Д.НАДМИД
Ингэж хэлэхээр зарим нэг нь дүргүйхэн байж мэднэ. Уг нь “чамлахаар чанга атга” гэсэн үг бий л дээ. Гэхдээ л манай чөлөөтийнхөн дэлхийн чанартай тэмцээнүүдээс алт, мөнгөн медальтай ирдэг байсныг бодохоор чамлах ч багадах юм шиг санагдах. Үүнийг хэлэхэд багийнхаа нүүрийг тахалж медаль зүүж ирсэн гурван эмэгтэй маань гомдож магадгүй. Та нарыгаа тойруулж хэлэх үг маань юм шүү.
Чөлөөтийнхөн дотроо Соронзонболдын Батцэцэг гэдэг нэр огт хуучраагүйг саяын тэмцээн харууллаа. Тэрээр “Лондон-2012” олимпийн хүрэл медальтай, дэлхийн хошой аварга Монголдоо алдартай тамирчны нэг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгосон нь ч нэгийг хэлэх байх. Москвад болсон ДАШТ-д одтой сайхан барилдаж дэлхийн аваргын титмийг анх хүртсэнээсээ хойш С.Батцэцэг үнэхээр сайн тамирчин гэдгээ нотолсоор ирлээ. Өнгөрсөн сард Польшийн Варшавт болсон “А” зэрэглэлийн тэмцээнд тэр 68 кг-д торойсондоо. Уг тэмцээний хошой аварга нь болсон. Сая Нур-Султаны дэвжээнд сугалаа нь чанга таарсан ч зогсолтгүй өрсөлдсөөр дутуу байсан медалиа авч чадлаа. Дагах барилдааных нь учраа Францын бөх Кумба-Лоррок ДАШТ-ий мөнгө, хүрэлтэй тун сайн бөх. Тэгвэл С.Батцэцэг түүнийг 12:2 гэсэн оноогоор цэвэр ялж олимпод оролцох эрхийн болзлоо хангасан юм.
С.Батцэцэгээс өмнө эмэгтэй 55 кг-д Б.Болортуяа, 59 кг-д Б.Шоовдор нар мөн хүрэл медаль хүртээд байсан. Энэ гурван медаль Монголын чөлөөтөд эмэгтэйчүүд нь угаасаа дөнгүүр юм шүү гэдгийг баталлаа шүү дээ. Энэ удаагийн ДАШТ-д оролцсон эрэгтэйчүүдийн хувьд өсвөр үе болон 23 хүртэлх насныхны Азийн аварга “Арслан” клубын тамирчин ОУХМ Тулга 65 кг-д V байр эзэлж “Токио-2020” олимпод оролцох эрхээ авсныг эс тооцвол жүдогийнхонтой адил амжилт нь буурчихсан харагдаж байгаа юм. Тийм жингийн тэр дэвжээнд гарлаа л гэх. Хожигдлоо л гэсэн үг сонсогдох ийм л байлаа шүү дээ үнэн гэвэл. Хэдийгээр багийн дүн гэж байдаг ч хэн нэгнийхээ гаргасан амжилтын далбаан дор бусад нь нуугдаж үлдэх учиргүй.
Гэтэл манай чөлөөт төдийгүй жүдогийнхон ийм муу зуршилд дассан шинжтэй болчихсон. Ингэхээр чи юу хэлэх гээд байна вэ гэвэл ДАШТ-ий гурван хүрэл медалийг өмнөх амжилтуудтайгаа жишин үзэж чамлангуй хандаасай гэх байна. Монголын чөлөөт бөхийн холбоо дундуурхан ажиллаж байгаагаа ч ухаарах цаг нь болсон байх гэдэг үгийг нэмэрлэе. Жил хүрэхгүйн дараа “Токио-2020” зуны олимп болно. Яг л үнэнийг хэлбэл чөлөөтийнхөн бэлэн биш байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.9.24 МЯГМАР №189 (6156)