П.МӨНГӨНСОР

 

Энэ удаагийн “Хүмүүс” буланд Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач, СУИС-ийн хүндэт доктор, багш З.Уянгатай урилаа. Тэрээр хөлд орохдоо л зурж эхэлсэн. Жаахан хүүхэд бүр сонирхоод зурдаг шүү дээ. Түүний аав театрын зураач байсан бөгөөд ихэнхдээ шөнө бүтээлүүдээ хийдэг байсан аж. Унтахынхаа өмнө аавынхаа юу хийж байгааг ойлгодоггүй ч өглөө босоод харахад үлгэрийн юм шиг макет, тайзны декерац хийчихсэн байдаг болохоор хэзээ нэгэн цагт ийм зүйл хийдэг хүн болно доо гэж боддог байсан нь урлагийн замд хөтөлсөн гэж байлаа. Мөн түүний ээж балетын бүжигчин. Тиймээс өссөн орчин нь театртай нягт холбоотой.З.Уянга багш 31 жил уран бүтээлээ туурвиж байна. 1989 онд Оросын И.Е.Репинийн нэрэмжит урлагийн акедемийг дүүргэж ирээд МУБИС-д дөрвөн жил багшилжээ. Анхны үзэсгэлэнгээ 1994 онд гаргаж байсан бол удахгүй 27 дахь үзэсгэлэнгээ гаргах гэж байна.

 

Нэг сая долларын үнэтэй “Зүүд”

 

Түүний “Зүүд” бүтээл нэг сая ам.доллараар үнэлэгддэг. Энэ бүтээлийнх нь талаар тодруулахад “Би багадаа анх “Жизель” балетыг үзэж байсан юм. Тухайн үед Жизелийг үхсэний дараа олон сахиусан тэнгэр бүжиглэдэг хэсэг миний сэтгэлийг их хөдөлгөсөн. Одтой тэнгэр дээр далавчтай охидууд бүжиглээд, эрвээхэй ч юм шиг, цэцэг ч юм шиг тэр дүрслэлээс санаа авч хийсэн. Бүтээлээ Венецид байхдаа гурван сар гаруй хийсэн. Дүрслэх төмөр бар буюу төмөр дээр сийлж, ухаж хийсэн. Гэхдээ мөнгөөр үнэлэшгүй зүйл гэж бий. Уран бүтээлч хүний хувьд үнэлж баршгүй бүтээл нэлээд бий. Урлагт нэг зураас ч сая.доллараар үнэлэгдэж болно. Учир нь  тэр зураасыг хэн ч дахин давтаж чадахгүйд байгаа юм. Тухайн уран бүтээлч өөрөө ч давтаж чадахгүй. Урлаг судлаачид үүнийг амьтай бүтээл гэж нэрлэдэг. Урлаг гэдэг өөрийн мөн чанартай, сүнстэй байдаг. Миний хувьд зөвхөн зургийн техникүүдийг сурахад 11 жил зарцуулсан. Түүнээс хойш дор хаяж 10 жил уран бүтээл туурвиж үзэсгэлэнгүүдээ гаргасны дараа би үнэхээр зураач болжээ гэсэн итгэл үнэмшил төрсөн. Мэдээж хамт олон, зураачдын хандлага, үнэлэмж том нөлөөтэй байдаг. Зураач хүн гарын, нүдний, оюуны ур нийлж байж гайхамшгийг бүтээнэ. Сүнстэй бүтээл туурвина гэдэг бол их нарийн, үгээр хэлж болшгүй нандин мэдрэмж байдаг” гэсэн юм.

З.Уянга багшид 10, 20 жил зурсан зураг ч байна. Заримдаа өдөрт нэг уран бүтээл гаргах тохиолдол байдаг гэв. Анхны санаа төрөөд түүнийгээ скийз болгоод хадгалчихсан олон бүтээлтэй. Цаг нь болоогүй юм уу байгаад байдагт өөрөө ч гайхдаг аж. Ер нь бүтээлүүдийг яг хүн шиг өөрийн гэсэн төрөх өдөртэй гэж боддог ажээ. Тэрээр долоон балетын үзэсгэлэн гаргасан байна. Анхны үзэсгэлэнгээ ээжийнхээ 60 насны төрсөн өдөрт зориулж гаргаж байсан аж. Түүний ээж социализмын үед хамгийн алдартай бүжигчин байж. Тухайн үеийн бүжигчид бүгд бэлтгэлээ хийж, хөдөлмөрлөдөг байсан. Тэр үеийнхэн ямар их хүч хөдөлмөр гаргадгийг харж, мэдэрсэн хүн. Нийгэм ч солигдож, тухайн үеийн уран бүтээлчид мартагдаж эхэлсэн. Тиймээс залуу үеийнхэндээ хандан ахмад уран бүтээлчдээ санаж, дурсаж яваарай гээд үзэсгэлэнгээ гаргасан. Өөрийн эрхгүй л хиймээр санагддаг. Зураач хүн бүрийн амьдралдаа үзэж туулсан нь уран бүтээлээр нь дамжиж гардаг. Хорвоо  дээр огт байхгүй зүйлийг бүтээдгээрээ зураач хүн онлогтой гэж байсан.

