Б.ДОЛЖИН

Дөрвөн жилд нэг удаа  болдог дэлхийн  цэргийн спортын VII наадам БНХАУ-ын Хөхмөрний эрэг дэх Ухань хотноо болж байна.  Монгол Улсаас оролцож буй баг тамирчид эхний өдөр  хоёр хүрэл медаль хүртлээ. Жүдо бөхийн эрэгтэй 60 кг-н жинд “Алдар” спорт хорооны тамирчин Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн, Загребийн Гранпригийн хүрэл медальт ОУХМ Э.Ариунболд хүрэл медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Бразилийн Эрик Такабатакег 2:10 минутад цэвэр, гуравдугаар тойрогт Тунисын Дхоуибиг 3:18 минутад цэвэр ялжээ. Харин хагас шигшээд БНСУ-ын Ким Вон-Жинд нэмэлт цагт ялагдснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Улмаар хүрэл медалийн төлөө ОХУ-ын тамирчин О.Жебовыг 2:24 минутад цэвэр ялснаар  цэргийн спортын VII наадмын хүрэл медалийн эзэн боллоо.  Мөн жүдогийн эрэгтэй 66 кг-н жинд өрсөлдсөн  оюутны универсал наадмын мөнгөн медальт ОУХМ Б.Эрхэмбаяр хүрэл медаль авлаа.  Тэрээр эхний тойрогт Италийн Матео Пирасыг нэмэлт цагт цэвэр, хоёрдугаар тойрогт ОХУ-ын И.Хаметовыг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан юм. Харин хэсгийн аваргын төлөө Узбекистаны Штурбабинд ялагдснаар торгуулийн барилдаан хийхээр болсон. Торгуулийн барилдаанд Катарын А.Элидриссиг 2:01 минутад цэвэр, Казахстаны Гумар Кыргызбаевыг 29 секундэд цэвэр  ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Ву Жинчианыг 3:25 минутад цэвэр ялснаар хоёр дахь медалийг авсан юм. Энэ удаагийн тэмцээн энэ сарын 18-27-нд болох бөгөөд 100 гаруй орны 10 мянга гаруй тамирчин спортын 27 төрлөөр өрсөлдөнө. Манай улсын хувьд чөлөөт бөх, жүдо, таеквондо,сагсанбөмбөг, бокс, буудлагын төрөлд оролцож байна.

Эх сурвалж: www.polit.mn