Б.Оюунзул 

Монголын хамгийн анхны охидын хамтлаг “Уруулын будаг” 1999 онд байгуулагдсан байна. 1999 -2005 оны хооронд Монгол Улсын урлагийн салбарт шинэ өнгө төрөх нэмэн чамлахааргүй амжилт гаргасан хамтлаг юм. Сэтгүүлч Ш.Гүрбазар анх охидуудын хамтлагийг харж тэднийг дуучин болгохоор ая зохиогч Б.Долгионтой уулзуулжээ. Ая зохиогч Б.Долгион продюссерлэж, ахлагчаар нь Ц.Дэлгэрмааг сонгож гишүүнээр нь Г.Ичинхорлоо, М.Гэрэлтуяа, С.Ганчимэг,  хожим Ш.Энхжаргал нар нэгдсэнээр “Уруулын будаг” хамтлаг байгуулагдсан байна. 


Охид өөрсдөө гитар, бөмбөр, даралтат хөгжим дарж, бүгд хоолой сэлгээд ээлжлэн дуулдаг байв. Тухайн үед “Уруулын будаг”, “Эмоушн” гэсэн охидын хоёр хамтлагтай байв. “Уруулын будаг” хамтлагийн шилдэг дуунууд бол “Хонгор намрын салхин дор", “Зуны дурлал”, “Хүрээ хүүхнүүд”, “Чамгүйгээр” гэсэн дуунууд байлаа. Тэд Монголын рок, поп амьд хөгжмийн охидын хамтлаг гэдгээрээ цахиур хагалан гарч ирсэн түүхтэй. Тус хамтлагийнхан “Хүрээ хүүхнүүд”, “Lipstick”, “Хэлж амжаагүй хайр” гэсэн гурван цомог гаргасан байна. Энэ хамтлаг нэг жилийн хугацаанд “Хүрээ хүүхнүүд”, “Уруулын будагтай хацар” хэмээх бие даасан хоёр тоглолт хийжээ. 
Охидын анхны хамтлаг таван жилийн хугацаанд таван удаа бие даасан тоглолт хийсэн байна. Одоо тус хамтлагийн гишүүд хувийн амьдралаа хөөн тус тусдаа ажиллаж, амьдарч байгаа. Тэдний талаар товчхон мэдээлэл хүргэвэл хамтлагийн ахлагч Ц.Дэлгэрмаа нь өдгөө хөгжим судлаач, докторын зэрэгтэй “Хөгжмийн гоц авьяастан”-ы багш мэргэжлээр БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа. Тэрээр Ионсей их сургуульд магистрын зэрэг хамгаалахдаа “Гоц авьяастай хүүхдүүдийг хэрхэн, яаж зөв сонгож авах вэ” гэсэн сэдвийг сонгож хамгаалсан нь түүний ажлын гараа болжээ. Хамтлагийн гишүүн С.Ганчимэг Франц улсын Парис хотод амьдардаг. Тэнд өөрийн уран бүтээлээ хийж, "Есөн" хэмээх хамтлаг байгуулж цомог гаргасан байна.
Харин хамтлагийн гишүүн М.Гэрэлтуяа олон жил гадаадад сурч, амьдарч байгаад эх орондоо ирж. Хамгийн сүүлд АНУ-д магистр хамгаалж ирээд хувийн бизнесийг эхлүүлсэн байна. Хамтлагийн гишүүн Г.Ичинхорлоо хамтлаг тарсны дараа Санхүү эдийн засгийн сургуульд магистр хамгаалж, 2007 оноос хойш Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёлын газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа аж. Хамтлагийн гишүүн Ш.Энхжаргал “Шинэ Монгол” сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байгаа. “Уруулын будаг” хамтлагийнхан  20 жилийн дараа эргэн нэгдэж, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгионы “Учралын блюз” тоглолтод оролцсон нь сонсогчдынх нь хувьд том бэлэг болжээ.  

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 2020.6.25 № 123 (6348)