О.ЭНХЖИН
“Бизнес хөгжил” булангийн зочноор олон нийтийн сүлжээнд шууд дамжуулалт хийх тусгай платформ “ZoomLiveTV” компанийн маркетингийн менежер Б.Өсөхбилэгийг урьж ярилцлаа.
-Өнөөдөр олон нийтийн сүлжээний плат-формууд буюу фэйсбүүк интсаграмм зэрэгт шууд дамжуулалт буюу лайв бичлэгийг өргөнөөр ашиглаж байна. Тэгвэл “Zoomtv” аппликейшн эдгээрээс ямар ялгаатай юм бэ?
-Манай “Zoomtv” аппликэйшн нь ерөнхийдөө лайв стрим буюу Монголоор бол шууд дамжуулалт гэсэн утгатай. Фэйсбүүк, инстаграм дээр лайв хийдэг шүү дээ.
“Zoomtv” аппликейшн бол үүнтэй ижил шууд бичлэг хийгээд үзэж буй хүмүүсээсээ купон, бэлэг цуглуулах зарчмаар мөнгө олох боломжтой төрлийн апп юм. Гэхдээ мөнгө олохыг бас хамгийн гол зүйл нь гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл энэ апп-аар дамжуулаад хэрэглэгч олон найз нөхөдтэй болох, дэлхийн аль ч улсаас монголчуудтайгаа холбогдох боломжтой юм.
- Яагаад энэ төрлийн бизнест хөл тавих болов?
- Миний хувьд энэ салбарт хөл тавьсан, өөрөө сонгосон гэхээс илүүтэй хийх ёстой зүйлээ л хийгээд явж байгаа гэж боддог. Бид энэ төрлийн бизнесийг сэдэж санаачлаагүй гэдгийг юун түрүүнд хэлмээр байна. Энэ салбарт яагаад ороод ажиллаж байгаа вэ гэвэл Монголд болоод дэлхийн зах зээлд гар утасны апп томоохон хөрөнгө оруулалт, үндэсний баялаг болох төлөвтэй байна. Жишээлбэл, Хятадад байдаг том том гар утасны аппликэйшнүүд уул уурхайгаас илүү ашиг олоод байгаа нь дэлхийн зах зээлд хэр эрэлттэйг харуулж байна. Уул уурхай бол шавхагдана.Энэ төрлийн апп-ийг Монголдоо суурьшуулаад, хөгжүүлж чадвал байгалийн баялагаас илүү ирээдүйтэй, бас шавхагдашгүй нөөц болох юм. Тиймээс Монголдоо бизнесээ таниулахыг эрхэм болгож байгаа.
- Аливаа бизнесийг эхлүүлэх тэр дундаа анхдагч болох нь хэцүү шүү дээ. Хүмүүсийн өргөнөөр ашигладаг фэйсбүүк инстаграммтай өрсөлдөж гарч ирэхэд хэцүү биш үү?
- Бид баг, хамт олноороо ажилладаг. Шантарч байсан үе бий ч сар бүр бидний амжилт өмнөхөөсөө ахисаар байгаа. Учир нь иймэхүү аппликэйшн Хятад, Солонгос, Бразил, Мексик гээд бусад орнуудад хөгжөөд, хөгжил нь Монголоос дөрвөн жилээр түрүүлчихсэн байгаа. Манайд бол гар утасны апп-ыг амьдралдаа хэрэгжүүлэх, түүгээрээ орлоготой болох боломжууд одоогоор цөөн байгаа гэх үү дээ. Тэгэхээр зах зээл нь шинэ, хөгжих боломж сайн байгаа гэсэн үг. Гадаадад, жишээлбэл Хятадад гэхэд л энэ төрлийн апп-ын талаар иргэд нь ямар нэг мэдэгдэхүүнтэй болчихсон байдаг. Харин манай улсад аппликейшныг амьдралдаа ойртуулж хэрэглэх массын чадвар тийм ч өндөр биш. Монголд иргэд өдөр тутамдаа 3-5 аппликейшн л дунджаар хэрэглэдэг бол өөр улс орнуудад доод тал нь арвыг хэрэглэдэг ч гэх юм уу. Хөгжиж дөнгөж эхэлж байгаа болохоор боломж их байгаа.
- Салбартаа анхдагч гэж ойлгосон. Монголд энэ төрлийн аппликэйшн хөгжүүлэгчид, танайхтай өрсөлдөгч компаниуд хэр их байдаг бол?
