Зэвсэгт хүчин тэр дундаа Хуурай замын цэргийн командлалд 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэгэн баярт үйл явдал тохиолдов. БХЯ, ЗХЖШ-аас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Хуурай замын цэргийн командлалын албан тушаалын 30 айлын орон сууцыг Төв аймгийн Зуунмод хотноо барьж, энэ өдөр ашиглалтад хүлээн авсан юм. Энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, барилгын ажлыг гүйцэтгэгч “Бутозм” ХХК-ийн захирал Б.Сүхболд тэргүүтэй албаны хүмүүс оролцож, ёслолын тууз хайчиллаа.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ үеэр хэлсэн үгэндээ “Шинэхэн байраа хүлээн авч байгаа Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүнд тусгайлан баяр хүргэе. Хуурай замын цэргийн командлал бие даан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах орчин нөхцөл нь маш их сайжирч байгаад сайдын хувьд баяртай байна. Ер нь ажилтан алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулна гэдэг цаад утгаараа эх орныхоо төлөөх үүргээ амжилттай биелүүлэх нөхцөл бололцоог нь хангаж байдаг. Болдогсон бол бүх цэргийн алба хаагчдадаа орон сууц барьж өгөх юмсан. Даанч тийм боломж байхгүй. Гэхдээ аль болох нийгмийн хамгааллыг дээшлүүлэхийн төлөө ажиллаж байна. Гурван жилийн хугацаанд 100 гаруй алба хаагчдын орон сууцыг шинээр барьж, албан тушаалын 600 орчим айлын орон сууцыг үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр хувьчилж өглөө. Бүх насаараа цэргийн байгууллагад ажиллаад тэтгэвэрт гарсан болон өдгөө алба хааж байгаа офицер, ахлагч нартаа өгсөн” гэсэн юм. Үүний дараа албаны хүмүүс байрныхаа түлхүүрийг гардан авсан зарим айлаар зочилсон бөгөөд хамгийн эхний айл нь Хуурай замын цэргийн командлалын Санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Д.Дагвацэрэнгийнх. Тэрээр эхнэр дөрвөн хүүхдийн амьдардаг. Эхнэр нь Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид алба хаадаг цэргийн бүсгүй аж. Хошууч Д.Дагвацэрэн “БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалын удирдлага, бие бүрэлдэхүүнд олон айлын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэнд гэр бүлийнхээ нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Эхнэр бид хоёр үр хүүхдүүддээ санаа зовохгүйгээр ажлаа хийх болсондоо баяртай байна” гэв.  Энэ үеэр Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар энэхүү албан тушаалын орон сууцанд өөрийн гэсэн байргүй, түрээсийн болон аав, ээжийндээ амьдардаг, олон хүүхэдтэй алба хаагчдаа хамруулсан тухай онцолж байсан юм.

Дараагийн айл нь Хуурай замын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн хэрэг хөтлөгч, дэд ахлагч Б.Нандин-Эрдэнийх. Түүний гэр бүлийн хүн Э.Дүүрэнжаргал нь өдгөө БНСУ-д ажиллаж байгаа бөгөөд тэд сургуулийн насны гурван хүүхэдтэйгээ аав, ээжийндээ амьдардаг байсан юм. Зээ охиноо албан тушаалын орон сууцтай болсон баярт мэдээг сонссон өвөө, эмээ болох Н.Буянтогтох, Д.Цагаанхүү болон хадам аав Б.Энхтөр нар гэрт нь хүрэлцэн ирсэн байв. Н.Буянтогтох гуай Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нарт “Ийм сайхан байрандаа миний охины гэр бүлийг оруулж өгсөн баярлалаа. Та бүхний ажил үйлс үргэлж өөдөө байг” гэж ерөөв. Тэрээр 1960-аад онд барилгын цэргийн ангид гурван жилийн алба хааж байсан бөгөөд алба хааж байхдаа эзэмшсэн мэргэжлээрээ буюу мужаанаар улсад 36 жил ажилласан буурай ажээ. Зочдыг гарах үеэр Э.Дүүрэнжаргал, Б.Нандин-Эрдэнэ нарын том хүү Д.Анхбаяр “Цэргийн ах, эгч нартаа баярлалаа” хэмээсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.

