Р.ОЮУН

Монголын хүүхэлдэйн театр байгуулагдсаныхаа эхний жилүүдэд хуруун ба таягт хүүхэлдэйгээр тоглодог байсан бол өнөө үед хүүхэлдэйн олон төрөл хэлбэрийг хөгжүүлж, өнгөт сүүдэр, хавтгай, утсан хүүхэлдэйн техникийг эзэмшиж, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн хурдацтай хөл нийлүүлэн алхаж байна. Тухайлбал, Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Б.Нацагдоржийн зохиол “Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр” гэсэн үндэсний хүүхэлдэйн брэндийг бий болгож хүүхэлдэйн жүжгийг гурван өөр төрлөөр багачуудад үзүүлжээ. Энэ жүжигт ахмадын үгийг үл тоож бардам ихэмсэг, шунахай сэтгэлтэй байх ямар хор уршигтай болох, ахмадын хэлсэн үгнээс гажихгүй зөв сэтгэлтэй байвал хэрхэн сайн сайханд хүрдэг тухай туулайн хоёр бүжингээр төлөөлүүлсэн байна. “Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр” хүүхэлдэйн жүжиг анх таягт болон багт хүүхэлдэйн холимог төрлөөр тайзнаа тогложээ. Тиймээс хүүхэлдэйн жүжгийн баатрууд хэрхэн бүтсэн талаар тодруулахаар Улсын хүүхэлдэйн театрыг  зорьсон юм. 

“Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр”.

Биднийг очиход тус театрынхан энэ онд тоглох жүжгийнхээ талаар ярилцаад тун завгүй байв. Ингээд ирсэн зорилгоо хэлэхэд хүүхэлдэй урлаач В.Энх-Амгалан “Жүжгийн зохиол гарсны дагуу зураач дүрээ гаргаж үзэгдэл бүрээр нь тайзаа бэлддэг. Зураач дүрээ гаргасны дараа ажлын зураг буюу хүүхэлдэйгээ сүүдрээр, таягт, хуруу, утсаар хийх үү гэдгийг найруулагч нь шийддэг. Хүүхэлдэйг ямар ч материал ашиглаад хийж болдог ч хамгийн гол нь хөнгөхөн байх ёстой. Яагаад гэвэл жүжигчин гараа өргөөд хэдэн цаг тоглох учраас хөнгөн хатуу, ачаалал өгөхгүй байх ёстой” гэсэн юм. “Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр”-ын хоёр дахь цувралыг утсан хүүхэлдэйгээр хийсэн бол гурав дахь цувралын баатруудын нүд, ам хөдөлдөг учраас шуумлаар хийсэн аж. Шуумал гэдэг нь эхлээд толгойг нь баримлын шавраар хэмжээгээр нь хийсний дараа гипсээр хэв авч цаасаар шууна. Үүний дараа дотор талд нүд, амыг нь хөдөлгөхийн тулд холбож будаад, хувцасладаг ажээ. Тиймээс нүд, ам, хүзүү, толгойг яаж хөдлөх вэ гэдгээ бодож хийдэг байна. Хэрэв порлоноор хийх бол хэлбэрийг нь гаргаад даавуугаар бүрдэг. Мөн өнгөрсөн онд дэлхийн сонгодог бүтээл П.И.Чайковскийн “Хунт нуур”-ыг таягт хэлбэрээр хүүхэлдэйн жүжиг болгон хүүхэд багачуудад хүргэсэн. Энэ жил дөрвөн шинэ бүтээл хийхээр зохиолтойгоо танилцаж байна хэмээн хүүхэлдэй урлаач ярьж байлаа.

“Хунт нуур”-ын хорон санаат Ротбарт

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.23  ПҮРЭВ  № 15 (6240)