С.УЯНГА

“Цөмөөхэй” жил бүрийн зул сарын бэлэг, бэлгэдэл болж багачуудтай уулздаг. Өөрөөр хэлбэл, дэлхийгээр аяласан “Цөмөөхэй” Монголд айлчилдаг ховорхон үе нь зул сар юм. Энэ удаад ч гэсэн ид шидийн оронд Цөмөөхэй болон Клара охины адал явдлаар аялуулахаар тайзнаа амилахад бэлэн боллоо. Ялангуяа, гавьяат Д.Алтанхуяггүйгээр “Цөмөөхэй”-г  төсөөлөмгүй. Тэрээр зөвхөн “Цөмөөхэй”-гээр л Монголынхоо багачуудтай уулзахаар Бостоноос зорин ирдэг гэхэд болно. Багачуудын хүсэн хүлээдэг, басхүү тэдний өмнө хөшгөө нээхэд бэлэн болсон “Цөмөөхэй” балетын бэлтгэлээс  www.polit.mn сайтын “Нэг өдөр” булангаа бэлтгэлээ.

200 ХҮҮХДЭЭС НЭГ ХҮҮХЭД Ч  БАЛЕТЧИН БОЛЖ  МАГАДГҮЙ

Дуурь бүжгийн эрдмийн театраар хаалгаар оруут төрөл бүрийн амьтан, үзэсгэлэнт гүнжийн дүрд хувирсан өхөөрдөм багачууд гүйлдэнэ. Тэднийг дагаад явахад  төвөггүйхэн “Цөмөөхэй” дээр хөтлөөд оччихно. Танхимд орвол бүжигчид, хөгжимчид, тайзныхан, арын албаныхан энд тэндгүй байх нь эмх замбараагүй мэт харагдавч тэднийг  чанга яригчаар нэг л хүн удирдах аж. Тэр эрхэм бол Монголд төдийгүй дэлхийд брэнд болсон балетчин гавьяат жүжигчин Д.Алтанхуяг юм. Чангар яригчаар бүхэлд нь захирахаас гадна байсхийгээд л тайзан дээр гарч хүн нэг бүрт зааварчилна. Хувцсыг нь янзалж, хүн нэг бүрийн хөдөлгөөнийг уйгагүй заах юм.

-Аажуухан суугаарай. Хөгжмөө сонсоод бүжиглээд өг

-Одоо болж байна ….. гэснээр хөшиг аяархан хаагдав. Энэ бол өдөр, шөнөгүй бэлтгэл хийж, үзэгчидтэйгээ уулзахаар догдолж буй “Цөмөөхэй” балетын эхний бэлтгэлийн төгсгөл. Балетын тоглолтод 200 хүүхэд оролцож байгаа бол хөгжимчид, багш нар арын албатайгаа нийлээд 500 гаруй хүн нэг танхимд цугларчээ. Тэд дор бүрийнхээ ажлыг их л хичээнгүй нямбайлна. Бяцхан балетчин охид тайзнаас буунгуутаа л утсан дээрээ бүжгийн бичлэг үзэх юм. Мөн нэгэндээ тусалсан, хөдөлгөөнийг нь зааж зөвлөсөн нөхөрсөг уур амьсгал бүрджээ.

“Цөмөөхэй”-д тоглосон хүүхдүүдийн тоо одоо 1000 хол давжээ. Энэ жилийн тоглолтын онцлогийг гавьяат Д.Алтанхуяг ““Цөмөөхэй” балетийн нэг тоглолтод 200 гаруй хүүхэд тоглодог томоохон хэмжээний уран бүтээл юм. Тэр ч утгаараа жил жилийн тоглолтод тоглох хүүхдүүд нь  шинэчлэгдэн, шинэ дүр төрхтэйгээр хүрдэгээрээ онцлогтой. Урлаг  хүүхдэд чадна гэсэн итгэл, төлөвшил суулгадаг.  Ялангуяа сонгодог урлаг асар үнэ цэнэтэй. Хүүхдүүд аль нэг дүрд тоглоод бүтэн хоёр цагийн балетийг бий болгосон гэцгээн баярладаг.

Тоглолтод оролцсон хүүхэд болгон балетчин болох албагүй.  200 хүүхдээс нэг хүүхэд ч   балетчин болж  магадгүй.  Хамгийн гол нь хүүхдүүд  бидэнтэй тоглосноор наад зах нь тайзны ард ямар амьдрал явж байгааг харах боломжтой. “Цөмөөхэй” зөвхөн тоглолт биш  нийгэмд сонгодог урлаг  яагаад хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулна. Нийгэмд сонгодог урлагийг сайтар хүргэж, хөгжүүлч чадвал хэн ч Дуурийн театрын тайзан дээр гарах боломжтой. Тиймээс 21 аймагт энэ урлагийг хүргэх хүсэлтэй байна. Энэ тал дээр хамтарч ажиллахад Монголын балетын хөгжил сан нээлттэй” гэв.

