С.САРУУЛ
Улсын аварга Э.Оюунболдоос дөрвөн төрлийн сэргээш илэрснийг Үндэсний баяр наадам зохион байгуулах хорооноос албан ёсоор мэдэгдсэн. Харин улсын Аварга Э.Оюунболд энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /08.30/ нэхэмжлэл гаргаад байгаа юм.
Тэгвэл Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн “Бөхийн салбар хороо өнөөдөр хуралдсан. Баяр наадамд тав буюу түүнээс дээш давсан хоёр бөхөөс допинг илэрсэн. Допинг хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн хороогоор тогтоогдсон нөхцөлд барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, давсан давааг нь хүчингүй болгох, учраа таараад барилдаад унасан бөхөд нь цол чимгийг нэмж олгох, сэргээш хэрэглэсэн бөхийн цол чимгийг нь хураах саналыг Үндэсний бөхийн салбар хороо Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороондоо хүргүүлэх учиртай. Эл саналаа ирэх долоо хоногийн даваа гаригт хүргүүлнэ. Цол олгох, хураах асуудлыг Ерөнхийлөгч мэднэ. Харин нөгөө бөхийн хувьд Б сорьцын шинжилгээ өгсөн. Хариу нь ирмэгц бөхийн салбар хороо дахин хуралдана” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn