Б.ДОЛЖИН

Дорноговь аймгийг сурталчилж, орон нутгийн уран бүтээлчдийг таниулах зорилготой “Дорноговийн соёлын өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд 1000 хүүхдийн бүжгээр нээлтээ хийлээ. Дорноговь аймаг бол Ардын жүжигчин, нэрт бүжиг дэглээч Ц.Сэвжидээр овоглосон бүжгийн олон алдартантай нутаг учраас нээлтээ 1000 хүүхдийн бүжгээр хийж буй юм. Соёлын өдрүүд энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Арга хэмжээний хүрээнд Дорноговь аймгийн музей, сургалт, судалгааны төв болон Д.Данзанравжаагийн музейн үзмэр, аймгийн урчууд, зохиолчдын уран зураг, ном багтсан уран бүтээлийн “Дорнын өнгө” үзэсгэлэнгийн нээлт “Blue Mon” төвийн “Norphei”  уран зургийн галерейд тав хоног үргэлжилнэ.   Үзэсгэлэнд 20 гаруй урчуудын 60 орчим уран зураг, баримал, фото зургаас гадна нутгийн зохиолч, яруу найрагчдын 300 гаруй бүтээлийг дэлгэнэ.  Мөн өнөөдөр Монголын хүүхдийн ордонд “Хүч чадлын эрэлд” зохиомжит хүүхдийн жүжгийг хоёр удаа тоглох юм байна. Харин энэ сарын 14, 15-нд Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Өсвөрийн бүжигчдийн Улсын 15 дугаар наадам” болох аж.

Эх сурвалж: www.polit.mn