Б.ОЮУНЗУЛ
Бид энэ удаагийнхаа “Бүнээ, Сүнээ хоёр” буландаа бяцхан төгөлдөр хуурч А.Ивээлийг онцолсон юм. А.Ивээл анх дөрвөн настайдаа төгөлдөр хуур тоглож сурсан байна.
2015 онд төгөлдөр хуурын дугуйланд явж эхэлсэн А.Ивээл одоо хэний ч сонорыг мялаах гайхалтай сонсголонтой дардаг болжээ. Төгөлдөр хуурыг тоглож сурахад түүнд хүндрэлтэй зүйлс байгаагүй гэв. Учир нь түүний багш О.Цацрал бяцхан шавь нартаа зориулан ноотоо өнгөөр цээжлүүлэн заадагтай холбоотой аж. А.Ивээл төгөлдөр хуурыг хамгийн гоё, сонгодог хаан хөгжмийн зэмсэг гэж боддог. Тиймээс шимтэн суралцсан тухайгаа хэлж байв. Түүний хувьд жилдээ 2-3 уралдаан тэмцээнд оролцож, тэр бүртээ амжилт гарган шагналт байрууд эзэлж иржээ. Анхны оролцсон тэмцээн нь Дархан хотод болсон Классика улсын уралдаан байсан бөгөөд анх тайзан дээр гарахдаа ихэд сандарч байснаа дурсав. Хэдийгээр анхны тэмцээн боловч амжилттай оролцон алтан медаль хүртсэн нь төгөлдөр хуур хөгжимдөө илүү дурлах, сайн суралцах урам өгснийг бяцхан авьяастан хэлсэн юм. Түүний дараа Япон улсад зохиогдсон тэмцээнд оролцож өөрийн насны ангилалд тэргүүн байр эзэлж, цомын эзэн болсон байна.
А.Ивээл “Би ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцохдоо заавал түрүүлнэ гэж боддоггүй. Зүгээр л надад итгэсэн хүмүүсийн итгэлийг алдахгүйг л хичээдэг” гэсэн юм. 2019 онд түүнийг Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Шилдэг хүүхэд” алтан медалиар шагнажээ. А.Ивээл Монголын хамгийн шилдэг төгөлдөр хуурч болох том мөрөөдөл, зорилготой. Урлаг бол түүний хүсэл мөрөөдөлдөө хүрэх хамгийн сайн найз нь юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.5.26 МЯГМАР № 103 (6328)