-Сөрөг рейтингийн жагсаалтын эхэнд Афганистан, Венесуэла, Ливи,  Сомали бичигдэв-

Д.АРИУН

Олон улсын International SOS байгууллагын шинжээчид 2020 онд хилийн чанадад аялах гэж байгаа хүмүүсийн хувьд эрсдэлтэй улс орнуудын жагсаалтыг гаргасан талаар tass агентлаг өчигдөр /2019.11.18/ мэдээлжээ.  Аюулгүй байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, замын нөхцөл байдал гэсэн гурван гол үзүүлэлтээр шинжээчид үнэлгээ өгчээ.

Аялал жуулчлалын хувьд хамгийн аюултай улс орны жагсаалтыг Афганистан, Венесуэл, Ливи, Сомали тэргүүлж байгаа юм. Мөн янз бүрийн халдварт өвчний эрсдэлтэй улсын  тоонд Африкийн орнууд тэр дундаа Нигер, Либери, Гвиней, Сьерра-Леон, Өмнөд Судан, Эритрей, Африкийн бүгд найрамдах улс багтаж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хувьд базаахгүй орны тоонд Йемен, Сири, Хойд Солонгос орж байна. Харин эсрэгээрээ Европын орнууд, түүнчлэн Канад, АНУ, Шинэ Зеланд, Австрали, Өмнөд Солонгос, Япон зэрэг улс эрүүл мэндийн хувьд хамгийн аюулгүй орон гэдгийг шинжээчид нэрлэжээ.

International SOS байгууллагын шинжээжид улс орнуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг үнэлж дүгнээд Африкийн орнууд, тэрчлэн Венесуэл, Белиз, Доминикан, Саудын Араб, Тайланд, Вьетнамыг эрсдэлтэй гэдэг ангилалд багтаасан байна.

Эх сурвалж: zms.mn