Д.НАДМИД

Монгол бөх бусад бөхийн төрлүүдийн эх суурь болдог гэдэг. Энэ үнэн гэдгийг өнөө үед үндэсний бөхөөр сайн барилдаж байгаа бөхчүүд дэлхийн эдвжээнд эр бяраа, уран мэхийн эрдэм чадлаа гайхуулж байгаагаас харж болно. Үүний нэг илрэл нь Японы Осака хотноо саявтар болсон сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-ний үнэмлэхүй жинд Монгол Улсын аварга Н.Батсуурь торолгүйхэн түрүүлж дэлхийн аваргын титэм хүртсэн явдал байлаа.

Н.Батсуурийг улсын баяр наадамд хоёр удаа түрүүлснээр аварга цолны эзэн болсон бол энэ жилийн баяр наадамд үзүүрлэж чансаатай бөх гэдгээ дахин харуулсан.

Тэр бас их спортод идэр цагаасаа хөл тавьж жүдогээр тив, дэлхийн тэмцээнд цөөнгүй удаа оролцсон. Бөх сонирхогчид, олон түмэн түүнийг аварга цолныхоо эзэн болж яваа бас бөхийн ёс жудагтай ямар ч барилдааныг гололгүй зодоглож олон түмнээ баясгаж байдаг хүн гэж магтах юм билээ. Монгол үндэсний бөхөд удам гэж том юм бий. Тэгэхээр Н.Батсуурь аварга гурван үеийн удамтай. Өвөө Гэлэг нь улсын заан бол аав Г.Намсрайжав нь улсын харцага цолтой, ах Г.Даваасамбуу нь улсын начин цолтой нэгэн байв. Дашрамд дурдахад аварга Н.Батсуурийн дэлхийн аварга болсон сүмогийн тэмцээний 100 кг-ын жинд үндэсний бөхийн аймгийн харцага Б.Бадрал дэлхийн хошой аварга, залуучуудын ангиллын +100 кг-д Н.Очирсайхан, үнэмлэхүй жинд Б.Мөнхдэлгэр нар хүрэл медаль хүртсэн байна. Мөн тэд багийн төрөлд мөнгөн медалийн эзэн болжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.22

№ 209 (6176)