Б.ГАРЬД
Үндэсний бөхийн сэргээшийн асуудал энэ жил бүр хүндрэв. Эцэстээ МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж Улсын арслан Х.Мөнхбаатараас хүүгээ цолонд хүргэж, авлига өгөхийг завдсан нь “илэрч” олны дунд хөөрхөн шуугиан тариад байна.
Уг нь өнгөрсөн наадмаар шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс арслан Х.Мөнхбаатар, шинэ начин Б.Сугаржаргал нар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон ажээ.
А, Б гэсэн хоёр ч шатны шинжилгээгээр дээрх хоёр бөхөөс сэргээш илэрсэн гэнэ. Энэ тухай МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж олон нийтэд мэдээлэл өгөв. Мэдээлэх үед нь хэдэн жилийн өмнө авлига өгөхийг завдсан талаар арслан Х.Мөнхбаатар хэвлэлийнхэнд мэдэгдэл хийж орхисон.
Хоног өнгөрөх тусам энэ асуудал хоёр хүний хоорондын зөрчил байсан гэх сураг улам бүр тодорч байна. Үйл явдлын өрнөлөөс ажвал, Р.Нямдорж тэргүүн, Х.Мөнхбаатар арслан нарын хувийн харилцааны асуудал сэргээшийн шинжилгээний дүн танилцуулах төрийн ажилтай хутгалдаад ч байгаа юм шиг.
Ер нь сэргээшийн дуулиан ганц энэ жил ч дэгдээд байгаа юм биш. Хэдэн жилийн өмнөөс яригдаад бичигдээд, зарим бөх арга хэмжээ авахуулсаар ирсэн эд.
Ардын хувьсгалын 89 жилийн ой. Энэ наадмаар шөвгөрсөн Улсын заан Б.Соронзонболд, Улсын начин Ц.Сумъяабээс нараас сэргээш илэрч байлаа. Тэднийг сэргээш хэрэглэсэн гэнэ гэх яриа наймдугаар сард гарч эхлэн, есдүгээр сард албан ёсоор зарлаж байв. Харин аравдугаар сарын 22-нд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны “Сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоол гарч, Б.Соронзонболд, Ц.Сумъяабээс нарын тэр наадмаар хүртсэн чимгийг хурааж байлаа.
Дараа жил нь буюу Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар зургаа давж харцага цол хүртсэн Ховд аймгийн Мянгад сумын харьяат Г.Алтангэрэл, тав давж начин цол хүртсэн Чандмань сумын харьяат Ч.Цогбаяр нараас сэргээш илрэв. Ховдын хоёр бөх улсын цол шинээр авсан байсан учир барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд, нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нар гаргаж байлаа. Тэднийг мөн л наадмаас хойш нэг сарын дараа зарлаж, удалгүй шийдвэр тогтоол гарч байсан. Үнэнийг хэлэхэд Наадмын комисс зориг гарган шийтгэсэн нь энэ.
Үүнээс өмнө даян аварга А.Сүхбат, арслан Г.Эрхэмбаяр, гарьд Д.Рагчаа, харцага Г.Элбэг нарын бөхчүүд ийм “хэрэг”-т холбогдож байв. Заримд нь хүндэтгэл үзүүлээд, нөгөө хэсэг нь шүүхээр заргалдаад зэмгүй өнгөрсөн.
Харин энэ жилийн сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг өвлийн тэргүүн сар нэлээд дөхүүлэн, арваннэгдүгээр сар гаргаж байж нийтэд зарлав.
Зарлах ч яахав, Р.Нямдорж тэргүүн урьдын “гэм нүгэл”-ээ илчлүүлэн байж зарласан. Даанч энэ хүн Х.Мөнхбаатар, Б.Сугаржаргал нарт хариуцлага тооцдог хуулийн этгээд биш. Р.Нямдорж гуай бол “Монголын үндэсний бөхийн холбоо” гэдэг Төрийн бус байгууллагын л тэргүүн хүн. Хариуцлага тооцох эрх нь төрийн зарлигаар тохоогдсон Наадмын комиссын дарга нарт бий.
Өөрөөр хэлбэл, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд, нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Батсуурь нар тогтоол гарган, хуулийн дагуу шийдвэрлэх учиртай байсан. Сонгуулийн дүнгээр энэ дарга нар суудлаасаа бууж, сэргээшийн асуудлыг шийдэх мэдэлтэн үгүй болсон. Тэд ажлаа өгсөн учир одоо сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ гэцгээж байна.
Уг нь Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын долдугаар хавсралтаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг томилохдоо М.Энхболд, Ц.Болдсайхан, Н.Батсуурь биш, дээрх хорооны дарга нь Монгол Улсын Шадар сайд, Орлогч дарга нь Нийслэлийн Засаг дарга байна. Нарийн бичгийн даргаар НЗДТГ-ын дарга, Үндэсний бөхийн салбар хорооны даргаар БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга ажиллана гэж заажээ.
Үүгээр бол өнөөдрийн Шадар сайд Д.Тэрбишдагва, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар энэ ажлыг гүйцэтгэж болох байж.
Энэ мэтээр сэргээш хэрэглэсэн бөхөд хариуцлага тооцох эзнийг яаж ийгээд гаргаад ирж болох нь. Гэхдээ Р.Нямдорж тэргүүнээс өөр субьект байна гэсэн үг.
Эцэстээ Ерөнхийлөгч хүртэл явж өндрөө аваад байгаа сэргээшийн маргаан чухам ямар үр дүнтэй вэ? Сэргээш илэрсэн бөхөд яаж хариуцлага хүлээлгэдэг, энэ нь ямар сургамж үлдээдэг зэрэг үнэндээ тодорхойгүй.
М.Энхболд, Ц.Болдсайхан нарын практикаас харвал цолтой бөхөөс чимгийг нь, шинэ цолтын барилдах эрхийг хоёр жилээр хасчихдаг байна. Шүүхдээд явбал, ямар ч шийтгэл үгүй. Бөхчүүдийн хувьд үүнд хариуцлагатай хандана гэхээсээ тээршаах маягтай. Нэг үгээр хэлбэл, сэргээшийн шинжилгээ гэдэг ямар ч хэрэггүй, бөөн хэл ам, нэр хүндэд халдсан явдал гэж тэд үзнэ. Сэргээш хэрэглэсэн байна гэхэд “Зөвшөөрч байна” гэсэн бөх шинжилгээ авч эхэлснээс хойшхи найман жилийн түүхэнд нэг ч гарч байсангүй.
Сэргээшийн шинжилгээний дүн иймэрхүү хэл ам, хэрүүл тэмцлээр үргэлжилнэ. Ингэж ингэж эцэст нь сэргээш хэрэглэсэн бөхийн малгайны арын зураас буюу цолны чимгээс нэгийг хассанаар өндөрлөнө. Товчилбол, сэргээш хэрэглэсэн бөхөөс зураас л хасдаг ажээ.