Хүүхэд бүхэнд үлгэрийн ертөнц  бэлэглэдэг П. И.Чайковскийн “Щелкунчик” буюу “Цөмөөхэй” балетыг энэ жил зургаа дахь амилуулж байгаа юм. Энэ сарын 20, 21, 27, 28-ний өдрүүдэд Дуурийн театрын тайзнаа тоглогдох “Цөмөөхэй”-д гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ОХУ-ын Пермь хотын театрын гоцлол балетчин Р.Булганы хамт гол дүр бүтээж байгаа нь үзэгчдийг байлдан дагуулж буй.

Б.СУГАРАА: ЦӨМӨӨХЭЙД ТОГЛОХ УРИЛГЫГ НАДАД ТАЙГАД ГАРДУУЛСАН 

Энэ жилийн “Цөмөөхэй”-н балетчид амтлаг тарагтайгаар бэлтгэл хийж байна. Шалгаруулалтын дараагаас тасралтгүй 2-3 сар бэлтгэл хийж буй багачуудад хүнсний ууган үйлдвэр “Сүү” хувьцаат компани  шинэ жилийн чамин савлагаа бүхий Амтлаг тараг бэлэглэж байв. “Сүү” хувьцаат компанийн хамт олон таргаа хайрцаг хайрцгаар нь авчраад бэлтгэлийн үеэр тараангаа “Бямба гаригт “Цөмөөхэй” үзэхээр ирэх багачуудад ч амтлаг тарагтай гарын бэлэг өгөхөөр болсон” гэдгийг бидэнд дуулгасан юм.

Харин бэлтгэл хийж буй хүүхдүүд дунд үстэй түрийтэй гутал өмссөн хээвнэг жаал эрхгүй нүдэнд тусав. Цовоо сэргэлэн тэр хүү бол Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас “Цөмөөхэй”-д тоглохоор ирсэн цаатан хүү Б.Сугараа юм.

Алс холын тайга, цаатан ардынхаа өргөөнд гавьяат Д.Алтанхуягаас урилга гардсан Б.Сугарааг тайзан дээр гарахын өмнөхөн цөөн хором хөөрөлдөв. Тэрээр “Цөмөөхэйд тоглохоор ирээд арав гаруй хонож байна. Хотод анх удаа ирж байна. Кларагийн найзын дүрд тоглож байгаа.

Д.Алтанхуяг ах манай тайгад очихдоо надад урилга өгөөд өвөл хотод ирээрэй гэсэн. Тэр үед анх танилцсан. Би 11 настай. Өнгөрсөн жил хоёр ах маань цэрэгт явсан учраас би аав, ээждээ туслахаар сургуулиасаа гарсан. Одоо хоёр ах маань цэргээс ирсэн ч хичээлээ гүйцэхгүй учраас буцаад сургуульдаа суух боломжгүй болсон.

Хотод ирээд бүжиг бүжиглэсэн чинь их гоё байна. Олон ч найзуудтай боллоо. Хотод Өвөрмонголын танил Тэнгэр ахындаа сууж байгаа. Ирээд Д.Алтанхуяг ахтай уулзахад “Бэлтгэлээ сайн хийгээрэй” гэсэн.

Аав, ээж надтай хамт ирээд бэлтгэлээ хийж байх хооронд газар үзэж байгаа. Манайх 100 гаруй цаатай. Би ирээдүйд улсын аварга цаатан болно” гэлээ.

Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Б.Саруул “ “Цөмөөхэй” бол хүүхдүүдийн  жил бүр тэсэн ядан хүлээдэг балет юм. Бид аль болох л хүүхдүүдтэйгээ ойр байж, хүүхдийг энэ урлагаар хичээллэх сонирхлыг төрүүлэхийг хичээдэг. Сонгодог урлагийн бүтээл бол зөвхөн нэг удаа үзээд өнгөрдөг кино шиг биш дахин дахин үзэхэд ч цоо шинэ зүйл нээж байдаг. Балетыг давтаж үзэх тусам өөр мэдрэмж авдаг” гэв.

Дуурь, бүжгийн эрдмийн театрын бүжигчин н.Мөнхнаран “Балет маш их баялаг урлаг. Би анх балетийг огт мэддэггүй, бүжгээр хичээллэдэг байсан. Дараа нь ОХУ-н тэтгэлэгтэй сургуульд суралцах хугацаандаа балет гэдэг ямар гайхалтай урлаг болохыг ойлгосон. Нэг үзээд тухайн үед утга санааг нь ойлгосон ч, давтаж үзэх тусам бүх нарийн зүйлүүдийг мэдэж авч, түүнээсээ өөр өөр мэдрэмж авдаг” гэв.

Ийнхүү сурвалжлахаас илүү хөдөлгөөн бүрийг нь шимтэн харсаар нэг мэдэхнээ хоёр цаг гаруй болжээ. Тэд эхний бэлтгэлээ дуусгаж түр завсарлаад дараагийн бэлтгэлдээ орохоор базааж эхлэв. Харин тэдний нүдэнд ядарсан шинж огт үгүй. Улам бүр гялалзах аж.

Эх сурвалж: www.polit.mn