Д.НАДМИД

 

“Цагаан лавай” дуу бүжгийн чуулгын захирал Д.Ганболд ингэж ярьж байна.

 

-Юуны өмнө танай хамт олонд баяр хүргэе. “Миний цэцэн хурга” хүүхдийн дуулалт бүжгийн жүжгийг юнивишн, скаймедиа сувгаас үзсэн багачуудын сэтгэгдэл өндөр байгаа санагдлаа. Ялангуяа авьяаслаг охин А.Энжигийн дуулсан энэ жүжгийн хурганы дуу тэдэнд таалагдсан байна.

-Баярлалаа. Коронавирус гэх цар тахал өвчин гараад бидний санасан бодсон юм хойшлогдчихлоо. Уг нь бид  төмөр хулгана жилийн сар шинээр шинэ уран бүтээлийнхээ нээлтийг тайзнаа хийх төлөвлөгөөтэй байсан юм. Шинэхэн бүтээлээ хэд хэдэн телевизийн сувагт байршуулаад байна. Хорио цээр тавигдсаны дараа дүү нартайгаа чуулгынхаа тайзан дээр баяртай уулзах тэр өдрийг хүлээж сууна.

-МЗЭ-ийн шагналт зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Г.Батаа та хоёрын цомнол, найруулгаар ҮДБЭЧ (ҮУИТ)-ын тайзнаас ишиг,  унага, ботгоны тухай дуулалт бүжгийн жүжиг тоглогдож тус чуулгын 60 жилийн түүхэнд хүүхдэд зориулсан анхны уран бүтээл болсныг мэдэх юм. “Миний цэцэн хурга” хэрхэн бүтсэн тухай сонирхоё.

-Түрүү гурван жүжиг тус бүрдээ 100 хол давуу уран бүтээлч арын албаныхны хүч хөдөлмөрөөр үзэгчдэдээ хүрч байв. Ботгоноос бусад хоёр нь жил жил дамнан олон удаа тоглогдсон. Хөгжмийн зохиолчоор нь Г.Бирваа, Р.Бат-Эрдэнэ, М.Бирваа нар ажилласан. Бүжгийг нь С.Сүхбаатар, Ш.Одонтуяа, А.Даваахүү, Д.Баярбаатар, О.Ууганбаяр нарын аваргууд дэглэсэн.  Энэ удаагийн жүжигт чуулгын маань 50 гаруй уран бүтээлч, арын албаныхан оролцсон хамтын бүтээл боллоо. Хөгжмийг О.Чинбат бичиж, бүжгийг О.Ууганбаяр дэглэж, хургад Б.Түмэнзаяа, эх хоньд Э.Эрдэнэцэцэг, эрхий мэргэн хүүд Ө.Сүхбат нар гоцлон бүжиглэсэн. Олон хурга, хонь, чоно, хулгана, туулайн дүрийг манай бүжигчид бүтээсэн.

-Тэгэхээр энэ жүжиг “Цагаан лавай” чуулгад анх мэндэлжээ дээ?

-Тиймээ, тэгсэн.

-Өмнөх уран бүтээлүүдээс чинь юугаараа онцлог вэ?

-Манайх бол бие даасан хувь уран бүтээлчдийн чуулга гэдгийг юуны өмнө онцлох байна. Хүүхдийн зохиолч Г.Батаа цомнолоо бичихдээ бидэнтэй ярилцаж байгаад монгол ардын үлгэрүүдээс санаагаа сонгон авсан зохиол. Хөгжмийн зохиолч О.Чинбат маань аялгууг, зохиолчийн үгэнд нь, цомнолын үйл явдалд нь тохирсон дуунуудыг хийж түүнийг манай дуучид амьдруулсан.

- “Миний цэцэн хурга” дуулалт бүжгийн жүжиг танай чуулгын анхны томоохон уран бүтээл байх аа?

-Хүүхдэд зориулсан гэдэг утгаараа тэгж хэлж болно.

-Зохиолч, найруулагч хоёр маань үлдсэн тугалын тухай жүжгээ хэзээ үзэгчдэдээ өргөн барих бол?

-Цомнолын эхний хувилбар гараас гарсан. Улам чамбай болгох талаар Г.Батаа бид хоёрт ярьсан, тохирсон юм байгаа. Ирэх жил хийнэ.

- “Цагаан лавай” чуулга үндэсний урлаг, өв соёл гэдэг нэрийн хуудсаа жинхэнэ авч яваа гэж хэлж болох уу?

-Би арван жилийн өмнө хэлж байсан даа. Өнөө цагт монголчууд биднийг басан доромжилж, хүч  түрэмгийлэх байдлыг дөвийлгөж өөгшүүлсэн бүтээл, хүүхэлдэйн кино олон болжээ. Хүүхэд бүхний үзэх дуртай “Том Жэрри” цуврал гэхэд л муурыг том хүрзээр цохих, алх барьж хадаас шиг хадах гэх мэтээр хүүхдэд буруу ташаа ойлголт өгч байна. Тэгвэл үндэсний соёл өв уламжлалаа дэлгэрүүлэх зорилготой, үүрэгтэй мэргэжлийн уран бүтээлч бидний хувьд хүүхэд багачууддаа монгол ёс заншил уламжлалаа танилцуулах, ёс суртахууны зөв хүмүүжлийг урлагаар дамжуулан олгоход туслах үүднээс энэ жүжгийг бүтээсэн юм. Манай чуулга өв соёлоо дээдэлдэг, байгаль дэлхий, ан амьтнаа хайрлан хамгаалдаг ухааныг хүүхдийн зүрх сэтгэлд нь яв цав суулгаж өгөхөд бага ч болов нэмэр болохыг хичээдэг юм. Монгол ахуйдаа нэн ойр дөт таван хошуу малынхаа үр төлөөр дамжуулан өртөөлөх гэсэн хүслээ гүйцээхэд ганцхан “даваа” үлдээд байна. Тэр нь тугал...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.28  МЯГМАР № 83 (6308)