Т.САЙХАН

Ирэх наймдугаар сарын 9-11-ний өдөр Дундговь аймаг, “Их газрын чулуу”-ны Задгай театрт болох “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг зохион байгуулахаар болжээ.  “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын ерөнхий зураачаар соёлын гавьяат зүтгэлтэн, зураач П.Цэгмид, ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга Д.Доржсүрэн ажиллаж байна.

Д.Доржсүрэн 1987 онд Мандалговь хотын Улсын тэргүүний 10 жилийн сургуулийг төгсч, улмаар Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг дүүргэн, төрөлх Дундговь аймагтаа ирж, ажил амьдралын гараагаа эхэлснээс хойш 30 гаруй жил хөдөө орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байгаа билээ.

Тэрээр энэ удаа  “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмаар  олон түмэнтэйгээ уулзах гэж байна.  Зорин очсон хэн бүхний сэтгэл, оюуныг баясгах тус наадам  олон сонирхолтой үзүүлбэрээр хөтөлбөрөө боловсруулсан аж. Тухайлбал, наадмын эхний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын төрсөн бууц “Сүүдэртийн улаан овоо” хэмээх газарт босгох гэрэлт хөшөөний нээлт болох бол “Мөнх тэнгэртээ өргөх дуун цацал” 3000 уртын дуучид, морин хуурчдын хүндэтгэлийн тоглолт, айрагны баяр, “Уран үгсийн чуулган” яруу найргийн цэнгүүн, “Монгол хувцас” загварын шоу тоглолт, Дундговь нутгаас төрөн гарсан урлаг соёлын алдартнуудын нэгдсэн тоглолт болно.

Эх сурвалж:www.polit.mn