Д.ЦЭРЭННАДМИД

Дундговийг дуу, хуурын өлгий хэмээн нэрлэдэг. Жилээс жилд энэ нэр улам баталгааждаг шиг байгаа юм. Тийм бол ердөө гурав орчим жилийн өмнө тус аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театрын дэргэд “Дуурьсал” нэртэй нэгэн хамтлаг байгуулагдсан нь одоо олон мянган үзэгчдийн танил болоод байна. Тэд нийслэлийнхэндээ ая дуугаа өргөхөөр ирээд байна. Тэдэнтэй уулзаж ярилцлаа.

-Танай хамтлагийн ахлагч нь хэн бэ?

-Би байнаа. Намайг Дашдоржийн Нямжаргал гэдэг. Аймгийнхаа театрт дуучин байсан хүн. Одоо бол хамтлагаа авч явах үүрэгтэй. Бас хөдөө мал руу тун явамтгай нэгэн. Үндсэн захиргаа Хулд сумынх.

-Та бүхэнд хамтлаг байгуулах санаа юунаас болж төрсөн бэ?

-Бид жирийн л дуучид. Хөгжмийн зохиолч, одоо манай хамтлагын продюссер Г.Түвшинтөрийн аялгуу, яруу найрагч О.Гончигсүрэнгийн үг “Дундговийн магтаал” гэдэг аялгуут дууллыг ер нь хамтлаг маягаар дуулж үзье гэсэн санаа төрсөн. Хөгжмийн найруулгыг нь Б.Энхбаяр гэдэг залуутай хамтарч хийгээд дуулдаг юмаа. Эндээс уг дууг гайгүй сайхан уранбүтээл болгоод аваад явчих боломж харагдлаа. Тэгээд Г.Төвшинтөр ахад хэлж боловсруулж явсаар л бидний дөрвөн залуу нэгдэж “Дуурьсал” нэртэй хамтлаг байгуулсан юм л даа. Цаг хугацаа гэж ямар ч амархан юм. Нэг мэдсэн гурван жилийн нүүр үзэж байна.

-Өнгөрсөн хугацаанд хэр олон уран бүтээл хийсэн бэ дээ?

-Бид “Дундговийн урлаг сан”-гийн төсөлд хамрагдан ажиллаад бас ч цөөнгүй уран бүтээл хийчихэж. “Дуутай хууртай нутаг усныхан минь” гэсэн 10 гаруй дуунаас бүтсэн цомог гаргалаа. “Дээшээ морил” нэртэй төсөл хэрэгжүүлж байна. Уран бүтээлийн тоо хэмжээ хэл гэх юм бол 30 гаруй томоохон бүтээлтэй. Гэхдээ бид чинь бүгд урлагийн байгууллагад ажилладаг юм биш л дээ. Зарим нь малчин. Ер нь хот хөдөө хослуулж  л явна.

-Гол уран бүтээлээ нэрлээч гэвэл...?

-Бүтээлийн гол цөм нь “Дундговийн магтаал” л даа. Ер нь энэ дуу манай хамтлагийг төрүүлсэн юм шүү гэж хэлсэн ч болох байх. За тэгээд магтаал нэг, хоёр, Дээшээ морил бүтээл, Даллага, Заллага, Хурай гээд л үзэгч олонд үнэлэгдсэн бүтээлүүд байнаа, байна.

-Танай хамтлагийн уран­ бүтээ­лүүдийн нэрийг сонсоход нэг л өөдрөг өнгө санаа байх шиг “үнэр ханхлаад” байх юм?

-Тийм л дээ. Ерөнхийдөө бил­гэдлийн чанартай өөдрөг цолгиун ажил үйл, аж амьдралд уриалан дууд­сан жинхэнэ Монгол ардын гэхээр уран бүтээл хийхийг зорьдог юм.

-За тэгвэл танайх шиг эрэгтэй дөрвүүл хамтлаг бас бий. Харин тэднээс уран бүтээлийн ямар өнгө төр­хөөр “Дуурьсал” хамтлаг ялгаг­дах юм бэ. Энэ асуултын хариуг хөгжмийн зохиолч Г.Төвшинтөрөөс сонсъё гэж бодож байна?

