Д.ЦЭРЭННАДМИД
Р.НЯМДОРЖ ХҮҮДЭЭ ЦОЛ ХУДАЛДАЖ АВАХ ГЭСЭН ҮҮ?
Ёстой л амар байна уу гэсэн биш гай чирэв гэдэг шиг л юм болсон доо. Энэ жилийн наадмаар шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс хоёр нь сэргээш хэрэглэсэн гарч гэнэ гэсэн яриа аль халуун намраар яригдаж эхэлсэн. Хэвлэлээр ч гарсан. Түүнд итгэсэн нэг хэсэг, итгээгүй нэг хэсэг байсан байх.
Гэтэл өнгөрсөн долоо хоногийн дундуур МҮБХ хэвлэлийн хурал зарлаж сүүлийн жилүүдэд хийсэн ажлаа тайлагнахын зэрэгцээ сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг албан ёсоор гэсэн тодотголтойгоор хэвлэлийнхэнд хэлээдхэв.
МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж Допингийн үндэсний төвийн бичиг энэ байна гэж байгаад улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин болсон Б.Сугаржаргал нар Солонгост хийсэн шинжилгээгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдлоо. Х.Мөнхбаатарын хувьд өөрөө Солонгос явж Б сорьцын шинжилгээг хийлгэсэн ч А сорьцынхтой адил гарсан байна. Энэ дагуу нэр бүхий хоёр бөхөд ямар шийтгэл ногдуулахыг Улсын баяр наадмын хороо шийдэх учиртай гэж мэдэгдэв.
Тэгтэл улсын арслан Х.Мөнхбаатар босч ирээд “Би мөрнийхөө гэмтлийн улмаас “чилийсэн палийсан” гэдэг эм л уусан өөр хориотой юм хэрэглээгүй. Энэ тухайгаа Р.Нямдорж тэргүүнд хэлж эмийн шинжилгээг хүлээзнээч гэж гуйсан. Гэтэл миний хүсэлтийг хайхарсангүй. Энэ нь “санаатай үйлдэл” маягийн юм хэлэв. Үүнд нь Нямдорж хариу болгож “Чиний тэр тайлбарууд сэргээш хэрэглэсэн үгүйг батлахгүй. харин тэр эмийн шинжилгээний хариу ямар гарахнав гэдэг чинь хүчинтэй байж болно” гэсэн.
Х.Мөнхбаатар дахин босч телевизийн зураглаачдыг өмнөө дуудаж байгаад “Нямдорж тэргүүн та намайг олон жил нүд үзүүрлэлээ. Би их ч тэвчлээ. Тэгэхээр энэ байдал юунаас болсон бэ гэвэл 2007 оны улсын наадмын долоогийн даваанд би улсын заан, эдний хүү Б.Ганбаатар аймгийн арслан цолтой таардаг юм. Энэ үед Нямдорж тэргүүн надад “За чи манай хүүг дэмжээд заан болгочих. Чамд 70 сая төгрөг өгье” гэсэн. Би зөвшөөрөөгүй. Шударга барилдъя, ард олноо хуурахыг хүсээгүй. Би Ганбаатарыг хаячихсан. Гэтэл Нямдорж тэргүүн гуай “Их овоо хүүхэд юмаа. Чамайг харнаа” гэж заналтай хэлсэн. Үүнээс үүдэлтэй юм гэдгийг хэлэх гэсэн юм гэв.
Энэ үг Р.Нямдоржийн уурыг буцалгав.
-Чи боль, хэнээр ийм үг заалгаж ирээд хэлэв. Чи ийм хүн байгаагүй. Ийм боловсролгүй байж таарахгүй. Би яалаа гэж чамаас тэгж гуйж явах юм. Би хэзээ ч бодож санаагүй юмыг хэлж гөрдөхөөр чинь уурлаж байна. Одоо чиний нөгөө талд гарч чамтай тэмцэнэ. Чамайг шүүхэд өгнө гээд ёстой бууж өгөв. Арслан зөөлрөх шинжгүй
-Тэгээ шүүхдээрэй. Өөр ч баримт бий. 2009 онд намайг Г.Өсөхбаяр аваргатай барилдаад мэх хийгээд л түүнийг хазайлгахаар бөхийн цэц Б.Ганбаатар, засуул Б.Пүрэв нар барьж аваад байсан. Илэрхий дүрмийн бус барилдаан болсон. Би баяр наадмаа хүндэтгээд заргалдаагүй. Бас 2011 онд Д.Бадрахын толгой даасан буруу шийдвэрээр би унасан болж хохирсон. Танд би гомдлоо хэлсэн, бичиж өгсөн. Бас хайхраагүй. Энэ бүхнийг олон түмэндээ хэлэх гэсэн юм гэв. Ийм л юм болсон доо.
