Б.ОЮУНЗУЛ

 

Бид энэ удаа АНУ-д зохиосон “Crescendo” олон улсын өсвөрийн хөнжимчдийн уралдаанд III байр эзэлсэн авьяаслаг хүү Б.Соронзонг онцоллоо. Тэрээр 84 дүгээр сургуулийн VI ангид суралцдаг, төгөлдөр хуур тоглоод дөрвөн жил болж байгаа аж. Анх аавтайгаа сургуульдаа явж байгаад төгөлдөр хуурын дугуйлангийн зарыг хараад бүртгүүлсэн бөгөөд II ангиасаа төгөлдөр хуур тоглож сурчээ. Түүнээс хойш 30 гаруй ая тоглож сурсан байна. Төгөлдөр хуур тоглоход гар нь жижигхэн болохоор нэг актаваас нөгөө актавыг авахад хэцүү байсан. Дандаа гарандаа тааруулж урт биш богино ая тоглодог байсан гэв. Мөн жижигхэн гартай болохоор ихэвчлэн хурдан тоглодог ая сурсан гэж байлаа. Одоо өөрийгөө таниулахын тулд урт ая сурч байгаа гэсэн. Түүний хувьд илүү уянгалаг санагддаг хөгжмийн хаан гэдэг утгаараа бусад хөгжмөөс илүү хэмээн бяцхан хөгжимчин ярьж байв.

Б.Соронзон зургаан тэмцээнд оролцсон бөгөөд анхны тэмцээндээ их сандарсан болохоор шагналт байрт үлдэж чадаагүй. Би тэр тэмцээнд “Халуун элгэн нутаг” бас нэг ая тоглосон. Хөл чичрээд аяаа дуусгачихаад тайзан дээр байсан шүүгчиддээ ёслохоо хүртэл мартсан. Харин дараагийн тэмцээнүүддээ амжилттай сайн оролцож бүгдээс нь шагнал авсан. Төгөлдөр хуур тоглож сурахад багш хүн их сайн байх ёстой. Манай багш надтай сайн тулж харьцдаг. Надад нэг ая тоглуулж сургахын төлөө өөрийнхөө үнэтэй цагаа харамгүй зарцуулдагт нь их баярладаг. Харин гэр бүлийнхний хувьд хамгийн сайн дэмждэг хүн гэвэл манай дүү, аав хоёр. Тэмцээн болгонд хамт явж намайг дэмждэг. Б.Соронзон гээд шагнал гардуулахаар намайг дуудахад надаас илүү баярладаг. Шагналаа аваад хүрч ирэхэд аав үнсэж, дүү маань “Та шагнал авсан мундаг” гэх нь хамгийн гоё мэдрэмж гэсэн юм.

Тэрээр хүүхдүүд төгөлдөр хуур тоглож сурснаар цагийг үр дүнтэй өнгөрүүлэхээс гадна бусдад өөрийгөө таниулах, нийтэч болсон гэж байлаа. Мөн тэрээр хөгжмөө тоглож байхдаа тайвширлыг авдаг гэж хэлсэн. Б.Соронзон дэлхийд алдартай төгөлдөр хуурч болохыг мөрөөддөг. Түүний хүндэлдэг дагаж дуурайхыг хүсдэг төгөлдөр хуурч бол хөгжмийн зохиолч Б.Чинбат юм. Ирээдүйд тэрээр Монголынхоо нэрийг сонгодог хөгжмөөр дэлхийд гаргахыг зорьсон хичээнгүй нэгэн авьяаслаг бяцхан төгөлдөр хуурч юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.23  МЯГМАР № 122 (6347)