-Их чухал асуулт байна. Дуртайяа хариулюу. Ер нь квартит маягийн эрэгтэй дөрвөл хамтлаг олон. Монголд ч хэд хэд бий. Гэхдээ дуулаачдынхаа төрлөөр өөр өөр. Жазз чиглэлийн хамтлаг ч байна. Сонгодог хоолойтой дуучдыг нэгтгэсэн попера чиглэлд хамардаг нь ч бий. Жишээ нь ийм хамт­лагийн нэг нь “Увертура” л даа. Нөгөө гэвэл бас нэг чиглэл нь популярный песня голдуу дуулдаг хамтлаг бий.

Ардын дууны баримжаатай хөгжиж байгаа дууны төрөл ч гэх байх. Бүр эдүгээчилж ярих юм бол манайхан нийтийн дуу гэж яриад байгаа тал бас байдаг. Тэгэхээр яг өөрийн чинь асуултад өгөх хариу бол “Дуурьсал” хамтлагийнхан жирийн дуулаачдын нэгдэл юм шиг мөртлөө язгуур урлагийн чанар, хэв шинжийг агуулсан түүн дээр орчин үеийн хөгжмийн дуугаралтыг хослуулж уран бүтээлээ хийдгээрээ бусдаасаа ялгаатай гэж хэлж болно. Энэ төрлийн урсгалыг хөгжмийн хэллэгээр этникпоп гэж нэрлэдэг. Манайхан энэ чиглэлийн хамтлаг одоогоор байхгүй байгаа тэр орон зайг олж харснаараа бас давуу талтай юм.

- “Дуурьсал”-ынхан хамтлаг болж нэгдээгүй байсан бол ямар байр суурьтай байх байсан бэ?

-Дөрвөн залуу маань хоёр нь уртын дууч. Зүгээр л хувиараа дуулаад мөрөө хөөнө гэгчээр явсан бол өнөөдөр хэн нь хэн бэ гэдгийг төсөөлж хэлэхэд бэрх л дээ. Тэгвэл бусад шиг ганц нэгээрээ дуулаад явсангүй нэгдсэн нь оносон байх. Ер нь “Дуурьсгал”-ынхан Монголын урлагт огт өөр өнгө төрх нэмж байна гэж хэлэхэд хэтэрсэн магтаал болохгүй байхаа.

-Та дээр хэлсэн дээ. Энэ хамт­лагийн уран бүтээлийн сэдэв өвөрмөц чиг­лэлтэй гэж. Энэ тухайгаа жаахан тод­руулна уу?

-Ер нь орчин үед Монголын дууны урлагт “Оптимизм” буюу өөдрөг үзлийн сэдэв тун ховор юм шиг санагддаг. Бод л доо. Голдуухан нийгмийн муу муухай руу, буруу хазгай тал руу хандсан, болохгүй, бүтэхгүйд уриалсан ч юм шиг нэг л гунигтай, цөхрөнгүй үзэл санаа агуулсан дуунууд олон байгаа л даа. Уг нь бол монголчууд дээр үеэсээ амны бэлгэтэй ашдын жаргалаа дуудсан дуунуудыг дуулж ирсэн байдаг юм. Тэгэхлээр ийм сэдвийн дуу, хөгжим бол цаашдаа ирээдүйтэй, нас урттай байх учиртай шүү дээ. Тийм болохоор “Дуурьсгал”-ынхны уран бүтээл чиглэл нь тийм. Агуулгын хувьд ерөөл, бэлгэ дэмбэрлийг өргөсөн өнгө төрх голлодог. Уран бүтээлийг нарийн сонсож ажиглах юм бол ардын дууны чиг баримжаатай мөртлөө аялгуу нь орчин үеийн дуу, хөгжмийн төрлийг хослуулж чадсанаараа онцлогтой гэдгийг энд давтаж хэлье.

-Хамтлаг байгуулах гэдэг нэг хэрэг. Дөрвөн залуу санаа нэгдээ л биз. Харин хоолойн өнгө, дуугаралт гэх зэрэг талаас нь бас сонголт хийж таараа даа. Энэ тухай мөн л хөгжмийн зохиолч хариулах биз?

-За тиймээ. Хөгжмийн төрөл зүйлд хэрэглэгддэг дуугаралтууд байдаг. Эндээс л энэ цөөхүүл хамтлаг ямар байхав. Хэн хэн байж болох юм гэдгийг сонгосон л доо.

