С.САРУУЛ

Халх голын ялалтын 80 жилийн ой, ДХИС-ийн 85 жилийн ойг угтан тус их сургуулийн “Соёмбо” спорт хороо, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороотой хамтран “Дайчин нөхөрлөлийн замаар” олон өдрийн өртөөчилсөн гүйлтийг зохион байгуулж байна.  Өртөөчилсөн гүйлтийн тамирчид гараагаа Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Монгол төрийн нэрт зүтгэлтэн, доктор, профессор, академич, хошууч генерал Дашбалбарын Базарсадын нэрэмжит Хилийн 0275 дугаар ангийн 0207 дугаар /Ульхан/-ы салбараас энэ сарын 29-ны өдрийн 09.00 цагт эхлүүллээ.

Зөвлөлтийн дайчдын эр зориг, дайчин нөхөрлөл, тэсвэр хатуужлыг сурталчилан таниулах, ялалтын яруу алдрыг магтан дуулах зорилготой өртөөчилсөн гүйлтийн багийн ахлагчаар ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн дэд захирал бөгөөд Хилийн 0345 дугаар тусгай ангийн штабын дарга, хурандаа Б.Лувсанравдан, дасгалжуулагч багшаар “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч олон улсын хэмжээний мастер Ж.Даваасүрэн, тамирчдаар ДХИС-ийн тамирчин Монгол Улсын мастер Ц.Цэрэндагва, дэд мастер Г.Гүррагчаа, Хилийн 151 дүгээр ангийн тамирчин /хөнгөн ателитикийн I зэрэгтэй/ Ц.Энхболд, Хилийн 275 дугаар ангийн тамирчин /хөнгөн ателитикийн III зэрэгтэй/ Б.Мөнхдорж нарын бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Түүхэнд “Дайчин нөхөрлөлийн зам буюу Алтан жим” нэртэйгээр алдаршсан Хилийн 0275 дугаар ангийн 0207 дугаар /Ульхан/-ы салбараас гараагаа эхэлсэн гүйлтийн тамирчид Дорнод аймгийн Халх гол сум хүртэл 619 километр замыг туулна. Өртөөчилсөн гүйлтийн тамирчид тухайн үед ЗХУ-ын Зэвсэгт хүчний анги, салбарууд Ульханы боомтоор Монгол Улсад орж ирэн Халх гол хүртэл марш үйлдэж байсан маршрутаар  гүйн, ирэх сарын 3-ны өдөр барианд орох юм.

Эх сурвалж: www.polit.mn