Х.ОЮУНБОЛД
Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид “Итгэлийг эвдэгч” монодрам, дэлхийн хамгийн анхны роман гэгддэг Японы зохиолч Мурасаки Шибикүгийн Гэнжийн туульсаас сэдэвлэсэн “Хоридын сарнаар” монодрам жүжгийг Монгол арт галерейд өнгөрсөн амралтын өдрүүдээр тоглож сонирхууллаа. Тус театрын жүжигчин Г.Мишээлтэй уран бүтээлийнх нь талаар ярилцсан юм.
-Арьс нь цайрах өвчний улмаас нийгэмд гадуурхагдсан нотариатчин Барнабын амьдралыг харуулсан монодрам жүжгээ тоглож сонирхууллаа. Энэ зохиол бичих санаа анх хэрхэн төрөв?
-АНУ-ын шилдэг загвар өмсөгчдийг шалгаруулдаг “Next top” тэмцээнд оролцсон арьс цайрах өвчин тусч хүнд гадуурхагдаж, амиа хорлох гэж байсан өнгөт арьстан бүсгүйн тухай түүхийг анх сонссон. Мөн цахим орчинд ийм өвчтэй хүмүүс нийгэмд гадуурхагдсанаар амиа хорлох хүртлээ хэцүү байдалд ордог гэдгийг олж мэдсэн. Ингээд энэ тухай жүжиг хийж болох юм байна гэж бодож судалгаа хийж эхэлсэн. Мөн энэ жүжгийг бичихэд дэмжлэг болсон зүйл гэвэл манай оронд байдаг арьс цайрах өвчтэй хүмүүсийн талаар цахим орчноос мэдээлэл авч бичсэн жүжгийнхээ нээлтийг 2017 онд хийж байлаа.
-Энэ жүжгээр хүн бусдын зааж зөвлөснөөр мэргэжлээ сонгоод ажиллаж болно. Гэхдээ хүссэн мэргэжлээрээ ажиллавал аз жаргалтай байдаг гэсэн санааг харуулахыг хүссэн мэт санагдлаа. Жүжгийн гол санаа юу вэ?
-Тийм ээ. Жүжигт маань арьс цайрах өвчин туссан залуугийн тухай гардаг. Тийм байсан ч нийгэмд гадуурхагдаж, хэцүү зүйлтэй тулгарсан ч мөрөөдлөөсөө ухарч, шантралгүй урдаа тавьсан зорилгодоо хүрэхэд өвчин шалтгаан биш. Мөн энэ жүжгээрээ хүмүүст хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд итгэл найдвар чухал гэдгийг харуулахыг зорьсон.
-Жүжгийн нэг үзэгдэлд Барнаб өөрийнхөө урласан авснаас гарч ирдэг. Хэрэв жүжгийн төгсгөлд авсан дотроо өөрөө орж нойрссон бол?
-Энэ санааг анх найруулагч Ч.Уранбилэгтэй ярилцаж байсан. Гэхдээ үзэгчдэд итгэл найдвар төрүүлэхийг зорьж байгаа жүжиг учраас үхэл хагацлаар дуусгаад яахав гэж зөвлөлдсөнөөр төгсгөлийг нь гэгээлгээр хийхээр шийдсэн л дээ. Мөн найруулагчийн шийдэл гэж бий. Тодруулбал,эмгэнэлт жүжиг гэхээрээ хүмүүсийг уйлуулж байхаар зарим хэсгийг нь гоё хөгжилтэй байлгая. Эмгэнэлт байдлыг хөгжилтэй байдлаар яаж илэрхийлж болох вэ гэж бодсон. Тиймээс эхний хоёр үзэгдэлд жаахан хөнгөн хэсгийг оруулсан байгаа.
-Түүнийг гадуурхан муу ханддаг гурван хүн цаг бусаар хорвоог орхиж байна. Үүгээрээ хүн хийсэн муу бүхнээ төлдөг үйлийн үр байдаг юм шүү гэдгийг харуулахыг хүссэн гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Түүнийг гомдоон, доромжилж байсан гурван хүний авсыг хийснийхээ дараа Барнаб хэнд юу болохыг, юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй гэж хэлдэг. Тиймээс хүн хүндээ хандах хандлага гоё эерэг байгаасай гэж жүжгээрээ хэлэхийг хүссэн. Мөн хүмүүс чамд яаж хандаж, муу зүйл хийсэн ч байсан гэсэн тэднийг уучлах гэдэг том зүйл гэдгийг хүмүүст харуулахыг зорьсон.
-Энэ дүр саяхан нээлтээ хийсэн” Жокер” киноны алиалагчтай төстэй санагдлаа. Хоёулаа адилхан нийгэмд гадуурхагдсан дүр. Энэ хоёрын хоорондоо төстэй эсвэл эсрэг зан чанар байна уу?
-Эсрэг зан чанар гэвэл Жокерийн сэтгэхүй аллага дээр тулгуурласнаар хэт хүнд тал руугаа хазайсан гэж бодож байна. Харин Барнабын хувьд уучилж чаддаг учраас хүнд нөхцөл байдлыг давж гарч чаддаг. Энэ зан чанараараа хоорондоо ялгаатай юм болов уу.
-Барнабын хэлж, ярьж байгаагаас үзвэл их дотогшоо хаалттай хүн гэж ойлгогддог. Харин жүжигчин Мишээл амилуулсан дүртэйгээ хэр төстэй вэ?
-Төстэй зан чанарууд бий. Гэхдээ надад нээлттэй байх үедээ нээлттэй үе байна. Хумиад татах үедээ ч татна. Янз бүр л байна. Гол нь зохиолоо өөрөө бичиж өөр хүний дүрийг бий болгож байгаа ч 100 хувь цэвэр дүр бараг гарахгүй гэсэн үг. Учир нь миний үзэл санаа, бодол орж байгаа учраас.Тодруулбал, Барнабаар дамжуулж үзэл санаагаа хүмүүст хүргэж байна гэсэн үг. Арьс цайрах өвчин тусаагүй л болохоос биш миний үзэл бодол өчүүхэн ч гэсэн орсон байгаа.
-“Итгэл эвдэгч” жүжгээс онцлох хэсэг байгаа юу ?
- Байгаа.Дуучин Владимир Высоцкийн “Би дургүй” шүлгийг уншвал гоё юм байна гэж бодож байсан. Зохиолоо бичиж дуусаад хамгийн сүүлд шүлгээ шивж орууллаа. Тэгээд найруулагчдаа төгсгөлд нь шүлгээ дууны аян дээр уншихаар урлагийн үзлэгт орж байгаа хүүхэд шиг сонин болоод байна. Ямар аян дээр унших вэ гэж асуусан. Уянгын ая тавихаар жүжиг дуусах гээд болдоггүй. Тэгсэн найруулагч чи ямар ая сонсох дуртай юм. Тэр аян дээрээ хий гэхэд рок аян дээр шүлэг уншина гэж санаанд орохгүй байсан л даа. Тэгээд Тина Тёрнерийн дууг сонгоод уншаад үзсэн гоё л юм байна. Тэр хэсэгтээ дуртай.
-Танай театрынхан хоёр уран бүтээлээ толилуулсан. Харин Мурасаки Шибүкигийн зохиолыг яагаад “Хоридын сарнаар” гэж нэрлэсэн юм бэ?
-Зохиолд гардаг үгэн дундаас сонгож жүжгээ “Хоридын сарнаар” гэж нэрлэсэн юм. Дэлхийн анхны роман гэж тооцогддог Гэнжийн туульсаас сэдэвлэсэн жүжиг тавибал хүмүүст сонирхолтой болов уу гэж бодсон. Түүнээс гадна монгол хүн Японы эрт дээр цагт амьдарч байсан хүний төрхийг бий болгох, тэр хөгжим, техник, үг хэллэг, алхаа гишгээ болгоныг гаргах бас чамгүй их хүчин зүтгэл шаарддаг юм байна. Гэнжийн туульсад гардаг төрийн их хатан Кокидэнийг эсрэг муу талын дүрээр дүрсэлсэн байдаг. Харин манай энэ ганц хүний моно драмд эерэг сайн дүр болгон гаргаж ирсэн. Энэ хатан яагаад ийм байдалд хүрэв. Аливаа юм цаанаа учир шалтгаантай байдаг. Хатан анх хаантай хоридийн сарнаар учирч байсан учраас энэ нэрийг сонгосон.
-Цаашид ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?
-Нэг монгол ахуйг харуулсан жүжиг байгаа. Найруулагчаар нь ажиллаж байгаа “Тээрэм” жүжгийг энэ сардаа багтааж гаргахаар төлөвлөөд байна. Ирэх тавдугаар сард болох “Гэгээн муза” наадамд “Хоридын сарнаар”, “Тээрэм” жүжгээрээ оролцоно гэж мэдүүлгээ өгөөд бүртгүүлчихсэн байгаа. Мөн шинэ жүжгийнхээ зарим хэсэгт тухайлбал, бодлын хэсэгт холограмм ашиглана гэж бодож байгаа. Ганц хүний жүжигт тоглоно гэдэг амаргүй л дээ. Ганцаараа жүжиглэдэг учраас харилцан яриаг яаж оруулах, үзэгчдэд сонирхолтой байлгах вэ гэдэг дээр сайн бодох хэрэгтэй болдог доо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.12.3 МЯГМАР №239 (6206)