Манай хамтлагийн хоёр нь уртын дуучин, тэд эрэгтэй цээл хоолойтон тенорууд. Цааш нэг нь баргил буюу баритон байх шаардлага гарсан. Тэгвэл үлдсэн нэгд нь аргил хоолойг л сонгосон. Ерөөс дөрвүүл хамтлаг хөгжмийн мэргэжлийн хувьд дэлхийд ч ийм л сонголттой байдаг. Ийм журмыг баримталж сонголт хийснээр “Дуурьсал” бий болсон доо. Хамтлагийнхан бүгд байж байхад би яриад л байх юм. Одоо бусад нь ярь. Алив наашаа гэх зуур Балдангийн Туваансүрэн гэдэг залуу:

-Би яахав дээ. Урлагийн сургууль соёлд явж байсангүй. Нутгийн дууч, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Дарьсүрэн гуайгаар уртын дуу заалгаж сурсан. “Сэрүүн сайхан хангай”, “Хөөрхөн халтар”, “Цэвцгэр хурдан шарга”, “Ар хөвч” гээд л гайгүй хэдэн дуутай болсон. Тэгээд сүүлд аймгийн театрт шалгуулж ороод уртын дуучин гэгдэх болсон хүн дээ. Бараг зургаан жил болж. Одоо СУИС-ийн уртын дууны ангид эчнээгээр сурдаг гэх зуур хамтлагийн нэг гишүүн Э.Хонгорцог гэдэг залуу:

-Би Туваансүрэнтэй адил Дэрэнгийн хүн. Одоо Сайнцагаан сумын Үйзэн багт малчин. Аймагтаа театрт богино хугацаанд дуучнаар ажилласан. Даанч хэдэн мал руугаа татагдаад л гарчихсан даа. Сая Улаанбаатарт тоглолт хийх болохоор нь нэг дүүдээ малаа “тушаачихаад” ирсэн. Өнөөдөр тоглолт хийчихвэл маргааш нь мал руугаа ум хумгүй буцна даа. Нутаг орон гандуухан, нүүдэл суудалтай яггүй байгаа гэж байлаа. Миний хувьд дууны уран бүтээлээс гадна нөгөө хэдэн малаа гэх минь гэж ярив. Бидний яриа өндөрлөхнээ гэтэл нэг гишүүн үлдсэн байлаа. Тэр нь бусдаасаа биерхүү бас дууны өнгө бүдүүвтэр залуу дөхөж суугаад:

-За би яахав. Эрдэнэдалай сумын харьяат нэгэн. Төв Халхын дуулалт жүжгийн театрт дуучин “Дуурьсал” хамтлагын идэвхтэй гишүүн Б.Энхбаяр. Бусдаасаа ялгарах нь театртаа 10-аад жил ажиллаж байна. Дуулахын зэрэгцээ хөгжмийн найруулга дээр чадах чинээгээр суралцахыг хичээдэг. Энэ талаараа хамтлагтаа нэмэртэй байхыг эрхэмлэдэг. Тухайлбал хамтлагийнхаа гол уран бүтээл “Дундговийн магтаал”-ыг анх морин хуур голлосон дан ардын хөгжимтэй дуулдаг байсан бол уг дууг дуулахад орчин цагийн хөгжмийн урсгалыг оруулж ирэх санааг анх дэвшүүлж байлаа л даа. Энэ маань бидний дөрвөн залуу бие биедээ итгээд хоолойгоороо нэгдэж ийм хамтлаг болоод байгаад жаахан ч гэсэн хувь нэмэр болсон байх гэж бодож явдаг даа гэж билээ.

-Хамтлагтаа “Дуурьсал” гэдэг нэрийг хэн өгсөн юм бэ? гэхэд Б.Туваансүрэн:

-Уг нэр нэг их бодож цөхөж байж олсон нэр бишээ. Аяндаа л орж ирсэн гэж ч болно. Эд нар намайг л өгсөн гэх янзтай. СУИС-д “Дуурьсахуйн ухаан” гэдэг хичээл ордог юм билээ. Эндээс л үүдсэн нэр. Одоо бодоход “Хамтлаг” маань уран бүтээлээ улам баяжуулаад түмэнд түгсэн нэр хүндтэй халуун ам бүл болох бэлгэдэлтэй нэр ч байж болох юм санагдана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.27  БААСАН  №192  (6159)