Т.САЙХАН
Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдоос допингийн төрлийн дөрвөн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо энэ сарын 26-нд нийтэд зарласан билээ. Харин Монгол Улсын Аварга Э.Оюунболд энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /08.30/ нэхэмжлэл гаргасан байна.
Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлд:
Допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг уг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай дурджээ.
Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд нэхэмжлэлтэй уг гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг долоо хоногийн хугацаанд шийдвэрлэх юм байна.
55 дугаар зүйл. Захиргааны хэрэг үүсгэх
55.1.Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.
Эх сурвалж:www.polit.mn