Т.НАМУУН
“Voice of Mongolia”, “Universe best songs” үндэсний хэмжээний шоунд амжилттай оролцсон залуу үеийн төлөөлөл И.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Ойрын үед юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Өөрийн гэсэн хоёр шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа. “Хурд” хамтлагийн Д.Отгонбаяр ахтай төслийн ажил дээр хамтарч ажиллаад намар өөрийн уран бүтээлийн дүрс бичлэгийн ажилдаа орно.
-СУИС-д ямар мэргэжлээр сурдаг вэ?
-СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид сурдаг. Одоохондоо нэг жилийн чөлөө авчихсан байгаа.
–“Universe best songs”, “Voice of Mongolia” дээр дууулсан дууны сонголт их өвөрмөц санагдсан. Ямар төрлийн дууг ихэвчлэн сонгодог вэ?
-Дуугаа өөрөө л сонгодог. Сүүлд “Voice of Mongolia” тэмцээний Battle шатанд Д.Отгонбаяр ах сонгож өгсөн. Ихэвчлэн Country, Jazz төрлийн дуу дуулдаг.
-Тэмцээнд ороход ойр дотны хүмүүсээс чинь хамгийн их дэмждэг хүн хэн бэ?
-Гэр бүлийнхэн маань бүгд дэмждэг. Тэгээд найз нөхөд, хамаатан садангийнхан үргэлж хамт байдаг гэж хэлж болно.
-Багаасаа л дуучин болох мөрөөдөлтэй байсан уу?
-Тийм ээ. Цэцэрлэгт байхаасаа л дуучин болохыг мөрөөддөг байлаа. Нэг хэсэг шилжилтийн нас таараад ч тэр юм уу, өөр мэргэжил бодоод гэр бүлийнхэн ч гэсэн урлагийн амьдрал хатуу байдаг гэж их хэлж байсан. Тэгээд барилгын инженер, архитектур болно гэж нэг хэсэг шийдсэн байлаа. “Universe best songs”-д орсноос хойш гэр бүл ойр дотны хүмүүс маань дуучин болохыг дэмжиж, би ч тууштай шийдсэн дээ.
-Үндэсний хэмжээний том уралдаан тэмцээнд ороход хүндрэлтэй зүйл тулгарч байв уу?
-Миний хувьд тийм ч олон тэмцээнд орж үзээгүй учраас камер харахаар их сандардаг юм. Ичимхий болохоор камер хажууд дагаад явахад бага зэргийн хүндрэлтэй байсан. Сандраад өөрийнхөө хэлэх гэсэн санаагаа ч зөв цэгцтэй илэрхийлж чадахгүй тохиолдлууд байлаа.
-Хичээлийнхээ хажуугаар тэмцээнд бэлдэхэд амаргүй байх. Яаж зохицуулж байв?
-“Universe best songs”-д орж байхад би XII ангид байсан. ЭЕШ өгөх дөхсөн байхад би тэмцээнд ороод байнга Улаанбаатар хот руу ирээд бэлтгэл хийж хичээл их цалгардсан л даа. Шилдэг 25-д багтахад манай сургуулиас хүртэл дэмжээд хичээлээс чөлөөлсөн. Дуучин болно гээд шийдчихсэн болохоор тэмцээндээ итгэлтэйгээр орсон. “Voice of Mongolia”-д орж байхад хичээл орж байсан. Гэхдээ эхний шалгаруулалт нь хавар хичээл амрахтай зэрэгцэж, үлдсэн шатууд нь зуны амралт таарч байсан болохоор нэг их хүндрэлтэй байгаагүй.
-Олон цагаар бэлтгэл хийх, ялалт ялагдал гээд олон бэрхшээл гардаг байх. Тэр үед шантарч байв уу?
-Байгаагүй ээ. Дуртай зүйлээ хийж байгаа болохоор ямар ч асуудлыг туулаад гарах итгэл байсан. Дуулж байхдаа маш гоё мэдрэмжийг авдаг. Тиймээс хэзээ ч дуулахаа орхиж чадахгүй байх.
-Чөлөөт цагаараа дуулахаас өөр юу хийх дуртай вэ?
-Би сагс тоглох дуртай. Утасны тоглоом, компьютер тоглоомыг сонирхдоггүй. Шилжилтийн насан дээрээ л хааяа компьютер тоглодог байсан гэхдээ тийм ч их биш.
-Хамгийн их хүндэлж явдаг хүн чинь хэн бэ?
-Яг урлагийн чиглэлээр хүндэлж, үлгэр дуурайл авдаг хүн гэвэл “Хурд” хамтлагийн дуучин Д.Отгонбаяр ах, мэргэжлийн багш гэвэл Ардын жүжигчин А.Долгор нар байна. Өөр хүндэлж биширч явдаг хүн гэвэл олон байгаа.
–“Voice of Mongolia”-д орохдоо анхнаасаа шүүгч Д.Отгонбаярын багт орно гэж бодож байсан уу?
-Тэнцэнэ гэсэн их итгэлтэй орсон болохоор Д.Отгонбаяр шүүгчийн багт орно гээд бодчихсон байсан. Олон камерын өмнө тайзан дээр гараад, шүүгчид буруу хараад суусан байхыг харахаар өөрийн эрхгүй сандардаг юм билээ. Дуугаа эхлэхдээ бага зэрэг өнгө алдчихсан. Шүүгчдийг эргэж харахгүй байх вий гэж их айж байсан ч шүүгч Д.Отгонбаяр, Ука нар эргэж харсан. Ямар ч гэсэн зорилгодоо хүрч чадсан.
-Өөрийгөө нэг үгээр тодорхойл гэвэл?
-Би өөрийгөө яг тодорхойлж мэдэхгүй юм аа. Хамт байдаг найз нөхөд, гэр бүлийнхэн маань л сайн мэдэх байх даа.
–Бас рекламанд тоглосон байсан?
-“Voiсe of Mongolia”-ын дараа над руу рекламны санал орж ирсэн. Яг ямар гэдгийг нь мэдээгүй ч сонирхолтой санагдаад зөвшөөрсөн. Рекламныхаа агуулгыг хараад бага зэрэг айсан. Гэхдээ миний хувьд рекламанд тоглох зүгээр санагдсан шүү. Жүжиглэх тал дээр тийм ч сайн биш болохоор дүрдээ ороход бага зэргийн бэрхшээл байсан ч хүний давж гарч чадахааргүй зүйл бол биш ээ.
–Зуныхаа амралтаар юу хийхээ төлөвлөсөн үү?
-Амарч байх хугацаандаа шинэ уран бүтээл дээрээ ажиллана. Үүгээр өөрийгөө таних гэсэн гэх үү дээ. Дуурийн дуулаачийн хувьд надад харьцангуй хугацаа байгаа. Тиймээс рок поп төрлөөр уран бүтээл гаргаж үзэхийг хүссэн юм.
Эх сурвалж: www.polit.mn