Б.НАСАНЦАЦРАЛ
Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам эхлэхэд 20 хүрэхгүй хоног үлдлээ. Үндэсний их баяр наадмын салхийг сур харваачид хагалдаг уламжлалтай. Энэ жил сур харваачид наадмын бэлтгэлдээ эртлэн гарчээ. ШШГЕГ-ын харъяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, спортын мастер Д.Мөнхсайхантай ярилцсанаа хүргэе.
-Үндэсний их баяр наадам ойртож байна. Таны хувьд хэзээнээс бэлтгэлдээ гарав?
– ШШГЕГ-ын даргын наадамд бэлтгэх тамирчдын нэрсийг заасан тушаалын дагуу энэ сарын 17-ноос эхлэн бэлтгэлдээ шамдан орсон. Манай харваачдын бэлтгэл ид сайхан явагдаж байна. Энэ сарын 21-24-нд дөрвөн өдөр Улсын аваргын шалгаруулах тэмцээн боллоо. Нийт 750 харваач цэц мэргэнээ сорьж өрсөлдсөнөөс залуу харваачдын босго оноог тогтоож, улсын наадамд харвах 540 харваачийг сонгон шалгарууллаа. Шалгарсан харваачид наадмын бэлтгэлдээ ороод байна.
-Танд өрсөлдөгч харваачдын чадвар хэр санагдаж байна вэ?
-Үндэсний сурын спортод өрсөлдөгч гэж үгүй. Гагцхүү өөртэйгөө л өрсөлдөнө. Өөрөө өөртэйгөө тэмцдэг, өөрөө өөрийгөө ялан дийлсэн үед л түрүүлдэг онцлогтой спорт юм. Харин энэ жилийн харваачдын чансаа сайн харагдаж байгаа. Хүчтэй, бэлтгэл сайтай харваачид олон оролцохоор байна.
-Та яагаад сур харвах болсон юм бэ. Таны хувийн амжилтыг сонирхоё?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 95 жилийн ойгоор алба хаагчдын бие бялдрыг сайжруулъя, эвсэг хамт олон бүрдүүлье гэсэн зорилгын үүднээс эрийн гурван наадмыг ойд зориулан оруулж байсан. Тэр үед байгууллагынхаа үндэсний сурын наадамд оролцсоноор сур харваж эхэлсэн дээ. Тухайн үед бид сур харвах ямар ч ойлголтгүй байсан. Тиймдээ ч “Алдар” спортын хорооны тамирчин, Спортын мастер н.Баярсайхан багшаар анх заалгаж байлаа. Амжилтын хувьд гэвэл, би 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд 32 онож, үндэсний сурын спортын мастер цолтой болсон. Үүний дараа 2018 оны бүсийн сурын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс багаараа мөнгөн медаль хүртсэн.
-Үндэсний сурын харваа гурван төрлөөр болох юм байна. Таны хувьд аль төрлөөр оролцох гэж байна?
-Сурын харваа халх, буриад, урианхай гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдана. Би халх сурын харваанд голчлон бэлдэж оролцоно. Гэхдээ үлдсэн хоёр төрлөөр ч хүч сорино гэсэн бодолтой байгаа.
-Ингэхэд халх, буриад, урианхай сурын ялгаа юу вэ?
-Нумын хийц, сум, бай, зай гээд өөр хоорондоо ялгаатай зүйл их бий. Урианхай, буриад нь 40 метр, халх нь 75 метрийн цаанаас харвана. Буриад сурын харваа нь 64 сум, халх харваанд 40 сум тавьдаг. Урианхай сум нь 128 граммын сумаар харвадаг. Хатуу нумаар харвадаг гээд ялгаа их бий. Харин техникийн хувьд ялгарах зүйл үгүй.
-Сүүлийн жилүүдэд сур харваагаар хичээллэх сонирхолтой залуус олширч байна уу даа. Тэдэнд зөвлөгөө өгвөл юуг онцлох бол?
-Хамгийн эхэнд залуучууд техникээ зөв сурах зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт, нумаа зөв сонгох хэрэгтэй. Өөрт нь таарахгүй хатуу нум сонгочихвол харваж сурахад маш хүндрэлтэй болж, хугацаа их шаардагдахыг анхаарах ёстой. Гуравдугаарт, сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Сэтгэлийн хат, нарийн чанд сахилга бат зохицож байж сая нэг сурын харваанд амжилт гаргах боломжтой болж ирнэ дээ.
-Танд амжилт хүсье, сайхан наадаарай.
Эх сурвалж: www.polit.mn