Д.ЖАВХЛАН
Жүдо бөхийн олимпийн эрх олгох цуврал болох Гранпри тэмцээн энэ сарын 24-25-нд БНХАУ-ын Чиндао хотод болно. Чиндаогийн татамид Монголын 16 жүдоч хүч үзэхээр болжээ. Манай жүдочдын хувьд энэ удаагийн тэмцээн тун чухал гэдгийг холбооныхон онцлов. Энэ удаагийн цомд амжилттай оролцсон тамирчид олимпийн чухал оноо цуглуулахаас гадна шинэ чансаа тогтоох юм. Жүдогийн дүрмийн дагуу чансаа дээгүүр тамирчдад хэсэг болон сугалааны хувьд давуу эрх олгодог билээ.
Харин энэ удаагийн Гранприд олимпийн медальтнууд өнжиж залуу тамирчид зодоглоно. Гранприд зодоглох жүдочид жин өгсөн барилдах нь тодорхой болов. Дэлхийн цом, Гранпри тэмцээнүүдэд 66 кг-ын жинд олон жил барилдсан ОУХМ С.Мияарагчаа энэ удаа жин нэмж барилдахыг илүүд үзэв. Тэрээр 66 кг-ын жинд олимпийн эрх авч байсан ч Х.Цагаанбаатарын дээр гарч чадалгүй хоёр ч олимпийг телевизээр үзэх болсон. Тэрээр жин өгсөн барилдсан ч хамт байх тавилантай Х.Цагаанбаатар мөн л жин өгсөн 73 кг-д хаа ч цуг хэмээн “Их дуулга”-д хөлс гаргахаар бэлдэж байна. Лондоны олимпод 60 кг-ын жинд барилдан эхний тойрогтоо ялагдал хүлээсэн Д.Төмөрхүлэгийн хувьд жингээ голов уу ах нарыгаа дууриав уу жин өгсөн 66 кг-ын хоосон зайнд эзэн суулаа. Түүний барилдах 66 кг-ын жин жүдо сонирхогчдын хүсэн хүлээдэг хамгийн сонирхолтой барилдаан гардагаараа онцлогтой юм. Энэ жинд Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар Дэлхийн цомын тэмцээнүүдээс ганзага хоосон ирж байсан удаагүй билээ. Харин түүний хувьд энэ удаагийн тэмцээнд медалийн буухиаг залгуулах эсэхийг хоёр хоногийн дараах тэмцээн хариу өгөх биз.
Жингийн өөрчлөлт үүгээр дуусаагүй. Лондоны татамид эмэгтэйчүүдийн 48 кг жинд барилдан шилдэг наймд шалгарсан ОУХМ М.Уранцэцэг Чиндаогийн татамид гавьяат тамирчин М.Бундмаа эгчийнхээ жинд шургаад орчихжээ. Түүний хувьд долоон жил тогтмол барилдсан жин нь аз авчирахаа больсон бололтой. М.Уранцэцэг жин өгссөнөөр 52 кг-ын жингийнхний өрсөлдөөн ширүүсэх нь ойлгомжтой. 52 кг-ын жинд Лондоны олимпод хоёрдугаар тойргийн барилдаанд бүдэрч цааш барилдах эрхгүй болсон гавьяат тамирчин М.Бундмаа түүний мөнхийн өрсөлдөгч гэж хэлж болох Дэлхийн цомын аварга, ОУХМ Б.Бат-Эрдэнэ нар бий. Тэгэхээр гадаадад тэмцээнд явахаас өмнө дотоод дахь сорил хамгийн чухал болно. Ямар боловч энэ удаагийн тэмцээнд 52 кг-ын жинг М.Бундмаа, Б.Бат-Эрдэнэ нар өнжиж М.Уранцэцэг зодоглоно. Өнгөрсөн жил тус тэмцээнээс 52 кг-ын жинд М.Бундмаа алт, 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа мөнгө, 73 кг-ын жинд С.Ням-Очир хүрэл медаль хүртэж байсан юм.
Ийнхүү залуу жүдочид Гранприд зодоглож олимпийн медальтнууд энэ удаа өнжинө. Учир нь олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Лондоны татамид ОХУ-ын алдарт бөх Тагир Хайбулаевтай алтан медалийн төлөө барилдахын өмнө БНСУ-ын бөх Хван Хэ Тэй-тэй барилдах үеэр баруун хөлийнхөө шөрмөсийг гэмтээсэн билээ. Олимпийн аваргад маань тэмцээнд оролцох урилга ирсэн ч тэрээр бэртлээ эмчлүүлэхээр Герман улсыг зорих юм. Түүний эмчилгээнд хугацаа их орох учир Японд болох “Их дуулга”-д оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ. Харин энэ сарын 30-аас ирэх сарын 2-ны хооронд болох чансаа өндөр Токиогийн “Их дуулга”-ыг олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, С.Ням-Очир тэргүүтэй нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй зорих болжээ. Лондоны олимпийн наадамд Монголын тамирчдын медалийн буухиаг эхлүүлж, 73 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин С.Ням-Очирын тухайд олимпоос хойшхи анхны тэмцээн нь Токиогийн “Их дуулга” гэж хэлж болно. Түүний хувьд “Их дуулга”-ын татамид жин өгсөн 81 кг-д барилдах бол Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар түүний таван жил барилдаж байсан 73 кг-ын жинд зодоглох болжээ. Тус тэмцээнд эрэгтэй зургаа, эмэгтэй ганц тамирчин өрсөлдөх юм.