Төгсгөлд нь онцлох айл бол Хуурай замын цэргийн командлалын Артиллерийн дарга, дэд хурандаа С.Ууганбаярынх. Тэдний ам бүл долуулаа бөгөөд хүүхдүүдийнх нь олонх нь цэрэг, цагдаагийн байгууллагад ажилладаг байна. Гэр бүлийн хүн ч ялгаагүй мөрдэстэй цэргийн бүсгүй ажээ. Түүнээс сэтгэгдлийг нь хуваалцахад “Үнэхээр их баяртай байна. Миний бие Зэвсэгт хүчинд 26 дахь жилдээ алба хааж байна. Зэвсэгт хүчний 256, 120, 084 дүгээр ангиудад алба хааж байгаад гурван жилийн өмнөөс Хуурай замын цэргийн командлалд томилогдон ажиллаж байна. Тушаалаар цэргийн анги дамжиж ажиллахаар хүүхдүүд ч цэрэг, армидаа элэгтэй болж өсдөг шүү дээ. Тэр жишгээр долоодугаар ангийн бага охиноос маань бусад нь цэргийн байгууллагад ажиллаж байна. Зэвсэгт хүчний 084, 310, 340 болон ЦЕГ-т алба хааж байна. Гэртээ нэг тасаг командлаад амьдарч байна. Манай гэр бүл өнгөрсөн хугацаанд өөрийн гэсэн орон сууцгүй, голдуу түрээсийн байр хөлслөн амьдарч байсан. Харин өнөөдөр ийм сайхан баяртай болсондоо маш их баяртай байна. БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалын удирдлагуудад гэр бүлийнхээ нэрийн өмнөөс баярлалаа гэдгээ хэлье. Одоо ажлын төлөө зүтгэхээс өөр зүйлгүй” гэв. Үүний дараа зарим албаны хүмүүсээс сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

 

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар:

 

-2016 онд УИХ-аар батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэгдэн Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг бие даасан төрөл цэрэг болж гарснаас хойш Хуурай замын цэргийн бие даасан үйл ажиллагааг хангах үүднээс БХЯ, ЗХЖШ-аас эрх зүйн болоод бусад асуудлыг шийдвэрлэхээр шат дараатай арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүллээ. Үүний үр дүнд Зэвсэгт хүний Хуурай замын цэргийн командлал бие даан үйл ажиллагаа явуулах бүх нөхцөл боломж бүрдсэн. 2017 оны 4 дүгээр сарын манай командлал Байлдааны тугаа хүлээн авч байсан бол 2019 оны 9 дүгээр сард өөрийн гэсэн байртай болж, 2020 оны 4 дүгээр сард офицер, ахлагчийн албан тушаалын 30 айлын орон сууц ашиглалтад орлоо. Командлалын бие даасан байдлыг бүрэн хангах хүрээнд удирдлага, бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн БХЯ, ЗХЖШ, Төв аймгийн удирдлага, хамт олонд бие бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье. Энэхүү байрыг барихад орон нутгаас дэд бүтцийг нь бүрэн шийдэж өгсөн. Цаашдаа бусад ажилтан алба хаагчдын нийгмийн хамгааллыг шийдвэрлэх ажил үргэлжлээд явна.

 

“Бутозм” ХХК-ийн захирал Б.Сүхболд:

 

-Барилгын ажлыг 2019 оны 9 дүгээр сараас эхлэн тасралтгүй гүйцэтгэсэн. Энэ барилга чанарын өндөр түвшинд баригдсан гэдгийг онцлон хэлмээр байна. Хоёр орцтой, айлууд нь 2-3 өрөөтэй, өвөлдөө дулаахан, дуу тусгаарлагчтай, 10 автомашины гарааштай, гаднаа мөн зогсоолтой. Барилгын хуулийн дагуу манайх 4 жил барилгынхаа чанарыг нь хариуцна.

Эх сурвалж: www.polit.mn