С.САРУУЛ
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ эр бяраа гайхуулан дэвж ард түмнээ баясгасан олон хүчтэн Өвөрхангай нутгаас төрсөн. Тэдний нэг Улсын арслан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Бандийн Ганбаатарын хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Баян-Өндөр суманд спорт заалны өмнө босголоо.
Б.Ганбаатар арслан энэ жил 60 нас хүрч буй аж. Тэрээр 1980 онд Улсын начин, 1985 онд Улсын баяр наадамд 9 давж түрүүлэн арслан цол хүртсэн төдийгүй самбо, жудо бөхөөр улс, олон улсын тэмцээнээс 40 гаруй медальтай. “Алдар” спорт хороонд дасгалжуулагчаар ажиллаж бөхийн спортоор нэрээ дуурсгасан олон шавь төрүүлснийг нь үнэлж 2009 онд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртээсэн юм.
Арслангийн хүрэл хөшөөг босгох ажлыг “Бумбат” бөхийн дэвжээ, Баян-Өндөр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл санаачлан зохион байгуулсан бөгөөд цогцолбор маягаар уран барималч Санчирболд урлажээ.
Шинэ Спорт заалны өмнө босгосон хөшөөт цогцолборын нээлтийн ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, арслан Ганбаатар гэр бүл, ах дүүс, үр хүүхдийн хамт ирж, түүний хадам Улсын заан Булганы Д.Лхагвасүрэн, шавь нараас нь Улсын арслан Д.Ганхуяг, Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын заан Т.Санчир, Улсын начин С.Мандах, Б.Цэдэнсодном нарын бөхчүүд, мөн Баян-Өндөрөөс төрсөн алдартнууд олноор оролцож энэ эрхэм хүнд хүндэтгэл илэрхийлсэн төдийгүй хүчит 64 бөхийн барилдаан, хурдан морины хоёр насны уралдаан зохион байгуулсан.
Баян-Өндөрийн Спорт заалыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Улсын арслан Бандийн Ганбаатарын нэрэмжит болгох шийдвэрийг Өвөрхангай аймгийн ИТХ гаргасныг нээлтийн ёслолын үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд дуулгалаа.
Эх сурвалж: www.polit.mn