СЭРГЭЭШ ИЛЭРСЭН БОЛ ЯАХ ЁСТОЙ ВЭ
Шинжилгээгээр сэргээш хэрэглсэн нь тогтоогдсон бол сэргээш хэрэглэсэн гэж тооцдог. Тэгээд Үндэсний баяр наадмын бөхийн дүрмийн 7.4.2-т сэргээш хэрэглэсэн нь лаборaтoрын шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Бас сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийн баяр наадамд барилдах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах заалт байдаг юм байна. Гэтэл энэ заалтыг бүрэн хэрэгжүүлж ирсэнгүй ээ. Сэргээштэй гэгдэх бөхийн нэрсийг жагсаавал уртаа дараалал гарна. Улсын аварга, арслан, заан, харцага гээд бүх цолтны төлөөлөл тэнд багтана. Тэр бүхэнд дээрх дүрмийн дагуу зохих шийтгэл оноож байсангүй. Харин өнгөрсөн жил Ховдын хоёр бөх Г.Алтангэрэл, Ч.Цоггэрэл нарт зөвхөн барилдах эрхийг нь хоёр жил хасах шийтгэл оноосон юм. Хуулийн хоёр санкцийн зөвхөн нэгийг нь хэрэглэсэн нь тэр.
Уг нь МҮБХ-ноос төлөвлөхдөө шинэ цолыг хураах, барилдах эрхийг нь хасах тухай санал оруулж. Гэтэл дээрээс ингэж болохгүй гэсэн дарамт ирж. Тэр нь төрийн толгой суудлуудад Ховдынхон сууж байснаас болсон тухай саявтар сонслоо. Энэ жил яах бол. Улсын наадмыг зохион байгуулах хороог шинэчилж байгуулаагүй гэх тээг яригдаж л байна. Хэрүүлтэй, хараалтай сэргээш хэрэглсэн гэж зарлагдсан хоёр бөх шийтгэлээ хүлээх л үлдлээ. Хүлээх ч биз ээ.
Үүнтэй зэрэгцээ дүрэмд зааснаар бол Х.Мөнхбаатарт тавын даваанд унасан улсын начин Ж.Оргилд чимгийг нь, зургаагийн даваанд унасан Ж.Амартүвшинд улсын харцага, долоогийн даваанд унасан Т.Санчирт улсын заан цол олгохоор болж байгаа юм. Энэ нь шударга ёсонд таарна. Х.Мөнхбаатар, Б.Сугаржаргал хоёр барилдах эрхээ хасуулах биз. Ийм дүрмийн төгс гүйцэтгэл хийх байх л даа. Тэгэх нь ч зүйд нийцнэ. Хэрэв урьд жилүүдийнх шиг шуугиулж байгаад чимээ алдрах юм уу хагас дутуу шийтгэл оноох юм бол жилийн жилд допингийн тухай хэрүүл шуугиан улам нэмэгдэнэ гэсэн үг.
ҮНДЭСНИЙ БӨХӨД “ЦЭВЭРЛЭГЭЭ” ХЭРЭГТЭЙ
МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, улсын арслан Х.Мөнхбаатар нарын хэрүүл зүгээр нэг хэрүүл биш үндэсний бөх маань сүрхий бохирдсныг харууллаа. Зарим бөхийн сэтгэл гэдэг “эрхтэн” зөвхөн мөнгөний төлөө тэмүүлэх болж монгол бөхийн түүхийг баллах гамшиг гэхээр болоод байгаа. Шувуу хүртэл буруу дэвээд байна гэдэг шиг бузар юм үндэсний бөхөд нүүрлэж. Боловсронгуйгаар хэлэхэд даваа үнэлэх гэх мөнгө шүтсэн найраа монгол наадмыг гутааж байгаа нь нууц биш. МҮБХ-ны тэргүүн нь найраа хийдэггүй байж болох ч улсын өндөр цолтнууд жалга довоороо, ах дүүсээрээ нэгдэн найрааг улайн цайм хийдэг болоод удлаа. Харин тэргүүн, арслан хоёрын хэрүүл найрааны “бөмбөг”-ийг тэслэхэд хүрэв. Уг нь тэслэх нь ч зөв л дөө. Энэ зун Дундговийн наадмын бөхийн цолыг хүчингүй болгосон явдал нэг алхам байсан. Нэгэнт л үндэсний бөхтэй холбоотой асуудал сонсогдсон болохоор “найраа” гэдэг “-цоожтой авдар”-ыг нээх л хэрэгтэй. Нөгөө талаар бөхийн зүлэгт ногоон талбайд танхай балмад зан гаргасан бөхчүүдийн толгойг илээд байдгаа ч болих нь чухал. Өнгөрсөн зуны наадмаар өрсөлдөгч бөхөө тийрч зодсон Б.Пүрэвсайханыг ер нь яагаа ч үгүй юм шиг “сайхан барилдаж” тав давлаа гээд л цол шагнаад байсан. Сонин л байгаа биз.
