Б.ДОЛЖИНЖАВ

“Уудам сайхан манай нутгийн

Уул талаар өнгийн цэцэг олон

Онц л түүний дундаас бэр цэцэг

Олны сэтгэлд хайртай сайхан” хэмээн зохиолч Б.Ринченгийн “Бэр цэцэг” найраглал эхэлдэг. Хайртай залуу нь дайнд яваад эргэж ирээгүйд харууссан бүсгүйн нулимс унасан газар ургасан цэцгийг нутгийнхан нь бэр цэцэг гэж нэрлэх болсон тухай уг найраглалд өгүүлдэг билээ. Хайр дуулаагүй дуучин, хайрын тухай бичээгүй яруу найрагч  ховор. Харин ардын дуу, язгуур урлаг, сонгодог урлагийг хослуулан үнэнч хайрын тухай өгүүлсэн тоглолт Монголд байтугай дэлхийн тайзнаа тоглогдоогүй болов уу. Зохиолч Б.Ринченгийн “Бэр цэцэг” найраглалаас сэдэвлэсэн “Legend” тоглолт олны хүртээл боллоо. Энэ тоглолт нь Монголд анх удаа олон төрлийн урлагийг нэгтгэн хийж буй гэдгээрээ шинэлэг юм. Найруулагч Н.Наранбаатар “Уламжлал болон тогтсон хуучны урлагийг залуусын сонорт хүргэхийн тулд орчин үеийн өвөрмөц хэмнэлийг хоршуулах нь зүйн хэрэг гэж бодсон. Үүгээрээ жуулчдын Монгол орныг төсөөлөх бодлыг өөрчлөхийг зорьж байгаа. Агуу зүйлийг бүтээдэг монголчууд дэлхийд танигдахын тулд шинэ нийгмийн сонирхол болсон орчин үеийн бүтээлүүдийг туурвиж, урлагаар танигдах ёстой. Уртын дуу, ардын дуугаар илэрхийлж байгаа санааг циркийн үзүүлбэрээр эсвэл цоо шинэ хөгжим, балетаар дамжуулж болдог” гэсэн юм. Үнэхээр нийгэм, цаг үеэ дагаад хүмүүсийн сонирхол өөрчлөгдсөн тул ардын урлагаа авч үлдэхийн тулд залуусын хүсэл сонирхолд нийлүүлэн өнгө аяс, хэмнэлийг өөрчлөх нь зүйн хэрэг. Ардын дууг хөөмий, монгол бүжиг биш орчин үеийн урлаг балет, цирктэй хослуулсан нь  дууны утгыг илүү гүнзгий ойлгуулав. Тайз, гэрэлтүүлэг, хөгжим, хувцаслалт, бүжиг дэглэлт гэсэн бүх зүйл нь цоо шинэ, дахин давтагдашгүй тул эх түүх, монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэлийг огшоож байлаа. Ардын дуучид, бүжигчид, уран нугараачид тусдаа хөдөлмөрлөх бус нэгдэж уран бүтээл хийвэл Монгол үндэстнийг дэлхийд дансалж чадах юм байна гэсэн бодлыг тээв. Гадаадын жуулчдад Монголын үндэсний урлагийг орчин үеийн урлагтай нийлүүлэхээр ямар гайхалтай болохыг мэдрүүлж чадах тоглолт болжээ. Хайртай залуугийнхаа араас харуусан шаналж буй эмэгтэйн сэтгэл хөдлөл, дотоод сэтгэлийн шаналлыг бүжигчин, уран нугараачид нь биеийн уран нарийн хөдөлгөөнөөрөө, дуучид нь сайхан хоолойгоороо зэрэг илэрхийлсэн учир найраглалын санаа үзэгчдэд илүүтэй хүрч, догдлуулж байлаа. Өвөрмөц содон график, дүрслэл нь монголчууд техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж яваа гэдгийг батлахуйц, уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээгээр бишрэм сайхан болжээ. Алга ташиж анхаарлаа сарниулахаас харамламаар “Legend ”тоглолт энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх тул нийлмэл урлагийн гайхамшгийг мэдэрч оюуны цангаагаа тайлахыг хүсч буй оюунлаг үзэгч та заавал үзээрэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.7.9  МЯГМАР  №138  (6105)