Б.ДОЛЖИНЖАВ

Их Британийн алдарт поп дуучин, ая зохиогч, загвар өмсөгч Дуа Липа бол дэлхийн урлагийн ертөнцийн залуухан оддын нэг. Өдгөө 27 настай түүнийг “Амжилтын түүх” буландаа онцоллоо.

Гиннесийн амжилтын хоёр удаагийн эзэн

Залуухан, үзэсгэлэнтэй дуучин бүсгүй урлагийн салбарын шилдгүүдэд олгодог Грэммигийн шагналыг гурван удаа, “Brit Awards”-ийг зургаан удаа, “MTV Europe Music Awards”-ийг хоёр удаа, “Billboard Music Awards”, “American Music Award” гэсэн томоохон бүх шагналыг удаа дараалан хүртсэн байдаг. Эдгээрээс гадна тэрбээр Гиннесийн амжилтыг хоёр удаа эвдэж, түүхэнд бичигдэх хэмжээний амжилтаа хэдийнэ гаргаад байгаа билээ.

Дуучин бүсгүй загвар өмсөгчөөр ажиллаж эхэлснийхээ дараахан “Warner Bros” студитэй хамтран ажиллах гэрээнд 2014 онд гарын үсэг зурсан. Үүнээс гурван жилийн дараа анхны бие даасан цомгоо 2017 онд гаргасан билээ. Өдгөө хүртэл хит хэвээр байгаа "Be the One", "IDGAF" гэсэн дуунуудаа багтаасан энэ цомог Их Британийн шилдэг цомгийн жагсаалтын гуравдугаарт бичигдэж, шилдэг соло эмэгтэй уран бүтээлчийн шагналыг хүртсэн юм. Мөн “Шинэ дүрэм” /New Rules/ дуу нь Америкийн нэгдсэн улсын шилдэг дууны жагсаалтын зургадугаарт бичигдсэнээр Дуа Липагийн нэр алдар дэлхийн өнцөг булан бүрт түгж эхэлсэн юм.

Үүний дараагаар 2018 онд цацсан “Ганц үнсэлт” /One Kiss/ дуугаараа Их Британийн түүхэн дэх хамгийн удаан хугацаанд шилдгийн жагсаалтыг тэргүүлсэн эмэгтэй уран бүтээлчээр шалгарч, 2019 онд Брит Авардс, Грэмми Авардс гэсэн нэр хүндтэй шагналыг дараалан хүртсэн билээ.

Түүний “Future Nostalgia” цомог нь дангаараа Грэммигийн зургаан номинацыг хүртэж байв. Тухайлбал, шилдэг цомог, шилдэг бичлэг, шилдэг дуу тэргүүтэй зургаан шагналыг Грэммигийн тайзнаас хүртсэн Их Британийн анхны уран бүтээлч нь Дуа Липа болсон юм. 

Хүүхэд нас, гэр бүл

Поп дуучин Дуа Липа муслим шашинтай гэр бүлийн том охин болон Их Британийн нийслэл Лондон хотноо мэндэлжээ. Аав нь рок хамтлагийн гитарчин, дуучин байсан нь түүнийг урлагийн замыг сонгоход чухал нөлөөг үзүүлсэн байна. Учир нь аав нь гэртээ өөрөө ая зохион хөгжим тоглодог байжээ. Тиймээс Дуа Липа таван настайгаасаа дуулж, урлагийн замналаа эхлүүлжээ.

Ийн бага сургуульдаа хөгжмийн хичээл дээрээ хийл хөгжим тоглож сурчээ. Сургуулийнхаа найрал дууны хамтлагт орохоор шалгалт өгсөн ч багш нь “Дуулж чадахгүй” хэмээн буцаажээ. Тиймээс Дуа Липа есөн настайдаа театрын сургуульд амралтын өдрөөрөө хичээллэж эхэлсэн байна. Энэ үеэс өөрийн дуунуудаа SoundCloud, YouTube зэрэг платформ байршуулж эхэлжээ.

Тэрбээр Рина нэртэй эмэгтэй дүү, Гжин нэртэй эрэгтэй дүүтэй.Дашрамд дурдахад, түүний өөв, эмээ хоёр нь түүхч хүмүүс байжээ.

Загварын ертөнц дэх амжилт

Next Models” студитэй гэрээ байгуулсан загвар өмсөгч Дуа Липа хэд хэдэн сэтгүүлийн нүүрийг чимж байлаа. Тухайлбал, 2016 онд, “Elle”, “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимсэн бол 2017  онд Америкийн загварын сэтгүүл “V”, Их Британийн загварын сэтгүүл “Clash” гэсэн алдартай сэтгүүлүүдийн “cover”-ийг чимсээр байгаа юм. Үүнээс гадна 2017 оноос Америкийн эмэгтэйчүүдийн гутал үйлдвэрлэгч “Foot Locker- компанийн олон улс дахь элчээр шалгарсан билээ.

Мөн “Pepe” жеансэн хувцасны брэндийн хавар, зуны цуглуулгын нүүр царай, олон улс дахь элч болсон анхны дуучнаар 2019 онд тодорч байлаа. Үүнээс хэдхэн сарын дараа Дуа Липа 1990 оны сүүлч, 2000-аад оны эхэн үеийн Лондонгийн багачуудын хувцаслалтын стилийг санагдуулах загвар бүхий өөрийн брэндийн намар, өвлийн коллекцоо танилцуулсан билээ.

Өөрийн зургийг нийтэлснээс шүүхэд дуудагдсан нь

Английн алдарт поп дуучин Дуа Липа паппарацчиний дарсан, өөрийн зургийг цахим хуудастаа нийтлээд, шүүхэд дуудагдаж байлаа. Тухайлбал, тэрбээр 2019 оны хоёрдугаар сард онгоцонд суухаар дугаарлаж байх үеийнхээ зургийг олж, “Instagram” хуудастаа оруулсан юм. Гэвч тус зургийг "Integral Images" хэмээх компанийн зурагчин дарсан бөгөөд тус компани зургийн зохиогчийн эрхийг эзэмшдэг аж. Тиймээс "Integral Images" компани Дуа Липаг “Мэдсээр байж зохиогчийн эрх зөрчин, зөвшөөрөлгүйгээр оюуны өмч ашигласан. Түүнчлэн Дуа Липа олон дагагчтай бөгөөд түүгээрээ багагүй мөнгө олдог. Өөрөөр хэлбэл Дуа Липа бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглаж мөнгө олсон” хэмээн буруутгаж, шүүхэд дуудсан байна.

Эх сурвалжуудын олж мэдсэнээр "Integral Images" компани Дуа Липагийн үйлдлээс хоёр долоо хоногийн дараа тус зургандаа зохиогчийн эрх авсан аж. Мөн маргаан дагуулсан зургаа Дуа Липа цахим хуудсаасаа устгасан байна. Хэдий тийм ч компанийн зүгээс Дуа Липагаас 150 мянган ам.доллар нэхэмжилж, цаашид ижил үйлдэл хийхгүй байх сануулга өгөхийг шаардаж байв.

Дуа Липагаас өмнө Жижи Хадид, Лайам Хемсворт, Хлое Кардашиан, Ариана Гранде, Жастин Бибер, Женнифер Лопез тэргүүтэй одод ижил шалтгаанаар шүүхэд дуудагдаж байсан юм.

 Эх сурвалж:www.polit.mn