 

Бүтээлүүдээрээ санаа өгөхийг хичээдэг

 

Мэдээж бүтээл бүрээрээ ямар нэг санаа өгөхийг хичээнэ. Сонирхолтой жишээ хэлэхэд монгол цэргүүд поло тоглодог байсан гэсэн нийтлэлийг уншсан байна. Түүгээр бүтээл хийгээд дэлхийд монголчууд полог зохиосон юм шүү гэдгийг харуулахыг  хүссэн. Цаана нь нар жаргаж байхад монгол цэргүүд поло тоглоод наадаж буй дээр үеийн хадны зураг шиг зохиомжтой. Тэр бүтээлээ зүгээр поло гээд нэрлэчихсэн. Швейцарьт үзэсгэлэнгээ гаргасны дараа “Дэлхийн полоны холбоо”-ны ерөнхийлөгч түүний зургийг хараад уулга алдан худалдаж авчээ. Уран бүтээлч хүн маш хүчтэй, юу ч хийж болдгийг харуулж байна. Байхгүй зүйлийг бий болгож болж байхад өнөөгийн бидэнд байгаа өв түүхийг уран бүтээлээрээ дамжуулж нотлох бүрэн боломжтой юм.

Тэрээр залуучуудад хандаж их зүйл хийхийг хүсдэг.  Өнөөдөр түүний амьдралаас илүү Монголын ирээдүй чухал. СУИС-д багшилж байгаа нь үүнтэй холбоотой. Аль  болох олон шавь төрүүлээд, түүний мэддэг чаддаг зүйлийг сурч Монголын бар зургийн урлаг хөгжөөсэй гэж боддог гэсэн. Түүний 10 жил зовж сурсан зүйлийг залуус 2-3 жилийн дотор сурах боломжтой. Мөн залуучуудыг түүх, соёлоороо бахархдаг, зөв хандлагатай байгаасай хэмээн хүсдэг гэж байлаа.

З.Уянга багш урлаг амьсгалах ёстой. Хүүхэд байхдаа Пиеррэ Рэнаурт дуртай байсан. Анх 1980 онд Эрмитажийн музейд Рэнаурын “Төгөлдөр хуурч” зургийг харах тусам хөгжимчний хуруунууд хөдлөөд байгаа юм шиг санагдаж сэтгэл их хөдөлсөн. Гэхдээ хичнээн агуу бүтээл ч гэсэн хэт ихийг хараад ирэхээр хүн жаахан залхдаг юм байна лээ. Би бүтээлээ хэддүгээр зууны үзэгчдэд зориулж байгаа вэ, хойч үеийн үзэгчид надаас өөр юм хүснэ гэдгийг бодож уран бүтээлээ туурвихыг хичээдэг. Би хүний үзэл бодол зүрх сэтгэл бүх зүйл хоорондоо холбоотой гэдгийг ойлгосон. Бид соци нийгмийн хүн учраас ингэж болохгүй, тэгж болохгүй гэсэн хэлбэрт баригдчихсан байдаг юм байна лээ. Гэтэл би чинь уран бүтээлч хүн шүү дээ. Ингэж өчүүхэн сэтгэж болохгүй юм байна, бидний муу гэж жигшдэг зүйлсээс ч сайхан зүйлийг харж болох юм байна гэж ойлгосон. Тэгээд л миний зурагнууд өөр болж,  надад таалагдаж эхэлсэн. Одоо бол би бүх зүйлээс сайхныг нь олж хардаг, үнэхээр аз жаргалтай хүн гэж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.30  МЯГМАР № 126 (6351)