-Таталбар хөрөг-
Д.НАДМИД
Бөх сонирхогчид, олон түмний хайралж явдаг сайхан бөх хэн байх вэ?
Шударга сайхан барилдаантай, үзэгчээ хүндэтгэж элдэв ааш гаргадаггүйгээс гадна монгол бөхийнхөө дэг жаягийг чанд сахиж явдаг тийм л бөхийг хэлэх болов уу. Бас түүнээс л жишээ ав гэж хэн нэгнийг заах болж таарнаа даа.
Тэгвэл жинхэнэ гүндүүгүй монгол эрийн төрхтэй бөх бол улсын арслан Гунаажавын Эрхэмбаяр гэж хэлэх гэсэн минь энэ. Олон түмнийгээ дэмжих байх гэсэн үүднээс ийнхүү түүнийг өргөмжлөн жаахан магтъя юу.
Саяхандаа Мандал сумандаа томоотойхон бор залуу барилдах төдийлэн сонирхолтой биш нэгэн явсан байх юм. Гэтэл улсын заан Д.Цэнд-Аюуш түүнийг нүдээр “олзолж” шуудхан “чи бөх болно, барилд” гэж тушаамар болсон гэдэг. Бараг л хөтөлж ирээд улсын харцага Г.Элбэгт тушаасан аж. Ж.Мөнхбат аваргын үүсгэн байгуулсан Их шавийн дээд сургуульд оруулсан гэсэн үг. Түүнээс хойш бөх болох эсэхээ нэг их хүлээлгэсэнгүй. 1997 оноос залуу бөх Эрхэмбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат хэмээн дуудуулж улсын том бөхчүүдтэй “гар зөрүүлж” эхэлсэн байна. Барилдааны ур чадвар нь өсч, бие хаа нь задарч удалгүй хэний ч аманд очсон “хатуу боорцог” гэгдэх болж. Тэгээд Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд зодоглосноор наадамч олныхоо хараанд өртсөн гэж болно.
Энэ наадамд залуу бөх Г.Эрхэмбаяр тун түүртэлгүй гурав давж дөрвийн даваанд тэр наадмаар улсын заан болсон залуу начин Д.Бумбаярт унаж. Түүнээс хойш улсын цолд хүрэх итгэл өвөрлөж явсан Г.Эрхэмбаяр 2002 оны баяр наадмаар өсөх идэр начин Ч.Даваадорж агсанд яаж ч чадалгүй тахимаа өгөөд жаахан гутарч “би ерөөсөө бөх болохгүй нь” гэсэн сэтгэлийн тээгтэй харьж. Хэрэв Г.Элбэг багш нь эвийг нь олж зөвлөөгүй бол хөдөөдөө очиж мал маллах л байж. Начны тааварт байсандаа сүрхий гутарсан бололтой юм билээ. Багш нь аргадаж нэг, загнаж нэг үзээд маргааш уяачдын наадамд зодоглуулж. Тэгэхэд Г.Элбэг багштайгаа үзүүр, түрүүнд үлдэж үзүүрлээд сэтгэл нь өөр болсон байдаг. Дараа жил нь сар шинийн барилдаанд чамгүй сайн барилдаж дөрвийн даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнэд унахдаа урьдынх шиг гутарсангүй барилдаад л баймаар санагдсан гэж өөрөө ярьдаг юм билээ.
Тэр урмаар сайхан барилдсаар 82 жилийн баяр наадамтай золгож. Дархан-Уул аймагт түрүүлж аймгийн арслан болоод тун удалгүй улсын наадамд зодоглоод гурвын даваанд М.Жамъянпүрэв начинг бяр заан давж, дөрөвт Ц.Баярсайхан заантай нугалаанд таарч даваагаа ахиулаад дархан аварга Ж.Мөнхбатаар улсын начны болзол хангасан байна. Ингэж аймгийн арслан цолыг арав гаруйхан хоног хадгалсан байдаг. Тэгвэл улсын начин цол ч түүнд багадсан нь удалгүй батлагдсан гэж болно. Нэг удаа начнаа баталж өсөх идэр чимэг зүүж. Монголын тулгар төр байгуулагдсаны 2220, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил гээд олон түүхт ой давхацсан ноднингийн наадмаар аагтай бяртайгаа жинхнээр нь харуулж давсаар үзүүр түрүүний даваанд Увсын Баруунтурууны бөх С.Мөнхбатад тахимаа өгч есөн даваагаар “Монгол Улсын арслан” цол хүртжээ.
Ийнхүү Сэлэнгэ нутгаас “боохой” хэмээх Данзангаас хойш 78 жилийн дараа төрсөн арслан цолтон болж нутгийн түмнээ баярлуулсан байна. Тэр наадмаас хойш болсон аймаг хотын наадам, заал танхимын барилдаанд олон удаа түрүүлж арслан цолныхоо эзэн болж явна. Бас Г.Эрхэмбаяр өндөр цол аваад тэрэндээ дулдуйдаад сураггүй болдог нэгэн биш. Барилдаан бүхэнд бяр чадлаа гайхуулан зодоглож байна. Арслан Г.Эрхэмбаяраас алдаа дутагдал олох гэж зөндөө л харлаа. Тун ч даруухан сайхан бөх. Барилдаан болоход л Г.Эрхэмбаяр байж байвал бөхийн хорхойтнуудын санаа сэтгэл дүүрээд явчихдаг гэдэг. Үнэхээр сайхан, сайн ч арслан даа.