- Тийм ээ. Анх биднийг гараагаа тавихад өөр ийм төрлийн апп хөгжүүлэгч компани байгаагүй. Энэ төрлийн компаниуд одоо үүсэж эхэлж байгаа. Зах зээл нь байгаа учраас хөгжих нь тодорхой гэж бодож байна. Одоогийн байдлаар өрсөлдөөн гэхээс илүү бүгд л аппликэйшнээ улсдаа, хэрэглэгчдэд таниулах гэж хичээж байна. Энгийн хэрэглээ болгохыг бүгд хүсч байгаа гэсэн үг. Миний мэдэхээр 2-3 компани яг одоогоор энэ чиглэлээр ажилладаг.
- Танай апп бусдаас юугаараа онцлог, давуу талтай вэ?
-Илүү энгийн, хэрэглээ талдаа гэх юм уу даа. Энэ төрлийн апп-д онцгой байх хэрэггүй байдаг. Хэрэглэгчдэд ойлгомжтой, хэрэглэхэд амар байх хэрэгтэй учир хэрэглээ талдаа, ойлгомжтой байх нь чухал. Жишээлбэл, манай улсад фэйсбүүк дээр лайв хийхэд хэцүү шүү дээ. Хар сөрөг сэтгэгдэлүүд их байдаг. Тэгэхээр иймэрхүү төрлийн апп ашиглахаар тухайн хүнд ичиж санаа зовох асуудал их гараад байдаг. Харин манай аппликэйшн бол илүү энгийн, эерэг гэж ойлгож болно. Нэгэндээ бэлэг өгөх чинь өөрөө их эерэг зүйл шүү дээ. Авч байгаадаа ч тэр, өгч байгаадаа ч тэр.
- Та нар компанидаа гарах хүндрэлийг хэрхэн зөв шийдвэрлэдэг вэ. Гол баридаг арга барил гэж байгаа юу. Амжилттай компанийн үндэс нь таны хувьд юу вэ?
- Хүндэл бэрхшээл гарахад мэдээж хамгийн түрүүнд судалгаа хийнэ. Улс дотроо, хэрэглэгчдээ судлах гээд л. Гэхдээ Монголд өмнө нь байгаагүй, шинээр гарч ирж буй төрлийн бизнес учраас бидний үлгэр дууриал авах зүйл бол ижил төрлийн өөр улсад хөгжсөн аппликэйшнүүд байдаг. Дээр хэлсэнчлэн бусад улсуудын иймэрхүү апп хөгжүүлэх бизнес манайхаас хэдэн жилээр түрүүлчихсэн байдаг. 700 сая хэрэглэгчтэй эсвэл дэлхийг хамарч чадсан аппликэйшн гээд олон бий.
- Өөрийн гэсэн онцлог шинжтэй, дотооддоо танигдаж буй аппликэйшний хувьд дэлхийн зах зээлд өрсөлдөх бодол байгаа юу. Тийм боломжоо судалж эхэлсэн үү?
- Бидэнд төлөвлөсөн зүйл байгаа. Боломж хангалттай байгаа шүү дээ. Гадаад улсуудын түвшинд гарна гэвэл урд, хойд хөрш дээр илүү анхаарлаа төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Хойд хөрш гэвэл Буриад гэдэг манай Монгол үндэстэн байна. Нөгөө талд Хятадад бол Өвөрмонголчууд бий. Бидний харж буй зах зээл энэ талууд руу түлхүү чиглэсэн. Гэхдээ өөр боломжууд байхыг ч үгүйсгэхгүй. Эхлээд улсдаа сайн танигдаад цааш хүрээгээ тэлж болно.
- Энэ төрлийн апп хөгжүүлж эхлэх гэж байгаа хүмүүст та юу гэж зөвлөмөөр байна?
- Яг зөвлөгөө гэхээр хэцүү. Төрөл нь өөр өөр байдаг. Манайхтай ижил аппликэйшнд би зөвөлгөө өгье гэвэл өрсөлдөгч байгууллага шүү дээ. Өрсөлдөгчдөө зөвлөгөө өгөх нь ч хаашаа юм. Харин энэ төрлийн бизнесийг сонирхож эхэлж байгаа хүмүүст манайхтай хамтрана гэвэл манай охин компани болоод ажиллах боломж бол бий. Бизнесмэн хүний хувьд ижил төрлийн апп бага байх тусам бидэнд ашигтай учраас нарийн хариулах боломжгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.6.10 ЛХАГВА № 113 (6338)