Д.НАДМИД
Дэвжээн дээр хоёр бөх (эмэгтэй) тун хатуухан үзэж байна. Ялсан нь тэмцээний алтан медаль хүртэнэ. 63 кг-ын шилдгүүдийн барилдаан эхнээсээ л ширүүхэн байлаа. О.Насанбурмааг хөлдөө орох агшинд өрсөлдөгч нь мушгиад тонгорчихов. Хойших барилдаан нь ч тун сийрэг, мэхнээс мэхэнд шилжиж байх юм. Тэр хоёрын барилдааныг хараад яг л А.Сүхбатын олон угсраа мэх хийж байдаг барилдаан санаанд орж байсан. Барилдаан дуусахад С.Батцэцэг онооны илт давуугаар ялжээ. Эх орондоо болсон олон улсын тэмцээнд түрүүлэв. Би дэлхийн аварга хүн шүү гэх шиг барилдсаан тэр. Бас өмнөх жил нь саяын өрсөлдөгчдөө тахим өгөөд мөнгөн медалийн тавцанд нүдэндээ доголон нулимстай зогсож байсныхаа шаранд тийм гарамгай барилдсан байж ч магадгүй ээ. Ийнхүү Москвад болсон дэлхийн аварга шалгаруулах барилдаанд яг л иймэрхүү золбоолог барилдаж, Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдээс анхны дэлхийн аварга цолыг тээж ирсэн. Бас 32 жил үргэлжилсэн дэлхийн аварга болж чадаагүй хар бараан цувралыг эцэс болгосон нь тэр байлаа. Энэ тэмцээнд С.Батцэцэг өрсөлдөгч бүрээ түвэггүй ялсаар медалийн болзол хангаад дөрвийн даваа буюу хэсгийн тэргүүн болохын төлөө барилдаанд Японы алдартай бөх, дэлхийн дөрвөн удаагийн аварга Аяко Шодаг мөн илүүрхэн ялснаар дэлхийд аваргалах зам мөр нь тодорсон гэж дасгалжуулагч З.Дүвчин ярьж байв. Тийм байнаа гэсэн шиг дараагийн даваанд Хятадын бөх С.Батцэцэгт ёстой л юм бололгүйгээр бууж өгсөн байдаг.
Энэ үед Архангай аймгийн Хашаат сумын харьяат 20-хон настай Соронзонболдын Батцэцэг охин чөлөөт бөхийн дэлхийн аварга боллоо хэмээн зарлахыг сонсоход монгол хүн бүрийн сэтгэл огшихгүй байхын аргагүй л байсан даа. Тийм онцгой амжилтуудаараа тэр “Лондон-2012” олимпод шилэгдэн оролцсон. Яг эрх авах тэмцээнд өрсөлдөгч нь эрх өвөртөлж ирсэн гээд жаахан хэл амтай байсан ч С.Батцэцэг “Би үзүүлээд өгнөө” гэсэн сэтгэлзүйтэйгээр Лондонг зорьсон. Тэгээд ч санасандаа хүрч медалийн тавцанд зогсож Монгол Улсынхаа төрийн далбааг Лондонгийн тэнгэрт мандуулсан юм. Тамирчдын алдар хямдхан олдоогүй ээ гэж бид дуулдаг. Түүн лугаа олимпийн хүрэл медальд хүрэхэд өндөр даваа олон байж. Эхний даваануудад амжилттай барилдаж давж байгаад Японы бөх олимпийн хошой аварга дэлхийн долоон удаагийн аварга Каори Ичод хагас шигшээд ялагдсан ч С.Батцэцэг шантарсангүй. Ер нь ялагдалдаа гутрах гэдэг тамирчин хүнд байж болшгүй зүйл билээ. Үүнийг манайхан сэтгэлзүйн бэлтгэл гэж л яриад байгаа шүү дээ.
С.Батцэцэгийн медалийн төлөө барилдах учраа нь Канадын бөх Мартин Дьюгрене байлаа. Тэр зүгээр жирийн бөх биш дэлхийн аваргын гурван алт, гурван мөнгөтэй аугаа тамирчин байсан. Тэр бөхийн хөлд орох гэхээр нь хамгаалж оноо авсаар манай С.Батцэцэг өрсөлдөгчдөө оноо алдалгүй ялж медалийн болзол хангасан юм.
Ийнхүү тэр олимпийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хос медальтай чөлөөт бөхийн эмэгтэй тамирчны ууган нь болов. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, З.Ойдов нартай л эн зэрэгцлээ гэсэн үг. Бөх болох гэдэг удам дагадаг гэдэг. Тэгвэл Батцэцэгт дурьдаад байх удамд нь бөх байсангүй. Харин удмаараа тамирчин байсан нь түүнд нөлөөлсөн нь мэдээж юм. Харин бөх болох замаа өөрөө хүүхэд байхаасаа сонгожээ. Хэрэв аав, ээжийгээ дууриасан бол өдийд волейбол, сагсанбөмбөгийн гайгүй тамирчин л байх байсан байх. Сурагч байхдаа сургуулийнхаа бөхийн дугуйланд орох гэвч Дондов багшийн хараанд өртөөгүй учир чадахгүй л байж. Харин хэдэн удаагийн гуйлтынх нь дараа тэр багш дугуйланд хичээллэж байгаа хүүхдүүдтэй бүгдтэй нь барилдах сүрхий сорилго хийж. С.Батцэцэг бүгдийг ялжээ. Түүнийхээ хүчинд чөлөөт бөхийн секц дугуйлангийн гишүүн болж байсан гэдэг.
Тэгсхийгээд Улаанбаатарт шилжиж ирээд З.Дүвчин багшийн шавь болоод тав, зургаахан жилийн дараа Монголдоо алдартай тамирчны тоонд орох болсон юм. Энэ бол ердөө аз биш түүний багаасаа аливаад авьяаслаг нь тодорсон ирээдүй нь саруулхан байгаагийн гэрч гэж болох биз ээ.
-Хүүхэд ахуйн дурсамжтай мөчүүд тэр дотроос чөлөөт бөхөөр хичээллэж улсын шигшээ багийн тамирчин болох хүртлэх бүх үйл явдал дэлхийн аваргын алтан медаль зүүгээд зогсох эхний том амжилтын үед яг л кино кадр шиг хөврөх юм билээ гэж С.Батцэцэгийн дурсан ярьж байгааг нэг удаа сонсож билээ. Тамирчин хүн юугаараа аугаа юм бэ гэвэл дэлхийн аварга энэ бүсгүй,
-Зөвхөн алдар цолоороо биш хэзээ ч шантрашгүй зориг тэвчээр, урам зоригоороо л хүчтэй байх ёстой гэсэн үг хэмээсэн нь бас анхаарал татахгүй байхын аргагүй санагдсан. С.Батцэцэгийн өмнө басхүү олон олон амжилт тосч байгаа. Тэр бүхэнд эзэн болохын төлөө зорих ч биз. Монголын чөлөөт бөхийн түүхэнд олон шинэ алтан хуудсыг тэр бичнэ гэдэгт итгэнэм.