Энэ мэт танхайрал зөндөө л гардаг шүү дээ. Үүнийг наадмыг зохион байгуулах хороо, бөхийн холбооныхон мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрүүлж байна. Учрыг лавлавал баяр наадмын хуульд заалт байхгүй гэх. Тэр байхгүй заалтыг бий болгож танхайрсан, ёс суртахууны зөрчил гаргасан бөхөд сэргээш хэрэглэсэнтэй адил шийтгэл ногдуулдаг болох нь зүйд нийцнэ. Тиймгүй бол үндэсний бөх улам булингартаж, бузартахын ирмэг дээр байна шүү дээ. Ер нь чанд дэг журамтай, дүрэмтэй байж л юм хөгждөг, өөдөлдөг жам бий. Бас нэгийг хэлэхэд даваа бүрийг цолтой болгосноор найрааг багасгасан гэдэг. Үүн шиг худлаа үг алга. Харин ч таваас дээших даваанд найрааг илчлэх “хулхи” барилдаан олширсон. Найраа багасаагүй, улам нэмэгдсэн. Энэ зөвхөн бичигч миний үг биш. Бөхөө шимтэн үздэг бүхний хэлэх үг юм шүү.
Эцэст нь бас нэг зүйлийг хөндөхөд Монгол үндэсний бөх мэргэжлийн спорт мөн юм уу гэдэг асуудлыг анхаарах нь зүйтэй. Үндэсний бөх мэргэжлийн спорт шиг жин, цаг хугацаа орон зайн хязгаар байдаггүй. Монгол туургатны барилдаанаас өөр олон улсын шинж чанар цухалзсан юм ч үгүй. Ердөө үндэсний наадаан гэх нь одоодоо тохирох нэр юм шиг. Тиймээс наадам бүрээр сэргээшийн шинжилгээ авдаг, илрүүлдэг, багахан хөрөнгө мөнгө үрж сүржигнэдгээ больсон ч яадаг юм. Монголчууд үндэсний бөхдөө сэргээш гэж ярьдаггүй юм байна гэж гадныхан шүүмжлэхгүй дээ. Шоолох ч үгүй биз.
ШҮҮХДЭНЭ Л ГЭНЭ. ҮР ДҮН ГАРАХ БОЛОВ УУ?
За яахав. Энэ Мөнхбаатар намайг ор үндэсгүй гүжирдсэн гээд Нямдорж шүүхдэнэ. Мөнхбаатар ч мөчөөгөө өгөхгүй нээрээ надад 70 сая төгрөг өгье гэсэн гээд гүрийнэ. Шүүх баримт шаардана. Тэр хоёрт амнаас өөр энэ гэх баримт байхгүй. Тэгэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нотлох баримтгүй хэргийг хэрэгсэхгүй байх заалттай болохоор дээр шүүх юугаа “хэлэхэв” Нөгөө л киноны “Ийм хэрэг гарсан нь харамсалтай. Үүнийг магадлая. Амгалан тайван байцгаа” гэдэг шиг л юм болох биз ээ. Үндэсний бөхөд өмнө гарсан хагарал, талцааны сорви арилаагүй л байгаа. Иймээс түүнийг сэдрээх л юм эндээс эхлэлээ л дээ. Нэг хэсэг Нямдоржийг, нөгөө хэсэг нь Мөнхбаатарыг дэмжиж хоёр тал хоорондоо том хэрэм босгочихоод бие бие рүүгээ чулуу шидэлцэх дүр зураг харагдаад байна. Үүнээс гарах гарц маргалдагч хоёрын эвлэрэл, харилцан буулт хийх явдал байж магадгүй юм. Түүнээс биш хэн нь зөв, хэн нь буруу гэх вэ. Болсон явдлыг эргэцүүлэн бодвоос ингэж л хэлэх байна.
Ер нь найраа гэгч “галт уул” дэлбэрэх ёстой л зүйл.