Н.ЧИНГҮҮНЖАВ
Инженер, технологийн чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын хичээлийн танхимаар олж авсан мэдлэгийг практик дээр туршдаг “ABU Robocon-2019” олон улсын роботын 18 дахь удаагийн тэмцээн ирэх ням гаригт Монголд анх удаа болох гэж байна. Монголын үндэсний олон нийтийн радио,телевиз Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) хамтран зохион байгуулж буй энэ тэмцээн энэ сарын 25-ны 12:00 цагт “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ. “ABU Robocon-2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Казахстан, Энэтхэг,Египет,Индонез, Пакистан, Шри Ланка, Малайз, Непал, Тайланд, Вьетнам, Камбож, Фижи, Хонконг гэсэн 16 орны 17 багийн 130 орчим тамирчин өрсөлдөх юм байна. Манай улсаас “Робокон-2019” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн ШУТИС-ийн хоёр баг эх орноо төлөөлөн өрсөлдөнө.
Монгол Улсын баг 2002 оноос энэ тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд 2004 онд дэд байр эзэлж байсан. Гэрэгэ дамжуулах, Монголын уламжлалт наадгай болох шагай хаях, дөрвөн хөлт робот бүтээх даалгавар, энэ даалгаварт уялдсан дүрмийг Монголчууд өөрсдөө боловсруулсан нь энэ жилийн тэмцээний онцлог юм. “ABU Robocon” төслийн ерөнхий зохион байгуулах хорооны дарга Араи Томохиса “ABU Robocon” олон улсын роботын 18 дахь тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулах гэж байгаадаа баяртай байна. Жил бүр орон орны оюутан өөрийн улсынхаа хамгийн шилдэг технологийг ашиглан шинэлэг өвөрмөц роботуудыг бүтээж оролцдог. Монголын олон шилдэг оюутан энэ тэмцээнд оролцож ирсэн нь Монголын технологийн хөгжилд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулсан байх гэж найдаж байна. Энэ жил Монгол улсын баг өндөр үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Талбайд Монголоос ес, санаачлагч болон өмнөх, дараагийн зохион байгуулагч орноос тус бүр нэг нийт 12 шүүгч ажиллана. Гранпри шагналын эзэн нэг баг, хоёр дэд байр, шилдэг санаа, инженерчлэл, дизайнтай багийг тодруулах юм байна.
Эх сурвалж: www.polit.mn