А.ДОРЖХАНД

Арваннэгдүгээр сарын онцлох барилдаануудын нэг Самдан аваргын нэрэмжит барилдаанд аймгийн залуу заан Г.Бадрах урамтай сайн барилдаж улсын цолтонгуудыг давж түрүүлэв. Энэ зуны Хэнтий аймгийн түрүү бөх түүнтэй түр саатан хөөрөлдөв.

-Сүүлийн барилдаанаас яриагаа эхэлье гэж бодож байна. Чансаа өндөр барилдаанд Р.Пүрэвдагва арслантай тун сайн барилдаж гурав давсан даа.

-Тийм ээ арслантай харгүй сайхан барилдаж давсан шүү.

-Өмнө нь та Г.Самдан аваргын нэрэмжит барилдаанд түрүүлсэн. Үзүүр түрүүнд залуу начин Б.Орхонбаяртай хийсэн барилдаан чинь үзэгчдийн сонирхлыг их татаж байх шиг харагдсан?

-Г.Самдан аваргын нэрэмжит барилдаан хорь дахь жилээ болсон. Анхны барилдаанд нь Б.Бат-Эрдэнэ аварга түрүүлж байсан байдаг. Үүнээс хойш жил болгон Хэнтий аймагт зохион байгуулагдаж тойргийн барилдааны цол олгодог байсан.Саяын барилдаанаар улсын цолтой бөхчүүдийг даван түрүүлсэндээ баяртай байна. Заримтай нь урьд нь зөндөө л таарч байсан.Улсын залуу начин Б.Орхонбаярын барилдахыг үзэгчид шимтэн үздэг  байгаа юм. Бид хоёр бас биенээ мэдэрч л барилдсан гэж бодож байна.

-Таны удамд барилддаг хүн байдаг уу. Энэ спортод дурлахад хэн нөлөөлсөн бэ?

-Ээжийн талд гэвэл өвөө, ээжийн төрсөн ах нь сумын начин. Аавын талынхан өндөр хүмүүс байдаг. Манай аавыг “Өндөр” Ганцогт гэдэг. Намайг барилдахыг маань аав, ээж минь их дэмжсэн. Манай аав ч бөхөд дуртай тиймээс надад нөлөөлсөн биз. Өдий зэрэгтэй явж байгаа минь аав ээжийн минь ач. Ер нь багаасаа л барилдсан. Өсвөрийн тэмцээн уралдаануудад оролцож тодорхой амжилтууд үзүүлсэн. Анхны тэмцээнээс шагнал авчихаад их урамшиж байлаа. 2012 онд сумын заан болж байлаа. Аав ээж минь миний хүсэл мөрөөдлийг маш сайн ойлгож дэмжсэн учраас би энэ хүртэл тууштай барилдаж байгаа. Бэлтгэл сургуулилт хийгээд жаахан ядраад ирэхээр нутгаа их санадаг. Хүн болгонд төрсөн нутаг нь сайхан. Тэгсэн ч манай нутаг илүү сайхан санагддаг. Ховор ан амьтантай манай буриадуудын дуунууд нь хүртэл уянгалаг.

-Та гэр бүлээ танилцуулаач. Хүүгээ удам залгаж барилдаасай гэж хүсдэг байх?

-Манай гэр бүлийн хүнийг С.Сугармаа гэдэг. Ноднин хавар хөөрхөн хүүтэй болсон. Хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг ярихад арай болоогүй байна шүү дээ. Хүүхэд маань хүсэж байвал барилдуулна. Хүсэхгүй бол би хүүхдээ заавал барилд гэж хүчлэхгүй. Нөгөө талдаа хүүхдийг багаас нь барилдуулах нь давжаарах талтай ч гэдэг.

-Энэ зун та Хэнтий аймгийн түрүү бөхөөр шалгарсан. Гэвч дөрвөн аймгийн наадам. “Аймгийн арслан” цолыг өгсөнгүй. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Энэ нь бөхийн холбооныхны менежмэнттэй холбоотой асуудал. Наадам зохион байгуулж байгаа хүмүүс залуучуудыг золиослож, мөн хөдөлмөрийг нь ч хохироож байгаа хэрэг. Наадам бусниулсан гарын даа нарт хариуцлага тооцох гэхээр эрхзүйн боломж байхгүй юм байна  лээ. Долоо найман жил хөдөлмөрлөөд өөрийн чадлаар “Аймгийн арслан” цол авна гэдэг амаргүй. Энэ цолыг насаараа мөрөөдөөд ч авч чадаагүй хүмүүс бий шүү дээ. Барилдана гэдэг бол хэн нэгний дүгнээд байгаа шиг амархан зүйл биш. Дан ганцхан барилдаад амьдралаа залгуулна гэдэг бол бүр хэцүү. Хэрэв сайн барилдаж чадахгүй бол сайхан залуу насаа, өөр зүйл хийж бүтээх байсан цаг хугацаагаа алдаж байна гэсэн үг. Мөн урьд нь сумын цолтой бөх хэзээ ч улсын арслан юм уу аваргыг давж байгаагүй байдаг. Яагаад гэвэл аварга арслангууд нь улсын шигшээ чөлөөт юм уу, жүдогийн тамирчин тийм болохоор байнгын бэлтгэлтэй, олон улсын тэмцээн уралдаанд явчихдаг учраас бусад бөхчүүдээс илүү байх нь аргагүй байж. Одоо бол тэр үетэй адилгүй, 2000 оноос хойш үндэсний бөх маань спорт  болоод хөгжчихсөн.Бэлтгэл сургуулилтыг өдөр болгон сум, аймаг улсын гэлтгүй бүгд ижил хэмжээнд хийж байна. Энэ дундаас байнгын бэлтгэл хийж байгаа  700-гаад залуучууд байгаа. Тэр дундаас 526 нь барилдаж хэн нь хэнийгээ ч давж болохоор тийм өрсөлдөөнтэй байна. Тийм болохоор бөхийн холбоо залуу бөхчүүдийнхээ хичээл зүтгэлийг үнэлэх тал дээр анхаарч ажиллаасай гэж хүсдэг.

-Энэ байдлыг үзэгчид төдийлэн сайн мэдэхгүй л байна. Бөхийн өргөөг зорих нь ч багасч байна.Допингийн асуудал мөн жудаг, найраагүй цэвэр өрсөлдөөнийг үзэгчид хүсээд байгаа нь анзаарагддаг.

-Аливаад хүн бүхний үзэл бодол адил байх албагүй. Миний хувьд допингийн тал дээр эсрэг байр суурьтай байдаг. Хэрэв бөхчүүд бүгд адилхан хэрэглээд эхлэх юм бол үндэсний бөх маань мөнгөтэй хүний л спорт болно гэсэн үг. Учир нь өнөөдөр аль ч салбарт залуучууд хурдхан амжилтанд хүрэх гэж яараад байна уу даа гэж харагддаг. Миний хувьд бол амжилт алдар цолонд хүрэх гэж яардаггүй. Бурхан зөв яваа хүнийг хардаг гэдэг шүү дээ.

Хоёр бөх барилдаад ойрхон унах тохиолдолд хэн нь унасан хэн нь давснаа мэдэж байдаг. Тэгсэн хэрнээ л унаагүй гээд маргах тохиолдол байдаг. Бөхийн өргөөнд ноднин уржнан гэхэд л одооных шиг дэлгэцгүй байсан. Би ч гэсэн маргаад учраа бөхтэйгээ ахиж барилдаад л унаж л байсан. Нэг барилдаанд учраа бөхдөө уналаа гэхэд тэрэнд шарлахалгүй дараагийн барилдаанд даагаа нэхнэ дээ гэсэн зөв хор шартай байх хэрэгтэй.Үүнийг өөрийнхөө жишээн дээр ярихад ноднин зун нутгийнхаа наадамд барилдаад учраатайгаа тун ойрхон унасан. Гэвч өөрийгөө унасан гэдэгт би итгээгүй миний бэлтгэл сургуулилт сайн байсан учраас яагаад ч юм унаагүй санагдаад байсан. Гэтэл нөгөө ах маань элэг бүсээ тайлаад тахимаа надад өгсөн тэгэхдээ “Ахын дүү сайн байна.Харин унасан гэдгээ ухаарах ёстой шүү” гэж хэлж байсан. Энэ бол надад их юм бодогдуулсан. Тэгэхээр жудаг гэдэг бол хувь хүн хүнээс л шалтгаална.

-Өөрийн чинь барилдааныг ажиглахад тун яардаггүй, удах тусмаа чангардаг байдал харагдсан. Ер нь нэг мэхийг хэр удаан давтамжтай сурдаг вэ?

-Бэлтгэл хийхгүй бол одоо цагт сайн барилдана гэж байхгүй. Давтаж сурсан мэх мөн өөрийнхөө мэдрэмжээр хийдэг унаган мэх гэж бий. Хүн өөрийгөө хөгжүүлнэ гэдэг чинь шинэ шинэ мэхийг давтаж сурахыг л хэлнэ  л дээ. Сурсан мэхээ жинхэнэ барилдаан дээр хэрэглэчихвэл цаашдаа сурчихдаг.Багш нар ч гэсэн хэлдэг л дээ шинэ мэх сур, хүн хаяхад дараа нь залгаа болно гэж зөвлөдөг.Миний унаган мэх бол баруун ширвээд зайлаад шидчихдэг сүүлд хагалж цохиод татахыг сурсан. Тэр түрүүлсэн барилдаан дээр ч гэсэн энэ мэхээрээ л давсан. Харин миний хамгийн давтаж сурч байсан мэх бол “хутгах”.

-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж  байна. Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Миний бодлоор бөхийн холбоог Мөнхбат аваргын хэлдэгээр менежмэнт хэрэгтэй санагддаг. Бөхчүүдийг зүгээр л барилдуулаал байгаа санагддаг. Зөв менежмэнттэй байвал улсын цолтой бөхчүүд ч ихээр барилдана.Бөхийн холбоо хоёр хуваагдаагүй байхад их зөв санаа явж байсан. Тухайлбал заалны барилдааны тавиас дээш хувьд барилдсан бөхчүүдийг улсын наадамд барилдуулна гэсэн заалт гаргасан байв. Шийдвэр нь зөв явж байсан хэрэг. Мөн дээрээс нь нийгмийн сайн сайхны төлөө үйл хэрэгт  бөхчүүдийг уриалж оролцож байвал зөв байх гэж санагддаг даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.10  МЯГМАР  №244  (6211)