Б.ДАРЬСҮРЭН
Японы мэргэжлийн сүмогийн зуны тэмцээн Нагоя хотноо сонирхолтойгоор үргэлжилж байна. Энэ тэмцээний гол баатраар Архангай аймгийн малчны хотноос Арлын орныг зорьсон, маэгаширагийн барууны дөрөв дэх бөх “Минато” дэвжээний Ичиножёо А.Ичинноров тодроод байна. Сонирхогчдын зүгээс “сул барилдаантай, идэвхигүй” гэж шүүмжлүүлдэг тэрээр энэ башёд нуруундаа хөнгөн гэмтэлтэй ч бэлтгэл сайтай байгаа гэдгээ харууллаа. Ес дэх өдрийн барилдаанд ёкозүна Хакухо М.Даваажаргалыг давж, шуугиан дэгдээгээд зогсохгүй, аварга цолтныг давсан бөхөд гардуулдаг “Кимбоши” шагнал хүртэх болзлыг хангалаа. Түүнийг макүчи зиндааны хамгийн хүнд жинтэй бөх гэдгээр нь үзэгчид таньдаг бөгөөд энэ сард 210 кг жинтэй зодоглож байна. Анх 2014 онд дээд зиндаанд дэвшсэн бөгөөд удалгүй сэкивакэ цол хүртэж, ард олноо баярлуулсан хүчтэн юм. Өнөөдөр /2019.07.17/ 11 дэх өдрийн барилдаанд нутаг нэгт Тамаваши Б.Мөнх-оргилыг давж, долоон даваа дөрвөн унаатай болсон тэрээр үлдсэн өдрүүдийн барилдаанд олон даваа авч чадвал 50-иас дээш хувийн амжилт үзүүлнэ. Түүгээр ч зогсохгүй эргэн өндөр цолоо хүртэх боломж бүрэн байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn