харамсал­тай нь осолд орж нас барсан.

-Монгол үндэсний хоол танд хэр зохиж байна вэ?

-Манай орон халуун учир цай, хоол нь сэрүүн талдаа байдаг. Гэтэл энд эсрэгээрээ халуун цай, хоол иддэг юм билээ. Гэхдээ энэ бүхэн бэрхшээл биш. Дасан зохицож чадна.

-Ямар үед хамгийн их баярладаг вэ?

-Мэдээж олон жил спортод хүчин зүтгэсэн учраас рингэн дээр шавь нар маань илүүрхэж байхыг харахад сайхан байдаг. Мөн миний хамгийн дуртай бэлэг шавь нарын маань хөлстэй гараараа дамжуулан өгч буй алтан медаль.