С.УЯНГА
Японы домогт тамирчин самбо, жүдогийн спортын мастер Виктор Тадаши Итакүсү Монголд анх удаа ирж буй. Тэрээр амралтын хоёр өдөр Өвөрхангайд болсон жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тамирчидтайгаа хамт оролцоод өнөөдөр нутаг буцаж байна. Түүнийг Улаанбаатарт хэдхэн цаг саатах үед нь уулзаж ярилцлаа.
-Монголд ирэх урилгыг анх хэрхэн хүлээж авав. Мэдээж олон ажил амжуулахаар төлөвлөсөн байх?
- Гавьяат дасгалжуулагч Г.Энхбаярын урилгаар жүдогийн тэмцээнд хүүхдүүдээ дасгалжуулахаар ирсэн. 11 тамирчин, асран хамгаалагчид гээд 20-уулаа ирсэн. Мэдээж тэмцээндээ амжилттай оролцож ялахыг хүсч байна. Мөн Монголд ирсэн хамгийн том зорилго бол Монгол, Японы найрамдалт харилцааг улам сайжруулж, бэхжүүлэхийг хүсч байна.
-Манай хоёр улсын спортын хамтын ажиллагаа хэр өргөжиж байна вэ?
-Миний хувьд Монгол, Япон улс маш дотно найрамдалт харилцаатай гэж боддог. Миний Монголд ирсэн бас нэг том зорилго бол монголчууд яагаад ийм хүчтэй байдгийг судалмаар байна. Японы сумод Монголчууд түрүүлэхийг хараад яагаад ийм хүч чадалтайг нь өөрийн биеэр харж мэдрэхээр ирсэн. Миний бодлоор Монгол Улс зун халуун, өвөл тэсгим хүйтэн, адуу маллаж биеийн хүнд хүчир ажил хийж нүүдэлчин уламжлалтай учраас монгол хүн хүчтэй байдаг байх.
-Монгол тамирчдын барилдааны онцлогийг хэрхэн хардаг вэ. Магадгүй монгол тамирчдыг дасгалжуулахыг хүсдэг байх?
-Япон хүмүүс барилдааны талбар дээр техникийн талдаа маш сайн байдаг. Харин Монгол хүн биеийн чадал, барилдааны ур чадвараараа илүү. Монголд жүдо, самбогоор тамирчдыг дасгалжуулах боломж олдвол заавал ирэх болно. Монгол тамирчид техникийн чадварыг ур чадвар, бяр тэнхээтэй төгс хослуулж чадвал ирээдүйд Монгол орон спортын хаан улс болох байх.
-Та дунд сургуульд багшилдаг юм билээ. Шавь нараа хэрхэн бэлтгэдэг вэ?
- Би Күмамото мужийн төв ахлах сургуульд багшилдаг. Дунд, ахлах, их сургуульд багшилж самбогийн суурийг нь заадаг. Би жүдо, самбод үнэхээр дуртай. Миний бодлоор биеийн чадал, оюун ухаан сэтгэл санаагаа нэгтгэж байж хүчтэй болдог. Сэтгэл, бие, техник гурвыг хослуулж чадвал амжилт гаргана гэсэн үг байдаг. Тиймээс би шилдэг тамирчин олохын тулд Японыг бүхэлд нь тойрсон.
Миний самбогоор барилдахдаа хийдэг хамгийн гол мэх бол өчих. Хүмүүс цэвэр ялахыг хүсдэг бол өчих мэх хийж байгаа тохиолдолд өрсөлдөгч маань “Бууж өглөө” гэж биед гурван удаа хүрэх мөчид жинхэнэ ялалтын амтыг мэдэрдэг. Миний шавь нар дандаа мундаг тамирчид, аваргууд байдагт би хамгийн их бахархдаг. Тэрдундаа миний заасан өчих мэхээр амжилт гаргадаг болохоор бахархалтай сайхан санагддаг.
Японы Самбогийн холбоо тийм ч идэвхтэй ажилладаггүй. Тиймээс би сайн дураараа Японыг тойрч хүүхдүүдэд самбо, жүдо заадаг. Энэ бүх зардлаа хувиасаа гаргаад явахаар эргэн тойрны зарим хүн гайхдаг ч миний чин хүсэл бол самбогийн спортыг хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийх болно.
-Олимпод оролцож байсан уу. Токио 2020-д тамирчдаа дасгалжуулж байгаа юу?
-Олимпод нөөц тамирчнаар оролцож байсан. Олимпийн өмнөх бүх тэмцээнд түрүүлдэг ч олимпийн сорилго тэмцээнд оролцохдоо ялагдчихдаг. Яагаад тэгдэгийг нь ойлгодоггүй. Магадгүй аз дутдаг байх. \инээв\
Одоохондоо олимпод тамирчдаа дасгалжуулж амжаагүй байна. Миний спортоор хичээллэсний хамгийн том зорилго бол спортоор дамжуулж эх дэлхийд энх тайван тогтоохыг хүсдэг. Ямар нэг дүрэмгүйгээс эх дэлхийд дайн, үймээн самуун, муу зүйл болж байна. Харин спортоор олон хүнийг төлөвшүүлж амар тайван, сайн сайхныг тогтоохыг хүсдэг.
-Таны овог их содон. Орос овогтой япон самбо мастер болсон түүхээсээ товчхон ярихгүй юу?
-Миний самбогийн багш Виктор Кога гээд орос хүн байсан. Багш маань ЗХУ-ын спортын мастер цолтой. Жүдогоор барилдаж байхдаа олимпод оролцох зорилго тавьсан юм. Тэгээд барилдааны техникийг нь сонирхож байгаад олимпод оролцохын тулд самбогоор барилдахаар шийдэж 18 насандаа Виктор багшийн шавь болсон. Самбогоор хичээллээд хүүхдүүдэд заахад багш маань “Чи миний Виктор гэдэг нэрийг ав” гэж хэлсэн. Самбогоор багшлахдаа Виктор, жүдогоор хичээллэхдээ Тадаши нэрээ ашигладаг.
Намайг Виктороор овоглоход аав, ээж, ойр дотныхон, олон нийт маш сайхан хүлээж авсан. Аав, ээж маань алдартай тамирчныг мэддэг байсан учраас дэмжсэн. Тамирчидтайгаа тэмцээнд оролцоход дэвжээн дээр Виктор гэж дууддаг. Би ч гэсэн энэ нэрэндээ дуртай. Бахархдаг.
-Тив, дэлхийн олон тэмцээн уралдаанд амжилт гаргаж байв уу?
-Токиогийн жүдогийн аварга шалгаруулах “Их дуулга” тэмцээнд хоёр удаа түрүүлсэн. 1990 онд олон улсын тэмцээнд монгол тамирчныг ялж түрүүлж байсан. Жүдогийн дэлхийн хамгийн том тэмцээнд 60 кг-ийн жинд Д.Баттулга гэдэг тамирчинтай барилдаад ялсан.
-Монгол тамирчинтай барилдахад ямар санагдсан бэ?
-Тэр үед Д.Баттулга маш алдартай тамирчин байсан. Миний хувьд 18 настай залуухан тамирчин байлаа. Эргэн тойрны хүмүүс бүгд л энэ тэмцээнд туршлагатай бөх ялна гэж хэлж байсан ч би тэр үед хамаг хүчээ дайчлаад ялсан даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.9.16 ДАВАА №183 (6150)